Гэр бүлээ цуцлуулсан эрэгтэй, эмэгтэй хүн тус бүрд салсны гэрчилгээ гардуулж өгдөг байна. Энэ талаар ОӨУБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгээс тодрууллаа.
-Цахим ертөнцөд “Гэр бүл салсны гэрчилгээ гээд гэрлэлтийн баталгаанаасаа том үнэмлэх өгөх юм. Улсын төсвийн мөнгө энэ мэтийн үргүй зардалд үрэгдэж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байсан. Тийм гэрчилгээ өгдөг юм уу?
-2014 онд иргэний бүртгэлийн гэрчилгээнүүд шинэчлэгдсэн. Энэ ажлын хүрээнд гэр бүл цуцлалтын гэрчилгээ солигдож, өмнөх онуудад хэвлэгдсэн гэрлэлтийн баталгаанаас хэмжээний хувьд том болсон.
-Гэр бүл цуцлалтын гэрчилгээг хэдэн оноос олгож эхэлсэн бэ?
-Монгол Улс анх 1951 оноос эхлэн дөрвөн төрлийн гэрчилгээ олгож эхэлсэн. Төрсөн, нас барсан, гэрлэсэн, гэрлэлт цуцалсныг бүртгэж, гэрчилгээ олгож эхэлсэн юм. Үүнээс гадна, 1999 онд батлагдсан Иргэний бүртгэлийн тухай хуульд гэрлэлт цуцалсныг бүртгэж, гэрчилгээ олгоно гэж тусгайлан заасан байдаг.
-Уг гэрчилгээ ямар үед хэрэг вэ?
-Өмнө нь цахим мэдээллийн сан байгаагүй учир мэдээлэл тээсэн баримт бичиг л хүнийг нотолдог байсан. Гэрлэлт цуцлуулсан иргэн нь дахин гэрлэх үед өмнөх гэрлэлтээ цуцлуулсан талаарх баримт болдог. Мөн нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа авах үед өрх толгойлсон эх, эцэг гэдгийг нотлох анхан шатны баримтаар ашиглана.
-Цахим иргэний үнэмлэх иргэдийн хувийн бүх мэдээллийг агуулдаг гэж ойлгодог. Гэрлэлт цуцалсан талаар мэдээлэл байдаггүй хэрэг үү?
-Цахим иргэний үнэмлэх гэр бүлийн байдлын талаарх мэдээллийг агуулдаггүй.
-Иргэний бүртгэл мэдээлэл цахим хэлбэрт шилжээд багагүй хугацаа өнгөрлөө. Салсны гэрчилгээг ТҮЦ машинаас авсан лавлагаагаар орлуулж болохгүй гэж үү?
-Яг үнэн. Иргэний бүртгэлийн газар 2012 оноос иргэний бүртгэлийн архиваар цахим бүртгэл мэдээллийн сан үүсгэсэн. Хүмүүсийн мэдээлэл 100 хувь цахим хэлбэрт шилжсэн тул хаанаас ч хүчин төгөлдөр лавлагаа авч болно. Хүчин төгөлдөр лавлагаатай болсон гээд гэрлэлт цуцлалтын гэрчилгээг олгохоо больж болохгүй. Учир нь хуульд гэрчилгээ олгоно гээд тусгайлан заачихсан болохоор. Гэхдээ УИХ-д өргөн барьсан “Иргэний улсын бүртгэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгаар гэрлэлт цуцлалтын гэрчилгээ олгохгүй байхаар өөрчилсөн. Үндсэндээ хуульд өөрчлөлт орсноор дахин энэ гэрчилгээ гарахгүй.
-Гэрлэлт цуцлалтын гэрчилгээ нэг нь хэдэн төгрөгийн зардлаар гардаг вэ?
-Гэр бүлийн цуцлалт хийлгэсэн хоёр хүн дундаа 2500 төгрөг төлдөг. Үүнд эрэгтэй, эмэгтэй хүнд олгогдох гэрлэлт цуцалсны гэрчилгээний үнэ болон төрийн үйлчилгээний зардал багтсан байдаг.