Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ энэ оны нэгдүгээр сараас 320 мянган төгрөг болж байгаатай холбогдуулан тэтгэврийг нэмэгдүүлнэ гэх мэдээлэл байгаа юм. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газрын мэргэжилтэн Э.Баасанжалбаас тодрууллаа.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор тэтгэвэр нэмэгдэнэ гэсэн хүлээлт байна. Тэтгэвэр нэмэгдэх үү?
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд Өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ нь Засгийн газраас тогтоосон нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас багагүй байна гэж заасан байдаг. Харин хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний 50 хувиас багагүй байна гэж заасан байдаг. Үүнтэй уялдуулан тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу нэмэгдүүлнэ.
-Ямар журмаар нэмэгдүүлэх юм бол. Тэтгэврийн насны бүх иргэдийн тэтгэвэр адилхан хэмжээгээр нэмэгдэх үү эсвэл авдаг тэтгэврийнх нь тодорхой хувиар нэмэх юм болов уу?
-Засгийн газрын тогтоолоор, хэдэн төгрөгөөр хэзээнээс нэмэх нь тодорхой болно. Ер нь бол тэтгэврийн насны иргэн бүрийн тэтгэврийг адилхан хэмжээгээр нэмэх зарчмыг баримтлах нь зөв гэж үзэж байгаа. Үгүй бол өндөр хэмжээтэй тэтгэвэр авдаг хүнийхтэй, бага авдаг хүмүүсийнхтэй харилцан адилгүй нэмэгдэх тул энэ нь илүү шударга зарчим гэж үзэж байгаа юм. Гэхдээ Засгийн газрын тогтоол гарснаар энэ бүхэн тодорхой болно. Ирэх хоёрдугаар сараас тэтгэврийг нэмэх байх. Өнгөрсөн онд тэтгэврийн нэмэгдэлд 119.5 тэрбум төгрөг зарцуулснаар бүрэн тэтгэврийн доод хэмжээ 280 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ 243 мянган төгрөг болж өссөн. Ингэснээр дундаж тэтгэврийн хэмжээ 343 мянган төгрөгт хүрч, тэтгэвэр дунджаар 8.4 хувиар нэмэгдсэн.
-Тэтгэврийн насан дээр төрүүлсэн хүүхэд бүрийн тоогоор 1.5 жилийг нэмж тооцох хууль юу болсон бэ. Энэ онд хэрэгжих үү?
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2017 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр УИХ-аас нэмэлт өөрчлөлт оруулж, төрүүлсэн болон гурав хүртэлх настайд нь үрчлэн авч, зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор 1.5 жил буюу нэг жил зургаан сарыг нэмж тооцохоор болсон юм. Уг хуулийн заалт энэ оны нэгдүгээр сараас хэрэгжих ёстой байсан ч 2019 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэхэд тус хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг төсөвт тусгаагүй байсан юм. Тиймээс хэрэгжиж эхлэх хугацааг нь 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон. мэдээж хүүхэд бүрийн тоогоор 1.5 жилийг нэмэхэд тэтгэвэр авах иргэдийн тоо эрс ихсэж, тэр хэмжээгээр төсөв мөнгө шаардлагатай тул энэ жилдээ хойшлуулсан.
-Бүрэн тэтгэвэр, хувь тэнцүүлсэн тэтгэвэр гэдгийн ялгаа нь юу юм бэ?
-Бүрэн тэтгэвэр нь хуульд заасан хугацаанд тэтгэвриин даатгалын шимтгэл төлсөн, тодорхой насанд хүрсэн байх зэрэг бүх шаардлагыг хангасан иргэн бүрэн тэтгэвэр тогтоолгодог. Өндөр насны тэтгэврийн зохицуулалтад бүрэн тэтгэвэр гэсэн ойлголт байхаас гадна хувь тэнцүүлсэн тэтгэвэр гэсэн ойлголт гарч ирдэг. Хувь тэнцүүлсэн тэтгэвэр гэдэг нь хэдийгээр шимтгэл хугацаа нь хуульд зааснаар хүрээгүй боловч даатгуулагч тодорхой хуульд заасан насанд хүрсэн тохиолдолд шимтгэл төлсөн нийт хугацаанд нь тооцож олгогдох тэтгэвэр юм.