ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Х.Булгантуяа: Харамсалтай нь Монгол Улсад баялгийн хуваарилалт тэгш бус байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-05-22

Сангийн дэд сайд Х.Булгантуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-2018 оны эдийн засгийн чуул­ган “Хүчээ нэгтгэе” уриан дор зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн чуулганаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Эдийн засаг болон төсвийн орлого сайжирч, хөрөнгө оруулагчид нэмэг­дэж байна. Мөн өмнөх оныг бодвол төсвийн зарлагыг нэмэхгүй, сахилга батыг сайн барьж байгаа. Хэцүү бай­сан ч ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэг­жүүлж, олон улсад Монгол Ул­сын нэр хүнд сайжирч байгаа эерэг мэдээлэл байна. Гадаадад Мон­гол Улсыг сонирхох сонирхол нэ­мэгдсэн байна. Үүнийг дагаад гадны хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа юм. Энэ цаг үед ямар хө­төлбөрийг хэрэгжүүлэх юм бэ. Ямар бодлого явуулах юм бэ гэдгийг гад­нынхан их сонирхож байна. Энэ­хүү чуулганы гол зорилго нь да­раагийн дөрвөн жилд барих гол, гол бодлогуудаа олон нийтэд та­нил­цуулж, хөрөнгө оруулагч нарт мэ­дээлэл өгөх юм. Мөн аж ахуйн нэгж, бай­гууллагуудыг бэлтгэх зорилгын дор зохион байгуулагддаг.

-Гадны хөрөнгө оруулалт нэ­мэгдэх хандлага байна гэлээ. Аль сал­барт илүү хөрөнгө оруулах сонирхолтой байна вэ?

-Гадныхан дэд бүтцийг их со­нирх­­дог. Манайх өргөн уудам ну­­тагтай ч дэд бүтцийн хөг­жил сул байдаг. Тэр дундаа уул уур­хайн салбарт өрсөлдөх чадва­раа сайж­­руулахын тулд дэд бүтэц рүү хөрөнгө оруулалт хийх зайлш­гүй шаардлагатай. Мөн но­гоон хөгжлийн салбарыг маш их сонирхож байна. Энэ салбарын хувьд манай улсын хүлээж байгаа үүрэг гэж бий. Ногоон хөгжилд хөрөнгө оруулах байгууллага их байна. Түүнчлэн хүнс хөдөө аж ахуйн салбарыг их сонирхож байна. Гол хэрэглэгч нь БНХАУ байна. Тиймээс боловсруулалт сайн хийх юм бол хэрэглэгч нь байгаа гэсэн үг. Тэгэхээр төрийн бодлого тогтвортой байхад гадны хөрөнгө оруулалт улам нэмэгдэнэ. Манай улсад түүхий эд нь, боловсон хүчин нь байна.

-Хөрөнгө оруулалтыг нэмэг­дүүл­лээ, нэмэгдүүлнэ гэж их ярьдаг. Гэтэл төрийн тогтвор­гүй бодлого, залгамж халаа бай­­даг­гүйгээс гаднын хөрөнгө оруу­­лагчдыг үргээдэг. Тэд­нийг хам­­гаалах хууль эрх зүйн ор­чин бай­даггүй. Ийм нөхцөлд хө­рөн­гө оруулалтыг нэмэгдүүлэх шаард­лага байна уу?

-Энэ бол хамгийн том асуудал. Тэр дундаа Элчин сайд нартай ч уулзаж байхад бизнес эрхлээд явж байгаа гадны иргэдийг шууд ял­ладаг. Энэ нь дараа, дараагийн хө­рөнгө оруу­лалт орж ирэхэд муугаар нө­лөөл­дөг гэдэг зүйлийг хөндөж бай­сан. Тиймээс эхлээд шүүх, цагдаад очихоос нь өмнө асуудлыг авч хэ­лэлцдэг байгууллага байх ёс­той. Тиймээс Ерөнхий сайдын дэр­гэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хам­гаалах зөвлөлийг бай­гуулсан. Үн­дэс­ний хөгжлийн га­зар, төр хувийн хэвшлийн түнш­лэл зөв­шилц­лийн хороог бай­гуулаад бай­на. Хөрөнгө оруу­лагч­дыг нэмэгдүү­лэ­хийн тулд ямар бодлого явуулах вэ гэдгийг зөвлөлөөр ярина. Шаард­ла­гатай гэвэл хууль эрх зүйн орчинд нэ­­м­элт өөрчлөлт оруулах юм. Ху­­вийн хэвшилд хурцдаад бай­гаа асуу­далд өөрийнхөө байр суу­рийг илэр­хийлдэг, тавьдаг бо­ломжийг ол­гоно. Энэ мэт гад­ны хөрөнгө оруу­лагч­дыг дэмжсэн бодлого, үйл ажил­лагааг төрөөс хэрэгжүүлж эхэлсэн.

-Эдийн засгийн чуулганаас хүн бүр үр дүн хүлээдэг. Ха­рамсалтай нь цаа­сан дээр тун­хаглал болон үлд­дэг?

