Засгийн газар эдийн засгийн өсөлтийг хангах дараах бодлогыг 2019 онд хэрэгжүүлэхээр зорьжээ. Тухайлбал, татварын шинэчлэлийг хэрэгжүүлж, бизнесийн орчныг сайжруулж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Мөн Төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж, бодит салбаруудын өсөлтийг дэмжинэ.
Төрийн албан хаагчдын цалин болон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг үргэлжлүүлэн нэмэгдүүлж, иргэдийн амьжиргааг сайжруулах замаар өрхийн хэрэглээг өсгөнө. Газрын тос боловсруулах үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламж зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж, нийт эдийн засгийн потенциал хүчин чадлыг дээшлүүлэхээр зорьсон аж.