Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг гэрээсээ авах боломжтой болсон бөгөөд өөрийн даатгал төлөлтийн явц зэрэг бусад олон мэдээллийг гар утсаараа хянах боломжтой болжээ. Энэ талаар НДЕГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Баасанжалбаас тодрууллаа.
-Нийгмийн даатгалын лавлагааг гэрээсээ авах боломжтой болсон гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт буюу лавлагаа нь тухайн иргэн болон ажил олгогчийн санхүүгийн чадамжийг нь илтгэдэг гол баримт юм. Арилжааны банк, элчин сайдын яамд, хууль хяналтын байгууллагууд иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг шаарддаг. Зөвхөн 2018 онд ТҮЦ машинаас нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа авахаар 1.9 сая хүн хандалт хийсэн байдаг. Эдгээрийн 300 гаруй мянган даатгал төлөгч лавлагаа буюу тодорхойлолт авсан байдаг. Өмнө иргэд энэ тодорхойлолтыг НДЕГ-ын нэг цэгийн үйлчилгээнээс цаасан хэлбэрээр авдаг байсан. Энэ нь нэг хонож гардаг байсан иргэдэд чирэгдэл учруулж байсан юм. Тиймээс НДЕГ-ын даргын тушаалаар тодорхойлолт гаргах хугацааг хоёр цаг болгож өөрчилсөн боловч иргэдийн чирэгдэл багасаагүй. ТҮЦ машинаас тодорхойлолт авахад иргэний цахим үнэмлэх шаарддаг бөгөөд иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн болон гэмтээсэн иргэд авах боломжгүй байсан юм. Тиймээс НДЕГ-аас 2018 оныг цахим үйлчилгээг хөгжүүлэх жил болгон зарлаж, үүнийхээ хүрээнд лавлагааг хэрхэн хялбар аргаар иргэдэд хүргэх боломж байна вэ гэдгийг судалсан. Ингээд нийгмийн даатгалын цогц мэдээлэл бүхий гар утасны аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлээд байна. Энэ аппликейшнээс иргэд 2006 оноос хойшхи шимтгэл төлөлтийн лавлагааг он, сараар нь харах боломжтой. Харин даатгуулагчид зориулсан вэбийг мөн хэрэглээнд нэвтрүүлсэн. Энэ вэбээс шимтгэл төлөлтийн мэдээллийг харахаас гадна интернеттэй дурын газраас шимтгэл төлөлтийн лавлагааг хэлвэл авах боломжтой юм. Үүнээс гадна тэтгэвэр, тэтгэмж, төлбөр зардалтай холбоотой бүх мэдээллийг хянах боломжтой.
-Вэб хуудас болон аппликейшн ашиглан гаргаж авсан лавлагааг лавлагаа шаардаж байгаа байгууллагууд хүлээж авах уу. Энэ талаар бусад байгууллагуудад мэдэгдсэн үү?
-Вэб хуудас болон гар утасны аппликейшн ашиглан авч байгаа шимтгэл төлөлтийн лавлагааны дор QR код байршуулсан. Лавлагаа бүрийн код дахин давтагдашгүй байдаг. Энэ кодыг НДЕГ-ын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг шалгах вэб программаар шалгах боломжтой. Уг программд лавлагааны QR кодыг оруулж, тухайн даатгуулагчийн шимтгэл төлөлтийн лавлагаа нь уг иргэний хэвлээд очсон лавлагаатай таарч байна уу гэдгийг шалгах боломжтой. Тиймээс лавлагаа, мэдээллийг хуурамчаар үйлдэх боломжгүй болно гэсэн үг.
-Иргэний санхүүгийн нууцыг алдагдуулахгүй байх, аюулгүй байдлыг хангах талаар хэр найдвартай вэ. Иргэдийн санхүүгийн байдлыг гуравдагч этгээд шууд харах боломжтой гэж ойлголоо?
-Тухайн иргэн тодорхой зорилгоор гуравдагч байгууллагад хандан, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт шаардлагатай болсон тохиолдолд шалгаж байгаа гуравдагч этгээдэд иргэний зөвхөн тухайн оных нь мэдээлэл л харагдах юм. Хэвлээд очсон лавлагааны QR кодыг оруулахад зөвхөн тэр лавлагааны мэдээлэл л харагдана гэсэн үг. Түүнээс биш бусад мэдээлэл харагдахгүй. Түүнээс гадна гар утасны аппликейшнд баталгаажуулахдаа заавал нийгмийн даатгалын хэлтэст очиж, нэвтрэх нэр болон нууц үг авах учраас зөвхөн та л өөрийн мэдэх нууц үгээрээ нэвтэрч мэдээллээ харах юм. Гэхдээ иргэдээс баталгаажуулалтыг яагаад и-мэйл хаяг болон гар утсаар явуулчихаж болохгүй байна вэ гэх хүсэлтийг ирүүлж байгаа. Мэдээж бид чирэгдэлгүй үйлчлэхийн тулд ийм байдлаар зохицуулж болох боловч хувь хүний цалин хөлсний мэдээлэл гэдэг тухайн иргэний санхүүгийн нууцтай холбоотой асуудал учраас иргэний гар утас, и-мэйл хаягийг эзэмшиж байгаа хэн ч тухайн иргэний өмнөөс мэдээллийг нь авах боломжтой болох аюултай. Тиймээс иргэдийг өөрт ойр байрлах нийгмийн даатгалын хэлтэст очоод аппликейшнээ идэвхжүүлэхийг шаардаж байгаа юм.
-Вэб хуудсанд нэвтрэхэд нийгмийн даатгалын хэлтэст очиж баталгаажуулах шаардлагатай юу?
-Вэб хуудсанд гурван замаар нэвтрэх боломжтой. Нэгдүгээрт гар утасны аппликейшнд нэвтрэх кодоо авсан бол тухайн кодоор нэвтэрч болно. Хоёрдугаарт, иргэн өөрийн тоон гарын үсгээрээ нэвтэрч болно. Дараагийн боломж нь үүрэн телефоны операторт бүртгэлтэй бол гар утсаараа код авч, тухайн кодоор нэг удаа нэвтрэх боломжтой.