-Хамгийн чухал нь төр болон ху­вийн хэвшил мэдээлэл сон­соод, танилцуулдаг. Түүнээс гад­­на төр үүрэг авч байх ёстой. Нэн тэргүүнд төрийн бодлого тогт­­вор­той байх. Аливаа асууд­лыг улс­төр­жүүлмээргүй бай­на. Төсвийн са­хилга батыг сайж­руулмаар байна. Мөн сан­хүүгийн салбарыг илүүтэй чад­вар­­жуулмаар байна. Хувийн хэв­­ш­ил өнөөдөр зээл аваад үйл ажил­лагаа явуулъя гэхээр хүү өн­дөр байна. Хөрөнгийн бир­жид га­рах боломж нь байдаг ч алхам нь то­дорхойгүй гэх мэт хэдхэн асууд­лыг жил бүр тойрч ярьдаг. Энэ асуудлыг 10 жилийн ч дараа яриад сууж бай­гаа нь ха­рамсалтай. Хувийн хэвш­лийнхэн мөн­гөө төлөөд орж ирж байгаа. Биднээс бас давхар төр үүрэг даалгавар авч байгаа. Тиймээс үүнийг ажил хэрэг болгох ит­гэл үнэмшил байх ёстой. Тэгэ­хээр дараа, дараагийн эдийн зас­гийн чуулганаар гарсан үр дүн­гээ тайлагнаж байх ёстой юм байна. Ийм санал хүсэлт ч заалнаас гарч байна. Миний хувьд дэмжиж байгаа. Ингэж байж үр дүнгээ харах, дүгнэх бо­ломжтой.

-Танаас манай улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа юм бэ гэдгийг асуумаар бай­­на. Монгол Улсын хувьд 2018 оны дунд үеэс 2019 онд эдийн за­саг ямар байх вэ. Ингэж асууж байгаагийн шалтгаан нь эдийн засгийн нөхцөл байдлыг улстөр­жүү­лээд, хөөсрүүлээд яг бодит мэ­дээлэл иргэдэд очиж ча­дах­гүй байгаа учраас асууж бай­гаа юм?

-Эдийн засгийг хүртээмжтэй байна уу гэдгийг харах хэдхэн тоо байдаг. Нэн тэргүүнд эдийн засгийн өсөлт. Монгол Ул­сын хувьд сайн гарч байгаа. 2017 оны 5.1 хувийн өсөлттэй гар­сан бол 2018 оны эхний улир­лын байдлаар 6.1 хувьтай бай­на. 2016 онд 1.2 хувьтай харь­цуулах юм бол маш сайн үзүү­лэлт. Мөн ОУВС-гийн хө­төл­бөрийг хэрэгжүүлнэ гэдэг нь богино хугацаанд эдийн за­саг тааруухан гарах үзүүлэлт бай­даг. Яагаад гэвэл төсвийн бод­логыг чангалдаг. Тиймээс ху­далдан авалт, эргэлт удаашрах магадлалтай. Тэгэхээр манай улсын хувьд маш сайн гарч бай­на гэдэг сайшаалтай. Эдийн зас­гийн өсөлт нь ард түмний амьд­ралд хүрч байна уу, үгүй юу гэд­гийг ажилгүйдэл, ядуурлын төв­шин­гөөр харуулдаг. Ядуур­лын төвшинг хоёр жилд нэг удаа тодорхойлдог. 2014-2016 оны хооронд судалгаа явуулахад гур­ван хүний нэг нь ядуу амь­дарч байна гэсэн дүн гар­сан. Ер нь ард иргэдийн 60, 70 хувь нь дунджаас доогуур ор­ло­готой байна гэсэн тоо судал­гаа бий. Ажилгүйдлийн төвшин буурсан байна. Эдийн засгийн өсөлт байгаа нь ажлын байрыг нэмэгдүүлж байна гэсэн үг. Энэ онд ажилгүйдлийг 8.8 хувьтай байхаар төсөөлж байгаа. Ядуур­лын төвшингийн тооцоо су­далгаа энэ оны сүүлээр гарч ирнэ. Энэ үеэр үр дүн нь бодитой харагдах байх. Ер нь эдийн засаг өсөөгүй байхад ядуурал, ажилгүйдэл буурна гэж байхгүй. Эдийн засгийн өсөлт сайжрахад тодорхой хэмжээгээр ажлын байр бий болж, ядуурал буур­на. Энэ нь хэр хурдтай байхыг баял­гийн хуваарилалт харуулдаг. Хэр­вээ энэ нь удаан байвал Монгол Ул­сад баялгийн хуваарилалт тэгш бус байна гэдгийг харуулдаг. Харамсалтай нь Монгол Улсад баялгийн тэгш бус хуваарилалт байгаа. Үр дүн нь хамгийн доод хэсэгт эдийн засгийн өсөлт очиж нөлөөлөх нь бага байдаг. Эдийн засгийн 17.6 өсөлттэй байхад ядуурлын тоо буураагүй, ажилгүйдэл байсаар байна. Өнөөдөр ч гэсэн эдийн засаг тодорхой хэмжээгээр нэмэгдэхэд ядуурал, ажилгүйдэл байсаар байгаа юм.