ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сайн уу, амьдрал минь

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-05-25

“Чи тэгээд сургуулиа олох  уу” гэж ээжийг асуухад нь “Өдий том болчихоод ололгүй яадаг юм” гээд Орбитын автобусны эцсийн буудал дээр ээжийгээ үлдээж билээ. Автобус бараг 40 минут явлаа. Ээжтэй явахад арай  ийм удаан яваагүй шиг санагдан сэтгэлд түгшүүрийн харанга дэлдэж, зүрх чичрэн, гарын алга хөлөрч эхлэх үед ашгүй “Тэнгис” кино театрын автобусны буудал харагдав. Гэхдээ ээжтэйгээ өмнө нь ирж байснаас арай өөр замаар тойрч ирэв. Хэсэг хугацаанд тээнэгэлзэн зогсож байтал үеийн болов уу гэмээр цүнх үүрсэн хоёр охин өмнө нь очиж байсан сургуулийн зүгт явахыг хараад дагаад алхлаа. Цэцэг, инээд, мишээл дүүрэн цангинасан баяр, хөөртэй сургуулийн орчин. “Манай сургууль өмнө нь харахад арай л жижигхэн байх шиг байсан. Хүүхдийн инээд, баясал цангинахаар сүр жавхлан ороод илүү амьтай харагдаж байна шүү” гэж бодсоор сургуулийнхаа нээлтийг үзэхээр модны сүүдэрт захлан зогслоо. Гэнэт “Би чинь ямар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд ороод огшоод зогсож байна аа” гэсэн бодол төрж орчин тойрноо ажиглатал урд явж байсан хоёр охиныг дагаж явсаар арван жилийн сургууль дээр ирчихсэнээ гэнэт анзаарсан юм. Би төөрчихжээ.

Улаанбаатар хотод төөрөхгүй гэж бодсон минь талаар болж, нүдний нулимс бөмбөрөөд ирэв. Модны сүүдэрт буцаж очоод чимээгүйхэн мэгшиж эхэлтэл “Хүүе миний дүү зүгээр үү. Яасан” гэх дуу гарсан юм. Нэгдүгээр ангид орж байгаа бололтой жаал хүү хөтөлсөн эгчид  “Төөрчлөө” гэж хэлээд нулимсаа шудран Соёл урлагийн их сургууль хаана байгааг асуутал, нөгөө эгч учиргүй инээлээ. Уур ч хүрэх шиг. Хэсэг хугацааны дараа инээдээ барьж ядан “Хажууд нь ирчихсэн байна төөрөөд байхдаа яахав дээ. Тэр харагдаж байна” гээд гараараа заасан зүгт харвал 50 алхмын зайд сургууль минь харагдах нь тэр. Модны сүүдэрт уйлаад зогсож байснаасаа ичиж нүүр хийх газаргүй болох шиг санагдаж билээ. Сургууль хүртэл алхаж явахдаа “Сурагч байхдаа  сургуулийн нээлтэд арван жил оролцсон болохоор их сургуулийн нээлтийг адилхан  юм” гэж бодсон тэнэг байжээ. Сүр жавхлант дуу хөгжим, тууз, чимэглэлгүй энгийн байх сургуулиа хараад бага зэрэг гайхан учраа олохгүй зогсож билээ. Их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт “Оюутан театр”-т даруухан болж зурагтаар л харж байсан ардын жүжигчин Н.Сувд багш мэндчилгээ дэвшүүлэх олны танил жүжигчдийг хараад ямар сайхан сургууль вэ гэж сүрдэж байсан цаг саяхан юм.  Гэртээ хариад ээж эмээ хоёрт уйлж байгаад тавдугаар сургуулийн нээлт үзчихээд өөрийнхөө сургуульд очсон тухайгаа ярихад манай хоёр инээн нудралцаж “Өмнө нь хоёр  очсон байж анзаархад яадаг юм” гэв. Энэ л үгийг би одоо хүртэл мартдаггүй.

Хүн ээжийнхээ дэргэд байхад нялхардаг ажээ. Эх хүний энхрий зөөлөн дуу, эх дэлхийг ч уярам сайхан сэтгэлд нь тайвширч, орчноо байтугай, угтан ирж буй амьдралын халуун хүйтэнг ч мэдэрдэггүй юм байна. Орчлонг эхийн зөөлөн сэтгэл шиг төсөөлж явснаа одоо л би мэдэрлээ. Хүн ээжийнхээ хайранд, нөмөрт нь байхдаа л эгэл орчлонд амьдрахуйн ухаанаа, хөлөө олох ёстой гэдгийг ухаарсан. Ээжийнхээ дулаахан, зөөлөн гараас хөтлөн явахдаа юмыг төдийлөн анзаардаггүй байсан би түүнээс хойш очсон газраа нүдлэн тогтоодог болжээ. Догдлон очсон хичээлийн шинэ жил оюутны анхны өдөртөө хоёр сургуулийн нээлтэд орсон хөдөөний бор охины амьдрал харгуй ийм л  паянтай эхэлсэн.