Сүүлийн жилүүдэд цусны эмгэг, цусны хавдар өвчний тоо нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ өссөөр байгаа юм. Энэ өвчний талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн их эмч, АУ-ны доктор Б.Хишигжаргалаас тодрууллаа.
-Сүүлийн жилүүдэд цусны өвчлөл нэмэгдэж байна гэдэг. Шалтгаан нь юу байна вэ?
-Өвчлөл сүүлийн жилүүдэд огцом ихсэж байна. Энэ нь манай төвөөс хийсэн судалгаа болон бусад судалгаагаар ч батлагддаг. Сүүлийн жилүүдэд цусны хавдар оношлогдохгүй өдөр манай төвд байхаа больсон гэхэд болно. Үүнийг хоёр шалтгаантай гэж үздэг. Нэгдүгээрт, бидний оношилгоо сайжирсантай холбоотойгоор өмнө нь оношилж чаддаггүй байсан эмгэгүүдийг илрүүлэх болсон. Хоёрдугаарт, хүнсний аюулгүй байдал, агаарын бохирдол зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байна. Манай орны хувьд агаарын бохирдол цусны олон төрлийн эмгэгийн шалтгаан болж байна гэж үзэж байгаа. Агаарын бохирдлоор дамжин элдэв бактериуд цусанд ордог. Энэ нь цусны янз бүрийн эмгэгүүдийг үүсгээд байгаа юм. Гэхдэээ хөдөө орон нутагт, бүр мал дээр байгаа хүмүүс ч цусны хавдраар өвчилдөг. Олон улсын жишээнээс харахад хаана химийн үйлдвэр, химийн бодис илүү хэрэглэж байна, цусны өвчний тохиолдол их байдаг.
-Ямар, ямар эмчилгээг хийж байна вэ?
-Цусны хавдартай, цус гоожимтгой, цус багадалттай хүмүүст хийж буй гол эмчилгээний нэг нь цус цусан бүтээгдэхүүн. Байнгын сэлбэлт хийдэг. Амбулаториор ч цус цусан бүтээгдэхүүн сэлбэдэг.
-Иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүйгээс ихэнх өвчин сүүлийн шатандаа оношлогдож байна гэдэг. Танай төвд хандаж буй өвчтөнүүд ямар үе шатандаа оношлогдож байна вэ?
-Урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагддаггүй гэхэд болно. Анхны шинж тэмдэг илрэхэд төдийлөн тоохгүй, эмчийн зааваргүй эм хэрэглэдэг нь хүндрүүлэх нөхцөл болдог. Манайд оношлуулж буй өвчтөнүүдийн дийлэнх нь хожуу буюу төгсгөлийн шатандаа эмнэлгийн байгууллагад ханддаг. Тухайн үед цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ өндөр, үр дүн бага байдаг. Тиймээс иргэд ямар нэг зовиур, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид хандаж, байх хэрэгтэй.
-Цусны эмгэгийн үед ямар шинж тэмдэг илэрдэг юм бол?
-Хамгийн эхний шинж тэмдэг нь ямар ч шалтгаангүйгээр ядарч сульдах, анхаарал сулардаг. Мөн цус багадах цусны эмгэг байж болох өндөр магадлалтай байдаг. Цус багадсан үед арьс салст гэмтэх, чих шуугиж, зүрх дэлсэх, хамраас цус гоожимтгой болох, биеэр хөх толбо, цусархаг тууралт гарах, тунгалгийн булчирхай томрох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Ийм шинж тэмдэг илэрч байвал яаралтай цусны нарийн мэргэжлийн эмчид хандах ёстой.
-Насны хувьд хэдээс хэдэн настай иргэд цусны өвчнөөр ихэвчлэн өвдөж байна вэ?
-Хөдөлмөрийн насны хүмүүсийн дунд өвчлөл нэмэгдэж байна. Ялангуяа цусны цочмог явцтай хавдар, цус төлжилгүйдлийн цус багадалт зэрэг эмгэг 20-40 насны хүмүүст илүү тохиолдож байна. Гэхдээ ахимаг насныхан ч цусны эмгэгээр өвдөх нь элбэгшиж байгаа.