“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 2017 оны 70 дугаар тогтоолд заасны дагуу “Зээлийн хүүг бууруулах стратеги 2018-2023” баримт бичгийг боловсруулж, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр батлуулсан юм. Зээлийн хүү өндөр байхад инфляци, түүнийг дагасан бодлогын хүүгийн өндөр төвшин, банкуудын эх үүсвэрийн төлөөх өрсөлдөөн, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн сулралт, мөнгөний нийлүүлэлтийн тогтвортой бус байдал, хөрөнгийн зах зээлийн сул хөгжил зэрэг хүчин зүйл голлон нөлөөлж байгаа аж.
Иймээс зээлийн хүүг бууруулах стратегид үндсэн 11 бодлогын зорилтыг дараах бүлэгт хуваан, баталсан, Макро эдийн засгийн тогтвортой орчныг бүрдүүлэх, Мөнгөний бодлогын хүүгийн шилжих нөлөөг сайжруулах, Монголбанк нь арилжааны банкуудын эрсдэл удирдах чадвар, үр ашиг, засаглалыг сайжруулах гэх мэт арга хэмжээг авах юм байна. Ингэснээр 2023 оны төгсгөлд банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү одоогийн төвшнээс 5-7 нэгж хувиар буурах буюу манай улстай ижил орлогын төвшинтэй орнуудын төвшинд хүрэхээр тооцож байна. Төсвийн алдагдлыг бууруулах, өрийн тогтвортой байдлыг хангах, төсвийн сахилга батыг сайжруулахаар хэрэгжүүлж буй бодлого нь макро эдийн засгийн орчин сайжрахад нөлөөлж байгаа бөгөөд үүний үр дүнд хадгаламжийн болон зээлийн хүү аажмаар буурч байгаа юм байна. Тухайлбал, энэ оны долдугаар сарын байдлаар банкуудын төгрөгийн зээлийн хүү өмнөх оны мөн үеэс 1.4 нэгж хувиар буурсан бол төгрөгийн хадгаламжийн хүү 0.5 нэгж хувиар буурсан үзүүлэлт гарчээ.