Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд шатахуун тээврийн ачааны автомашин онхолдсон байна гэсэн дуудлага /2025.01.15/-ны өдрийн 21:09 цагт ирсэн аж.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход "Beiben North Benz ND-4250” загварын 42 тонн дизель түлш ачсан тээврийн хэрэгсэл автозамын хажуу тал руу онхолдож 16 тонн дизель түлш асгарсан байсныг хамгаалалтад авч, аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
Тухайн тээврийн хэрэгслийн ачиж явсан түлшийг өөр тээврийн хэрэгсэлд шилжүүлэн ачиж, Хан-Уул дүүргийн тохижилт, цэвэрлэгээ хариуцсан “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ-аас асгарсан түлшийг саармагжуулж, хөрс хуулах ажлыг хийж гүйцэтгэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.