Бусдын гарт амиа алдсан 16 настай охины хэрэгт хяналт тавьж байгаа прокуроруудаас талийгаачийн ар гэр татгалзах хүсэлт гаргасан байдаг. Гэвч хүсэлтий хүлээж авахгүй гэж мэдэгдсэн талаар охины ээж Г.Отгонтуяа мэдээлж байв. Тэгвэл тэд энэ асуудлаар дахин прокурорын байгууллагад ханджээ.
Тэрбээр, энэ талаар бичихдээ "Шүүхээс хэрэг прокурорт буцсаны дараа миний бие тухайн хэрэгт хяналт тавьж буй прокурорууд болох Г.Янжиндулам, Г.Баясгалан нараас татгалзах хүсэлтээ дээд шатны прокурорт гаргасан боловч татгалзаж энэ шийдвэр эцсийнх гэсэн утгатай хариу өгсөн. Прокурор нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Монгол Улсын нэрийн өмнөөс шүүх хуралд яллах байрнаас оролцдог ганц хуулийн этгээд байдаг.
Гэтэл улаан цайм шүүх танхимд шүүхээс хэргийг дутуу шалгаж гэж дүгнэсээр байтал улсын яллагч нар нь энэ хэрэг буцсан ч би энэ хоёрыг яллагдагчаар татахгүй гэж хээв нэг хэлж байгаа нь би прокурор, улсын яллагч бишээ хэргийн холбогдогч нарыг улсын нэрийн өмнөөс өмгөөлөгч сэжигтнийг хамгаалагч гэж байгаатай нэгэн адил гэж ойлгож байна.
Иймд арга буюу прокурорын ёс зүй, үндсэн ажлын чиг үүргээсээ сайн дураараа татгалзаад байгаа тухайн хоёр прокурорыг Улсын ерөнхий прокурорт хандаж гомдол гаргасан. Түүний дагуу ёс зүйн зөвлөл нь хурлаараа хэлэлцэх байх. Үүнийхээ хариуг хүлээж байна. Шүүхээс гурван удаа буцаасаар байтал прокурор арга буюу дутуу ажилласан, мэргэжлийн алдаа гаргасан, ашиг сонирхолтой байсан гэх зэрэг нь батлагдаж тэднийг яллагдагчаар татсан.
Яллах үндсэн чиг үүргээсээ татгалзаж би прокурор байх чадамгүй хүн гэдгээ ил цагаан илэрхийлж байгаа прокурорыг их л том дарга хамгаалж дэвшүүлсээр байна гэж миний бие хардаж байна. Прокурорт байгаа энэ мэт гажуудалтай би тэмцээд дийлэхгүй юм шиг байна. Гэхдээ үрийнхээ төлөө би шударга үнэний төлөө тэмцэнэ" гэжээ. Дашрамд дурдахад, өчигдрөөс эхлэн сошиал сүлжээнд талийгаач охины сүүлийн мөчид алуурчдаас амь гуйж буй гэх утгатай аудио бичлэг цацагдаж эхэлсэн бөгөөд энэ нь худлаа мэдээлэл гэдгийг цагдаагийн байгууллагаас онцоллоо.