ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АТГ: Т.Бадамжунай хил давж зугтаагүй, Д.Дорлигжавын хэргийг шалгаж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-25

АТГ-ын сар бүрийн 25-ны өдөр хийдэг хэвлэлийн хурлаар өчигдөр тус байгууллагаас энэ сард хийсэн зарим ажлын талаар товч мэдээлэл өгөв. Мөн ирэх онд АТГ авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, албан тушаалтнуудын ХОМ-ийг хянан шалгах чиглэлээр ямар түвшинд ажиллах вэ гэдэг талаар, дэвшүүлсэн зорилтуудын талаар мэдээл­лээ. 
Хэвлэлийн хуралд АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар, Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцов. 

Шүүх авлига хамгийн их тархсан байгууллагуудын нэгдүгээрт эрэмбэлэгдлээ   

Үндсэн мэдээллийг Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү өгөв.  Тэрбээр “Монгол Улсад авлига их тархсан институцээр 2016 онд шүүхийн байгууллага гуравдугаарт эрэмбэлэгдэж байсан. Харин 2018 онд нэгдүгээрт эрэмбэлэгдэж, хоёр байраар урагшилж,  авлига их тархсан институц гэж 49.2 хувьтай нэрлэгдсэн байна.   Газрын алба 2016 онд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд хоёр руу орж, нэг байраар ухран авлига их тархсан институц гэж 47.0 хувьтай нэрлэгдсэн. Түүнээс гадна,  Эрүүл мэндийн байгууллага 2016 онд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд гурав руу орж, нэг байраар ухарлаа.   Яам, агентлаг 2016 онд тавдугаарт эрэмбэлэгдэж байсан.  Харин  2018 онд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж,  нэг байраар урагшилж авлига их тархсан институц гэж 43.9 хувьтай нэрлэгдсэн байна. Дээрхээс харахад, шүүх, газрын алба, эрүүл мэндийн байгууллага, төрийн захиргааны байгууллага яам, агентлагууд 2016 онд ч эхний тавд эрэмбэлэгдэж байсан. Гэтэл  2018 онд ч мөн ялгаагүй эхний тавд эрэмбэлэгдсэн байна” хэмээн ярьсан юм.

АТГ арванхоёрдугаар сард 385 эрүүгийн хэрэг шалгажээ

Мөн тэрбээр цааш нь “Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны арванхоёрдугаар сард гэмт хэргийн шинжтэй 59 гомдол, мэдээлэл хянан үзсэн.  Хүлээн авсан 59 гомдол, мэдээллээс 29 гомдол, мэдээлэл буюу 49.2 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан. Харин  17 гомдол, мэдээлэл буюу 28.8 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргасан байгаа. Тэгвэл  хоёр гомдол, мэдээлэл буюу 3.4 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ.  Одоо 11 гомдол, мэдээллийг шалгаж байна. Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн шийдвэрлэлт 81.4 хувьтай байгаа. Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2018 оны арванхоёрдугаар сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 385 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 17 буюу шалгасан хэргийн 4.4  хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн.  24 буюу шалгасан хэргийн 6.2 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт шилжүүллээ.  27 буюу шалгасан хэргийн 7.0 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 315 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна. Эдгээрийн 266 нь хэрэг бүртгэлтийн хэрэг, 49 нь мөрдөн байцаалтын хэрэг байна. Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 18.2 хувийг шийдвэрлэсэн” хэмээн мэдээлэл өглөө.  

Албан тушаалтны ХОМ-ийг иргэд хянана

Тэгвэл хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой асуудлаар “Он гараад улсын хэмжээнд нийтийн албан тушаалтнуудын мэдүүлгийг бүртгэх ажил эхэлнэ. Энэ ажил хуульд зааснаар хоёрдугаар сарын 15-ныг дуустал үргэлжилнэ. АТГ улсын хэмжээнд хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан зарим анхаарах асуудлын талаар төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагад албан бичгээр чиглэл хүргүүллээ. Түүнээс гадна яам, агентлаг, нийслэл, дүүрэг, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллага, тэдгээрийн салбар нэгжийн 300 орчим мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулсан нэгдсэн сургалтыг зохион байгуулсан. Мэдүүлгээ хэрхэн бүртгүүлэх талаарх сургалт, арга зүй, зөвлөгөө, мэдээлэл, чиглэлийг АТГ-аас хангалттай хэмжээгээр өгч байгаа, цаашид ч үргэлжлүүлэн өгөх болно. Одоо нийтийн албан тушаалтнуудын хувьд хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлэх л үлдээд байна.  2019 онд нийт мэдүүлэг гаргагчдын ХОМ-ийг олон нийтэд нээлттэй байршуулна. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг цахимаар бүртгэж, хянах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. АТГ нэг жилд дунджаар 500 гаруй албан тушаалтны ХОМ-ийг нарийвчлан шалгадаг. Өөрийн болон гэр бүлийн гишүүнийхээ ХОМ-ийг үнэн зөв мэдүүлсэн эсэхэд хяналт шалгалтын ажиллагаа явуулж, зөрчил гаргасан албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага тооцуулж ажиллаж байгаа. Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах үйл ажиллагааг 2019 оноос эхлэн иргэдийн хяналтын оролцоотойгоор хянан шалгана. Үүнийг ирэх оны гол зорилтуудын нэг болгон тавьж байна. Ингэснээр албан тушаалтнуудын ХАСХОМ-ийг хянах ажил илүү өргөн хүрээнд, улам далайцтай, нэгдмэл цогц хэлбэрээр хийгдэх болно. Мөн хууль бусаар олсон орлого, үндэслэлгүйгээр хөрөнгөжих асуудалд тавих хяналтыг сайжруулж, цахим системийн бүртгэл, хяналт, мэдээлэл лавлагааг зарим төрийн байгууллагаас онлайнаар авч, хяналт шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллахаар төлөвлөж байна” хэмээсэн юм.  

