Оюутны хөгжлийн зээлд орсон өөрчлөлт, тус зээлийг хэрхэн олгох талаар БСШУСЯ-ны Боловсролын зээлийн сангийн зээлийн албаны дарга Э.Батсэлэмээс тодрууллаа.
-Оюутны хөгжлийн зээлийн журамд орсон өөрчлөлтийн талаар тодруулахгүй юу?
-Засгийн газрын 46 дугаар тогтоолоор оюутны хөгжлийн зээлийн журамд өөрчлөлт орсон. Энэ журмаар оюутны хөгжлийн зээл банкаар дамжихгүй, Боловсролын зээлийн сангаас олгогдохоор болсон байгаа. Мөн өмнө нь таван хувийн хүүтэй байсан бол хүүгүй, барьцаа шаардахгүй, хамтран зээлдэгчгүй байхаар өөрчлөлт орсон. Зээлийн төрөл гурав байсныг нэгтгээд оюутны хөгжлийн урт хугацаатай зээл болгосон. Ингэснээр ЭЕШ-даа 600 –аас дээш оноо авсан шинэ элсэгч, 2.8-аас дээш голч оноотой их, дээд сургуулийн бакалаврын ангийн оюутан, 3.2-оос дээш голчтой магистр, докторын суралцагч гээд хэн боловч оюутны хөгжлийн зээлд хамрагдах боломжтой.
-Оюутны хөгжлийн зээлийг энэ жил хэдэн оюутанд өгөхөөр төлөвлөсөн бэ. Зээлд хамрагдах хүсэлтэй оюутнууд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
-33000 гаруй оюутанд 75 тэрбум төгрөг олгохоор төсөвлөсөн байна. Сургуулийн онцлогоосоо хамаарч нэг сургуульд хэдэн оюутны квот батлагдах нь тавдугаар сарын 01 гэхэд тодорхой болж зээл олгогдож эхэлнэ. Бүрдүүлэх бичиг баримтад ирээдүйн зорилгоо тодорхойлсон эссэ, иргэний үнэмлэхийн хуулбар, ЭЕШ –ын онооны хуудас, сургуульд зохих ёсны дагуу элссэнийг нотлох баримт, сургуулийн тодорхойлолт, төлбөрийн нэхэмжлэх, тухайн хичээлийн улиралд судлах хичээлүүдийн баталгаажсан жагсаалт зэрэг байх юм. Зээлийн шаардлага хангасан оюутан бүрт нээлттэй бөгөөд тэргүүлэх ач холбогдолтой гэж заасан 40 мэргэжлээр сонгон суралцаж байгаа оюутнуудад давуу эрхээр олгох бодлого барьж ажиллаж байна.
-Оюутны хөгжлийн зээлийн эргэн төлөлтөө хэзээнээс эхлэн хийх вэ. Хэрхэн хяналт тавих вэ?
-Оюутны хөгжлийн зээлд хамрагдсан оюутан сургууль төгсөөд дипломоо авсныхаа дараа сараас эхлэн зээлээ төлнө. Дунджаар сургалтын төлбөр 2.5 сая төгрөг. Дөрвөн жилийн төлбөр нь 10 сая гэж үзээд эргэн төлөх хуваарь гаргавал сард 139000 төгрөгийг сургууль төгссөнөөс хойш зургаан жилийн хугацаанд төлөх байгаа. Ямар ч дундаж амьдралтай хүнд санхүүгийн дарамт учруулахгүй гэсэн үг. Зээл маань төрийн байгууллагаар олгогдож байгаа хөнгөлөлттэй зээлээс өөр оюутны сургалтын төлбөрийн хэмжээгээр олгогддог хугацаатай зээл юм. Оюутан графикт хугацаандаа зээлээ төлөхгүй бол хугацаа хэтэрсэн тохиолдолд Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн чанаргүй зээлийн ангилалд бүртгэгдэнэ. Зээлийн муу түүх үүснэ. Оюутан цаашид ямар нэгэн арилжааны банк, байгууллагаас зээл авах эрх нь хаагдах юм. Эсрэгээрээ зээлээ хугацаанд нь төлж барагдуулвал зээлийн сайн түүх үүснэ. Гэхдээ өнөөдрийг хүртэл чанаргүй зээлийн түүх үүсээгүй байна.
-Зээл авахыг хүссэн оюутнууд хаана хандах вэ?
-Оюутны хөгжлийн зээлийг сургуулиар дамжуулан олгоно. Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудад таваас дээш хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. Зээлд хамрагдах хүсэлтэй оюутнууд өөрийн сургуулийн ажлын хэсэгт холбогдох баримт бичгээ өгснөөр мэдээллийн санд шивэгдэж манайхыг хариуцсан мэргэжилтэн бидэнтэй тооцоо хийснээр боловсролын зээлийн сангаас хяналтаа тавиад явах юм.