Ерөнхий сайд болон Засгийн газрын бусад сайд нар өнөөдөр 21 аймгийн Засаг дарга болон ИТХ-ын дарга нартай уулзаж, орон нутгийн тулгамдсан асуудлаар санал солилцов. Энэ үеэр аймгийн Засаг дарга нар орон нутагтаа тулгамдсан асуудал болон өвөлжилтийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Завхан аймгийн Засаг дарга Ч.Өнөрбаяр "Орон нутагт олон асуудал тулгамдаж байна. Тэдгээрийн суурь шинэчлэл өөрчлөлтийг саяны хурлын үеэр ярилаа. Орон нутгийн татаасууд нэмэгдээд байгаа боловч нэг талдаа арай өөр зүйл бий. Өмнө нь сургууль, цэцэрлэгийн завсарын төсөв боловсролын сайдын багцад байсан бол одоо аймаг мэддэг болсон.
Өөрөөр хэлбэл, дулаан, цахилгаан, устай холбоотой зардлууд салбар хариуцсан сайд нараас аймагт шилжсэн. Эрүүл мэндийн салбарын засвар үйлчилгээний төсөв ч мөн аймагт шилжлээ. Нэг талдаа бүх асуудал бэрхшээл аймаг дээрээ шийдэгдээд байгаа мэт боловч нөгөө талдаа татаасууд нэмэгдэж байна гэх асуудлыг суурь шинэчлэлийг цогцоор нь харъя гэж байгаа юм.
Ерөнхий сайдтай өнөөдөр уулзах үеэрээ хэд хэдэн тулгамдсан асуудал яригдсаны дотор томилгооны асуудлыг нэлээд чухалчиллаа. Өөрөөр хэлбэл, орон нутагт бие даасан 26 агентлаг байгаа ч үүний наймыг нь Засаг дарга томилдог. Бусдыг нь шууд Улаанбаатар хотоос харьяа агентлагийн дарга, сайд томилдог буюу босоо удирдлагатай. Энэ асуудлыг анх удаа Засгийн газрын түвшинд хэлэлцээд шийдэл олох нь зөв гэж үзлээ.
Мөн орон нутагт газрын асуудал маш их яригдаж байна. сумын дарга өмнө нь газар олгож байсныг Засгийн газар мэддэг болчихсон. Өөрөөр хэлбэл, сумын жижигхэн газрын ямар зориулалтаар олгох, кадастр нь яаж гарах вэ гэдгийг Засгийн газар шийддэг болчихсон. Ингэснээр орон нутагт хөрөнгө оруулалт хийх боломж бололцоо багасчихаж байгаа юм. Шат, шатны байгууллага дамжиж, Засгийн газраас шийдвэр гарах гэсээр байтал жил болдог. Тиймээс үүнийг хэлэлцээд эргээд сумын Засаг дарга нарт эрх мэдлийг өгөх нь зөв гэж үзлээ.
Арван аймагт дулааны станц барих ажил Завхан аймагт мөн хэрэгжиж байна. Гүйцэтгэл нэлээд гайгүй явсан. Цаашдаа энэ төслийг тууштай явуулахгүй бол аймгуудын хувьд тулгамдсан асуудал хэвээр байна. УИХ, Засгийн газрын түвшинд хэлэлцээд ажлыг явуулж байгаа гэдэг мэдээлэл өглөө. Манай аймагт гүйцэтгэл 60 гаруй хувьтай буюу маш сайн явж байгаа.Үүүнээс гадна Дулааны станцын цэвэр, бохир усны шугам хоолойг байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй холбох шугам сүлжээний ажил гэж тусдаа байгаа. Энэ ажил 2026 оны сүүл гэхэд манай аймагт бүрэн дуусна. Завхан аймгийн бүх багууд бүрэн хамрагдах боломжгүй. Тэгэхээр нэмж өргөтгөл хийх болов уу. Ямар ч байсан одоо баригдаж байгаагаа дуусгана.
Өвөлжилтийн тухайд өнөө жил тун сайхан өвөл болж байна. Манай аймагт ч тун дажгүй сайхан өвөл болж байна. Гэхдээ урьдын адил цастай, урд өмнөх жилүүдээс харьцангуй өндөр хүйтрэлтэй жил тохиож байгаа. Өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлд онцгой анхаарч ажилласан" гэх мэдээлэл өглөө.