Мэдээллийн дараа АТГ-ын хэлтсийн дарга нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн хэргийн шалгалтын явц аль шатандаа явж байна вэ?

-ЖДҮХС-аас төрийн өндөр албан тушаалтнууд болон нөлөө бүхий хүмүүс  зээл авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогтоод,  мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. 100 гаруй тэр бум төгрөгийн хэргийг нэг бүрчлэн шалгаж байгаа учраас цаг хугацаа их шаардаж байгаа.  Манайх бүх албан хаагчдаа дайчилж ажиллаж байна.  Мөн цагдаа нартай хамтран шалгаж байгаа. Хэргийг шийдвэрлэх мөчид илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

-Хөгжлийн банкны хэргийг хэзээ шалгаж дуусах вэ. Сангийн сайд асан Н.Батбаярыг уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа шүү дээ?  

-20 орчим дугаар бүхий хэргийг шалгаад прокурорт шилжүүлсэн. Прокуророос шүүхэд шилжсэн.

-Салхитын мөнгөний ордын тусгай зөв­шөөрөлтэй холбоотой авлигын хэргийг шал­гах үйл явц юу болж байна вэ?  

-Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг авахын тулд нэр бүхий албан тушаалтнуудад 1.3 сая долларын авлига өгсөн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. 1.3 сая долларыг буцааж өгсөн гэдэг нь худал мэдээлэл. Мөрдөн шалгах ажиллагаа эцэслэн шийдэгдээгүй байхад мөнгийг буцааж өгөхгүй шүү дээ. Шалгагдаж буй хүмүүсийг саатуулсан ч шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

-“Стандарт банк”-тай холбоотой хэрэг аль шатандаа явна?

-“Стандарт” банктай холбоотой хэргийг шалгаж дууссан. Өнөө, маргаашгүй прокурор руу шилжүүлнэ. Хэрэгт холбогдуулан УИХ, Засгийн газрын гишүүдийг шалгаж байна. Хэдэн гишүүн шалгаж байгаа талаар мэдээлэл өгөх боломжгүй.  Нэр бүхий гэрчүүдийг цуглуулж байна. 

-“60 тэрбум-ын хэргийг шалгаж байгаа юу?

-Тагнуулын байгууллага шалгаж байгаа. Аливаа байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа руу хөндлөнгөөс оролцож болохгүй. Уг яриа болсонг тогтоосон. Гэхдээ энэ яриа хэрэгжсэн үү гэдэг нь асуудал дагуулаад байгаа юм. Гэрчүүдийг дуудаж байцаахад уг яриа хэрэгжээгүй гэдэг. 

-УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай 60 тэрбумын хэрэгт оролцсон уу?

-Энэ хүн хилээр гарч зугтаагүй. Уг хэрэгт холбогдуулан шалгаагүй.

-УИХ-ын гишүүн Х.Оюун-Эрдэнээс мэдүүлэг авсан гэдэг хэр бодитой мэдээлэл вэ?

-Мэдүүлэг аваагүй.  Өөрийнх нь нэгдмэл сонирхолтой этгээдийг ЖДҮХС-аас зээл авсан асуудлыг шалгаж байгаа. Шалгаж байгаа нь үнэн учраас би үгүй гэж хэлж болохгүй шүү дээ. Нэгдмэл сонирхолтой этгээдийг нь шалгаж байгаа. Нэгдмэл сонирхолтой гэхээр ах дүү, аав ээж, эхнэр хүүхэд гэж манай улс төрчид ойлгоод байна. Тэр бол буруу ойлголт. 

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайдын дүүг ЖДҮХС-аас зээл авсан баримтыг дэлгэсэн. Энэ хэргийг шалгаж байгаа юу?

-Энэ мэдээлэл нийтэд цацагдсан. Ерөнхий сайд энэ талаар ярихдаа “Дүүгээ уг асуудалд нэр холбогдсон бол шалгуулаарай гэж хэлсэн” гэсэн. Уг хэргийг шалгаж байгаа.

-Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг дөрвөн сая ам.долларын хэрэгт холбогдуулан АТГ байцаалт авч эхэлсэн байсан. Энэ хэрэг ямар шатанд явна вэ?

-Д.Дорлигжавын хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явж байна. Мэдээлэл түгээсэн хүн нь гадаадад гараад явсан байгаа учраас тайлбар авч чадаагүй байна.