ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Шанхайн найм” Чиндаод чуулна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-29

БНХАУ-ын Шанхай хотод 1996 онд ОХУ, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикистан гэсэн таван орны төрийн тэргүүн уулзаж, хилийн районуудад цэргийн салбарын итгэлцлийг бэх­жүү­лэх тухай гэрээнд анх гарын үсэг зурснаар “Шанхайн тав” гэх нэгдэл үүсчээ. Тэд хуу­чин Зөвлөлтийн орнууд бо­лон Хятадын хилийн дагуу тогт­вортой байдлыг хангах зорилгын дор нэгдсэн байдаг. 
Харин Узбекистан, Энэтхэг, Пакистаныг эгнээндээ элсүүлс­нээр “Шанхайн найм” болсон юм. 2016 онд Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон төрийн тэргүүн нарын ээлжит 16 дугаар хуралдааны үеэр гишүүн орны статустай болох эрх, үүргийн тухай Санамж бичигт гарын үзэг зурсан бол өнгөрсөн онд Казахстаны Астанагийн хурлаар эдгээр хоёр улсыг гишүүнээр элсэх асуудлыг эцэслэн шийджээ.

Ингэснээр ШХАБ-ын гишүүн, ажиглагч гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын хүн амын тоо гурван тэрбумд хүрсэн нь дэлхийн нийт хүн амын 43 орчим хувийг эзэлж байна. 
ШХАБ аль нэгэн улсын эсрэг чиглэсэн цэргийн эвсэл биш бөгөөд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сайн хөршийн харилцааг бэхжүүлэх, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, терроризм, салан тусгаарлах үзэл болон хэт даврах үзлийн бүхий л хэлбэр, хар тамхины наймаатай хамтран тэмцэх үндсэн зорилготой юм. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хурал жил бүр зохион байгуулагддаг бөгөөд энэ жил БНХАУ-ын Чиндао хотод ирэх сарын 9, 10-ны өдрүүдэд болох аж. ШХАБ-ын 18 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин даргалан явуулах юм байна. Уулзалтад ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчид болон ажиглагч орнууд оролцохын сацуу олон улсын байгууллагын тэргүүнүүд мөн оролцоно. Харин манай улсаас Ерөнхийлөгч Х.Баттулга оролцох билээ. Тэрбээр Төрийн тэргүүнээр сонгогдсоны дараах анхны айлчлалаа ОХУ-д хийсэн бол хоёр дахь айлчлалаа БНХАУ-д хийх гэж буй нь энэ.  Ерөнхийлөгч Монголын эдийн засгийн чуулганы үеэр тус уулзалтын талаар дурьдсан удаатай. 

Тодруулбал, “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай тогтоосон хамтын ажиллагаагаа энэ жилдээ багтаан ахисан төвшинд хүргэж, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна. Ингэснээр ШХАБ-ын гишүүн найман улстай харилцах харилцаанд нэн таатай орчин үүсэхийн зэрэгцээ олон жил яриад биеллээ олоогүй бүс нутгийн дэд бүтцэд холбогдох асуудал бодит ажил хэрэг болон хэрэгжих зам нээгдэнэ” гэсэн юм. Түүнийг ийн хэлсний дараа зарим судлаач, тоймчид манай улс ШХАБ-д элсэх шаардлагатай эсэх талаар өөр өөрсдийн байр сууриа илэрхийлэх болсон билээ. 
Монгол Улс ШХАБ-ын хамгийн анхны ажиглагч орон болж, 2004 онд элсч байжээ. Харин манай улсын дараа 2005 онд Иран, Пакистан, Энэтхэг, 2012 онд Афганистан тус тус элсчээ. Иран ШХАБ-ын гишүүн болох хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн бол өнгөрсөн жил Иран Пакистан тус байгууллагын гишүүн болсон гэдгийг дээр дурьдсан. Энэ утгаараа Монгол ШХАБ-ын хамгийн удаан ажиглагчаар яваа улс юм. 

Гэхдээ манай улсыг ШХАБ-ын гишүүн болох эсэх талаар яриа бүр 2014 оноос эхлэлтэй. 
ОХУ, БНХАУ-ын хэвлэлд Монголыг ШХАБ-ын гишүүн болно гэх мэдээлэл гарч байсан ч, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ажиглагчийн байр суурь хангалттай” гэдгийг тов тодорхой илэрхийлж байв. 
Одоогоор манай улсаас гадна Афганистан, Беларус, Иран ажиглагчийн статустай бол Турк, Азербайжан, Армен, Камбож, Балба яриа хэлэлцээрийн түншээр оролцдог байна.