"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК болон БНХАУ-ын "Юүтонг бус" ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд Юүтонг ZK6116HG автобусыг ашиглагч ОНӨААТҮ-ийн газрууд болон, нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ байгуулсан 10 компанийн инженер, техникийн ажилтнууд тус үйлдвэр дээр танхимын болон дадлага сургалтад хамрагдлаа.
Сургалтын хугацаанд Юүтонг автобусны үйлдвэртэй танилцаж, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын үзлэг, аюулгүй байдлын хяналтын стандарт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авах, хөдөлгүүрийн бүтэц болон цахилгаан, агааржуулагч, тоормосны системүүдийг засварлаж сурах зэргээр танхимын онолын хичээлд хамрагдахаас гадна бодит техник дээр дадлага хийсэн юм.
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд нь "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-тай байгуулсан гэрээний хугацаандаа дээрх зарчмаар инженер, техникийн ажилтнуудаа сургалтад хамруулж байгаа бөгөөд сургалтаар олж авсан мэдлэг, туршлагаа ашиглан тээврийн хэрэгслээ бие даан оношлох, засвар, үйлчилгээгээ өөрсдөө хийж сурах, техникийн эвдрэл, гэмтлээс урьдчилан сэргийлэх чадавхитай болж байна.
Ташрамд өгүүлэхэд, "Yutong" компани нь 1963 онд байгуулагдсан бөгөөд жилдээ 30 мянган автобус үйлдвэрлэх хүчин чадалтай, 30 мянган ажилтантай, 600 мянган км2 талбайд үйл ажиллагаа явуулдаг томоохон үйлдвэр юм. Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК болон Yutong компанийн хамтын ажиллагааны хүрээнд нийтийн тээвэрт ашиглагдаж буй автобусны ашиглалт, сургалт, мэдээллийн ажлууд үргэлжилж байна.