-Нийслэлийн төр захиргааны байгууллагууд Яармаг руу нүүх “нүхээ” тендергүйгээр “ухаж” эхэлсэн үү-
Нийслэлийн төр захиргааныхан юу юугүй нутаг сэлгэх нь. Аштай юу. Нүүхийн тулд бэлтгэлээ хангаж, шинэ бууриа зассан байх ёстой. Засаад ч эхэлчихэж. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, харьяа агентлагуудыг хотын төвөөс гаргаж, хотын түгжрэлийг бага ч атугай буулгахаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас төр захиргааны байгууллагуудаа шилжүүлэх судалгааг гаргасан байна.
Түүнчлэн 60 тэрбумын өртөг бүхий, төр захиргааны барилга байгууламжийг шинээр барихаар хэн ч юм, хаанаас ч юм шийдвэрлэжээ. Шийдвэрлэсэн гэдгийн учир нь барилгын ажил эхэлчихсэн байна. Яармагийн хоёрдугаар буудал, “Шунхлай” ШТС-ийн чанх урд зам дагуухь газрыг хашаалж, хэдийнэ газар шорооны ажил нь эхэлчихэж. Шинэ барилга байгууламж барих, хотын төвлөрлийг сааруулахын тулд хийж байгаа ажил гэж зөвтгөж болох ч 60 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий ажил үйлчилгээ ямар ч тендергүйгээр явж байгаа нь ноцтой санагдсан тул тийш зүглэж, хэрэгт дурласан хэрэг. Биднийг очиход харуул нь гэх залуу “Дөрөвдүгээр сард газар шорооны ажил эхэлсэн гэсэн.
Би саяхан ажилд орсон. Нийслэлийн төр захиргааны барилга баригдаж байгаа юм билээ. Ойрдоо хүн амьтан үзэгдэхгүй байна. Долоо хоног хүний бараа харсангүй” гэж байна. Оффисийн гэх нэг давхар канад загварын байшин, хоёр модон байшин, хоёр гэр барилгын хашаанд байх. Арваад метр гүн барилгын суурийг ухаж, шевлер босгоход бэлдсэн байна. Нийтдээ 5 га талбайг хашиж, 0.9 га талбайг барилгажуулах барилгын ерөнхий зураглал ч гарчээ.
2018 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нийслэлийн удирдлагуудтай уулзсан. Энэ үеэр хотын дарга С.Батболд 2019 оны тавдугаар сараас Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг Яармаг руу нүүлгэх Засгийн газрын шийдвэр гарсан. Тиймээс дагуул хот, дэд төв, тосгон, үйлдвэрлэл, технологийн паркуудын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор хөрөнгө мөнгөнөөс эхлээд бүх талын дэмжлэг үзүүлэхээр болсон /эх сурвалж: https://ikon.mn/n/18u8/ гэдгийг хэлсэн байдаг. Түүний хэлсэнчлэн 2019 оны долдугаар сард нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Яармаг дахь шинэ байрандаа нүүж очихоор төлөвлөгдсөн байна. Яг нэг жилийн дараа гэсэн үг. Тэгэхээр барилгын ажил эхэлсэн байх нь юуны буруу байх билээ.
“Темп лэнд” гэх компани барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд 2-3 компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа гэдгийг дээрх харуулын ажилтан хэлж байсан. “Тэмп ланд” нэртэй компанийн талаар эрэл сурал болсон боловч олигтой мэдээлэл олдсонгүй. Гагцхүү google-ийн хайлтад /https://www.mne.mn/ Арцатын аманд үйл ажиллагаа явуулаагүй гэх шалтгаанаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын дагуу газрын зөвшөөрлийг нь цуцалсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн нэрсийн жагсаалтад л ийм компанийн нэр дурьдагдсан байна. Өөрөөр үйл ажиллагаа явуулж байсан туршлага байгаа эсэх нь эргэлзээтэй гэсэн үг. Хоёрдугаарт, ямар ч тендер, сонгон шалгаруулалтгүйгээр өндөр өртөг бүхий хотын захиргааны барилгын ажилд “сураггүй” компани ерөнхий гүйцэтгэгчээр орсон нь эргэлзээ төрүүлж байна.
Эх сурвалжийн хэлснээр, МАН дахь хотын фракцийнхны “түлхээс”-ээр батлуулсан хөрөнгө, гүйцэтгэгчээр тодруулсан компани хоёрт хамаг “но” байна гэж хардах болохоор. Энэ бүхнээс харахад, МАН-ын 60 тэрбумын бүлэглэл дахин 60 тэрбумын хэрэг тарьсан байж ч магадгүй нь. Энэ намын, энэ бүлэглэлийнхэнд 60 тэрбум төгрөг гэдэг юу ч биш бололтой.
Магадгүй хотын фракцийн гол хүмүүс болох М.Энхболд, Т.Бадамжунай, Су.Батболд нар ямар нэгэн тайлбар хийж, мэдээлэл өгөх байх л даа. 60 тэрбумын албан тушаалын наймааны тухай бичлэгээ эвлүүлэг байсан гэж гүрийж байсан шигээ хотын захиргааны шинэ барилгын ажлынхаа зургийг ч бас эвлүүлэг гээд зогсч байх юм биш биз. Нүдээрээ очиж хараад, харуултай нь уулзаад, хашаанд нь ороод, зураг авснаа энэ далимд хэлмээр байна. Юмыг яаж мэдэх вэ. Хэрвээ энэ мэдээллийг үгүйсгэж, тендер, сонгон шалгаруулалт зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байдаг юм бол хурлын тогтоол шийдвэрээ, тендер зарласан нотлох баримт, гүйцэтгэгчээр орохоор материалаа бүрдүүлж тендерт оролцсон компаниудын тухай мэдээллээ манай сонинд ирүүлж болно. Бид дуртайяа нийтэлж өгнө гэдгээ бас амлая.
Энэ ташрамд, өөр нэг эх сурвалжийн мэдээллээр, Яармагт нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэхийн тулд баригдаж буй барилга байгууламжийн зөвшөөрлийг гаргуулахаар хууль хяналтын байгууллагад хүсэлтээ өгчихсөн гэх. Гэвч эрх бүхий байгууллагуудын учир мэдэх хүмүүс нь хууль бус юманд орооцолдохоос айж, одоог хүртэл зөвшөөрлийг нь гаргаж өгөөгүй байгаа учраас дээрх барилгын ажил түр зогсчихоод байгаа гэнэ билээ.