Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр Монгол Улсын энэ оны эхний есөн сарын нийгэм, эдийн засгийн байдлын талаарх мэдээллийг өгсөн билээ. Монгол Улс 2018 оны эхний 9 сард 152 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.6 тэрбум, үүнээс экспорт 5.3 тэрбум, импорт 4.4 тэрбум ам.долларт хүрчээ.
Гадаад худалдааны тэнцэл 2017 оны эхний 9 сард 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарч байсан бол 2018 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 526.5 саяар буурч, 931.7 сая ам.долларт хүрчээ.
Экспорт 2018 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 699.9 сая америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 888.6 сая, нэхмэл бүтээгдэхүүний экспорт 69.1 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Импорт өмнөх оны мөн үеэс 1.2 тэрбум америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 238.4 сая, үүнээс дизелийн түлш 90.7 сая, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 301.0 сая, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 233.0 сая, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 174.1 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.