Он солигдох мөч ойртоод ирэхээр ижийтэйгээ угтсан анхны шинэ жилээ өөрийн эрхгүй эргэж санадаг. Энэ миний хамгийн сайхан, хамгийн тансаг, орчлонд дахин үзээгүй, үзэх ч үгүй торгон агшин байлаа. Би бага байсан. Өглөө болгон Хүүхэлдэйн театрт ажилладаг аавыгаа дагаж явдаг байсан намайг ээж маань нэг өдөр ажлынхаа ойролцоох цэцэрлэгт орууллаа.
Ээж маань Дамбадаржаагийн эмнэлэгт ажилладаг байв. Тэр үед Дамбадаржаа гэж хотын бүр хойно эзгүй шахам уулын аманд байдаг ганц эмнэлэг байх. Наад талд нь нэг жижигхэн модон байшин байсан нь бидний цэцэрлэг. Би цэцэрлэгт явах их дургүй. Хүүхэлдэйн театрт аавтайгаа очоод жүжиг бэлтгэхийг нь харж, хэдэн хүүхэлдэйгээр нь тоглох гэж тэр. Дуртай дургүй ч ээждээ хөтлүүлэн ажилчдынх нь автобусанд сууж, цэцэрлэгтээ очдог боллоо.
Гэтэл нэг өдөр цэцэрлэг тарах үед ээж хоёулаа шинэ жилд очно гэлээ. Ингээд ижийтэйгээ хөтлөлцөөд өнгө өнгийн чимэглэл зүүсэн гэгээн танхимд очлоо. Амттан өрсөн ширээнд хүмүүс хэд хэдээрээ суусан санагдана. Цасан охид бүжиглээд л өнгө өнгийн чимгээ зүүсэн сүрлэг гацуур, хөгжмийн хөг аялгуунд бүжиж байх шиг... юун Хүүхэлдэйн театр. Ижийтэйгээ ингэж баярлах ямархан уярам сайхан гэгээн үе байсан юм дээ гэж олон жил сэтгэлдээ тээсэн. Тэгж байтал өвлийн өвгөн аав бэлэг тараасан санагддаг. Хүүхдүүд бэлгээ очиж аваад л ...
Харин би ээжээрээ хөтлүүлэн хамт очиж өвлийн өвгөнөөс анх удаа бэлэг авч байлаа. Одоо эргэн бодоход би ганцаараа очихгүй байсан болохоор ээж маань хөтөлж өвлийн өвгөн дээр дагуулж очсон байх л даа. Тод санаж байна. Бэлгээ авчихаад тэвчилгүй задалж дотор нь байсан алимыг ижийтэйгээ хувааж идэж билээ. Тэр алим ямар гоё амттай байсан гэж санана. Ийм амттай алимыг түүнээс хойш би дахин амтлаагүй санагдана. Дахин амтлах ч үгүй биз ээ. Ижий минь байхгүй юм чинь. Шинэ жил тараад ээжийнхээ гараас хөтлөн гадаа гарахад идэр ес тачигнаж, царцсан цас шажигнан, бээрсэн болжмор моддын мөчир дээр цомцойн сууж байсан тэр агшинд надаас өөр жаргалтай хүүхдийг энэ орчлонгоос олохгүй байсан байх аа.