ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Баасандорж: burtgel.mn сайт руу ороод цахим үйлчилгээ авах бүрэн боломжтой

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-11-01

Улсын бүртгэлийн багц хуулийг сурталчлахтай холбогдуулж УБЕГ-аас сургалт зохион байгуулсан юм. Энэ үеэр УБЕГ-ын дарга Б.Баасандоржоос зарим зүйлийг тодрууллаа. 

-Улсын бүртгэлийн багц хуулийн талаар мэдээлэл өгөхгүй юу? 
-Иргэд харьяалал харгалзах­гүйгээр улсын бүртгэлийн байгууллагын 330 сум, 152 хороонд очоод өөрийнхөө хүссэн мэдээлэл, лавлагааг ямар нэгэн нэмэлт мэдээлэл өгөхгүйгээр авах боломж бүрдэж байгаа. Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн шинэчилсэн багц хууль хэрэгжиж эхэлснээр төр иргэдээс ямар ч мэдээлэл шаардахгүй үйлчилгээ үзүүлэх бөгөөд түргэн шуурхай, хялбар аргаар бүртгэл, лавлагааны мэдээлэл авах боломжтой болно. Үе үеийн Засгийн газар “Төрийн үйлчилгээг цахимжуулна” гэж амладаг ч хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй байж ирсэн. Тэгвэл Улсын бүртгэлийн багц хууль хэрэгжиж эхэлснээр төрийн үйлчилгээний 60-70 хувийг бүрдүүлдэг улсын бүртгэлийн үйлчилгээг иргэд цахимаар авах боломжтой боллоо. Улсын бүртгэлийн багц хуулийн шинэчлэлт нь бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлэх, үйл ажиллагааг түргэн шуурхай, чирэгдэлгүй болгох, хуулийн хүрээнд улсын бүртгэлийн талаарх мэдээллийг ил тод, нээлттэй хүртээмжтэй байлгах, олон улсын чиг хандлагад нийцүүлэхэд чиглэ­сэн. 

-Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр ямар үр дүн гарах вэ? 
-Иргэний цахим үнэмлэхийн хэрэглээ нэмэгдэнэ. Мөн үйлчилгээний шат дамжлага багасах юм. Иргэн, хуулийн этгээдээс гарах зардал багасна. Үүнээс гадна, Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас иргэн, хуулийн этгээд өөрт холбогдох мэдээлэл, лавлагааг интернет сүлжээ ашиглан хаанаас ч авах боломж бүрдэж байгаа. Түүнчлэн, төсвийн зардал хэмнэнэ. Цаашид төрийн байгууллагын уялдаа холбоо сайжирч, харилцан мэдээлэл солилцох нөхцөл бүрдэх юм. Мөн мэдээллийн аюулгүй байдал сайжрахаас гадна иргэн, хуулийн этгээдээс төр өөрт байгаа мэдээллийг шаардахгүй болно.

-Улсын бүртгэлийн үйл­чилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн гэсэн. Иргэд ямар үйлчилгээг цахимаар авах боломжтой болж байгаа вэ? 
-Иргэд burtgel.mn сайт руу ороод цахим үйлчилгээ авах бүрэн боломжтой. Энэхүү сайт руу ороход нээлттэй мэдээлэл гэсэн хэсэг байгаа. Бүртгэлийн ерөнхий хуулийн 12.2-т зааснаар нэрийн сан, улсын бүртгэлд бүртгэгдсэн хаягийн жагсаалт, хуулийн этгээдийн мэдээлэл, эд хөрөнгийн эрхийн мэдээлэл гэсэн дөрвөн төрлийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгосон. Манай байгууллагад 30 төрлийн лавлагаа, 80 гаруй төрлийн үйлчилгээ байдаг. Өнөөдрөөс эхний 10 төрлийн лавлагааг бүрэн өгөх боломжтой болж байна. Бусад нь цаашид шат дараатай ороод явна. Үүнээс гадна, нэвтрэх гэсэн хэсэг байгаа. Тийшээ орсноор тоон гарын үсгээр, нэг удаагийн нууц код буюу гар утсаараа нэвтрэх боломжтой. Ингэснээр дээр дурдсан 10 төрлийн лавлагааг авах боломжтой. Цахимаар мөнгөө төлөх бөгөөд хаанаас ч хэвлэх боломжтой. Иргэн өөрөө зөвшөөрсөн тохиолдолд бүх мэдээлэл нээлттэй.

-Улсын бүртгэлийн багц хууль шинэчлэгдэж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх­гүй юу? 
-Улсын бүртгэлийн ерөнхий хууль, иргэний, хуулийн этгээдийн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиуд шинэчлэгдсэн. Тухайлбал, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд бүртгэлийн байгууллага өөрт байгаа мэдээллийг иргэнээс авахгүй. Урд нь иргэдээс зургаан төрлийн гэрчилгээ авдаг байсан бол хууль шинэчлэгдсэнээр төрсний, гэрлэсний, нас барсны гэрчилгээг авах юм. Мөн төрсний, нас барсны бүртгэлийг эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэн бүртгэхээр болсон. Үүнээс гадна, иргэний үнэмлэх­ийн санах ойд иргэний байнга оршин суугаа газрын хаягийг бичих юм. Харин Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль шинэчлэгдсэнээр газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх­ийн улсын бүртгэлийн мэдээлэл нээлттэй болсон гэх мэт олон өөрчлөлтүүд орлоо.