АТГ-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн юм. Энэ үеэрээ албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг иргэд хянах боломжтой талаар ярьсан юм. Он гараад улсын хэмжээнд нийтийн албан тушаалтнуудын мэдүүлгийг бүртгэх ажил эхэлнэ. Энэ ажил хуульд зааснаар хоёрдугаар сарын 15-ныг дуустал үргэлжилнэ. АТГ улсын хэмжээнд хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан зарим анхаарах асуудлын талаар төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагад албан бичгээр чиглэл хүргүүлжээ.
Түүнээс гадна яам, агентлаг, нийслэл, дүүрэг, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллага, тэдгээрийн салбар нэгжийн 300 орчим мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулсан нэгдсэн сургалтыг зохион байгуулсан байна. Мэдүүлгээ хэрхэн бүртгүүлэх талаарх сургалт, арга зүй, зөвлөгөө, мэдээлэл, чиглэлийг АТГ-аас хангалттай хэмжээгээр өгч байгаа, цаашид ч үргэлжлүүлэн өгөх аж. Одоо нийтийн албан тушаалтнуудын хувьд хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлэх л үлдээд байгаа талаар мэдээллийн үеэр хэлж байсан юм.
2018 онд АТГ орон нутагт ажиллахад нийт 264 зөрчил илэрсэн байна. Зөрчлийн дагуу нийт 130 албан тушаалтанд сануулах, цалингийн хэмжээг бууруулах, албан тушаалаас нь чөлөөлөх зэрэг сахилгын шийтгэл ногдуулсан. Зарим зөрчилд газар дээр нь холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүжээ. Ихэвчлэн өөрийн болон хамаарал бүхий этгээдтэйгээ холбоотой тушаал, шийдвэр гаргасан, ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд гаргаж бүртгүүлээгүй, хугацаа хожимдуулж мэдүүлсэн, ХАСУМ хянуулаагүй томилогдсон зэрэг зөрчил гарч байгаа гэв.
Аймгуудаар авч үзвэл:
Аймаг |
Албан тушаалтны тоо |
Аймаг |
Албан тушаалтны тоо |
Төв аймаг |
3 |
Сүхбаатар аймаг |
29 |
Дархан-Уул аймаг |
2 |
Өвөрхангай аймаг |
1 |
Баянхонгор аймаг |
12 |
Өмнөговь аймаг |
13 |
Завхан аймаг |
11 |
Орхон аймаг |
2 |
Булган аймаг |
8 |
Архангай аймаг |
1 |
Хэнтий аймаг |
8 |
Баян-Өлгий аймаг |
5 |
Дорнод аймаг |
21 |
Увс аймаг |
1 |
Сэлэнгэ аймаг |
9 |
Дундговь аймаг |
4 |
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 664 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд уг хугацаанд ЦЕГ, ЭХЯ, ЗХЖШ, ОБЕГ-аас ирүүлсэн урьдчилсан мэдүүлэг бусад байгууллагатай харьцуулахад өндөр дүнтэй байна.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн хүсэлтийн дагуу хяналт шалгалтыг явуулж үндсэн ажлаас гадуур олсон орлогоо хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Лхагвасүрэнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан аж.
Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 50 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэсэн, одоо ажиллагаанд 63 гомдол, мэдээлэл хянан шалгагдаж байна. Өргөдөл, гомдол, мэдээллийг агуулгын хэлбэрээр нь авч үзвэл, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлсэн, ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоо, шийдвэр, хууль бус үйлдэл гаргасан, албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг зөрчсөнтэй холбоотой гомдол, мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байна хэмээн мэдээллээ.