Иргэд Монголын хөрөнгийн биржийн арилжаанд оролцох, хувьцаа худалдах, худалдан авах зорилгоор үнэт цаасны данс нээлгэх эрх нь нээлттэй бөгөөд уг дансыг хөрөнгийн биржид бүртгэлтэй аливаа компанийн хувьцааны арилжаанд оролцох, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн биржид бүртгэгдсэний дараа арилжаалах үед ашиглана. Үнэт цаасны данс нээлгэсэн эсэхээс үл хамааран, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн тохиолдолд иргэд ногдол ашгаа хүртэх эрхтэй байна.
Иймд үнэт цаасны данс нээлгээгүй иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмших, ногдол ашиг авах, түүнийг бусдад арилжаалах эрхгүй гэх ташаа мэдээлэлд автахгүй байхад анхаарч, үнэт цаасны данс нээлгэх компанийг сонгохдоо тус компанийн үйлчилгээний чанар, хүртээмж, үнэ өртөг зэргийг харгалзан үзэж шийдвэрээ гаргахыг зөвлөж байна. Монголын хөрөнгийн бирж нь “Эрдэнэс Тавантолгой” ХК болон гишүүн үнэт цаасны компаниудтай хамтран иргэдийг үнэн зөв, баталгаатай эх сурвалж бүхий мэдээ, мэдээллээр хангах ажлыг тогтмол зохион байгуулж байна.