"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр АНУ-ын Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөртэй 2021 оноос хойш хамтран ажиллаж байна.
Тус хөтөлбөр нь Монгол Улсын төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого болон эрх зүйн зохицуулалтын орчныг боловсронгуй болгоход дэмжлэг, техникийн туслалцаа үзүүлэх зорилготой юм.
Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн төлөөлөл АНУ-ын Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх, ахлах хуульч Гришма Прадхан болон тус хөтөлбөрийн зөвлөх, MMM Infra компанийн захирал Марк Мөүзли нарыг хүлээн авч уулзан, хоёр байгууллагын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлд санал солилцлоо.
Нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хотын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагын хувьд Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК нь АНУ-ын Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөрөөс санаачлан хэрэгжүүлж буй “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн үйл ажиллагааны гарын авлага”-ыг боловсруулах ажилд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахаа илэрхийллээ.