Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Чих хамар хоолойн эмч Б.Энхсувд хэмээх эгэл даруухан, сайхан зантай эмчийг үйлчлүүлэгчид нь андахгүй. Тиймдээ ч тэрбээр сүүлийн гурван жил дараалан үйлчлүүлэгчдээсээ хамгийн олон талархал хүлээж авсан эмчээр шалгарч “Талархлын эзэн” болжээ. Мөн Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, байгууллагын “Шилдэг эмч” юм. Ингээд Энхсувд эмчийн яриаг уншигч танаа хүргэе.
-Таныг удам дамжсан эмч гэж сонссон. Мэдээж энэ мэргэжлийг эзэмшихэд аавын тань нөлөө их байсан байх?
-Миний аав Ц.Болд Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хүүхдийн эмчээр ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт суусан. Гэсэн хэдий ч өөрийг нь зорьж ирсэн олон арван хүүхдийг үзэж, зөвлөгөө өгдөг байлаа. Тийм ч учраас аавынхаа үргэлжлэл болж, эмч хэмээх сайхан мэргэжлийг сонгож АУДэС-ийн эмчилгээний ангид зургаан жил суралцсан. Тухайн үеийн эрдэмтэн багш нараар хичээл заалган ихийг суралцаж, 1985 онд хүний их эмч мэргэжлээр төгссөн. Ажлын анхны гараагаа Төв аймгийн Баян сумаас эхэлж байлаа. Дөнгөж оюутны ширээнээс гарсан миний хувьд хөдөө бригадаар дуудлаганд явах, хүүхэд эх барих, мэс заслын жижиг ажилбар хийх гээд бүхий л эмнэлгийн тусламжийг үзүүлж нэг үгээр хэлбэл хөдөөгийн эмнэлгээс их зүйлийг сурч, олон жилийн туршлагатай ахмад эмч нараас сургамж зөвлөгөө, ажлын арвин туршлага хуримтлуулсанаа аз завшаан гэж боддог юм.
-Ингээд итгэл даасан эмч болжээ. Анхны цалингаа юунд зарцуулж байв?
-Анх 700 төгрөгийн цалин аваад аймгийн төв рүү дуудлаганд явах далимдаа ээж аав хоёртоо аваачиж, өгч байлаа. Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрийн сувилалд 1987 оноос ажиллаж байгаад 1993 онд Чих хамар хоолойн эмчээр мэргэжил дээшлүүлсэн. Дараа нь Уул уурхайн компанид эмч хийхийн хажуугаар алт угаагч хийж байлаа. Ингэж олон газар ажиллаад явж байхдаа хийсэн ажлаа үнэлүүлж, цалин хөлсөө авч, хөдөлмөрийн амт шимтийг мэдрэх шиг сайхан зүйл байхгүй шүү.
-Дүүргийн эмнэлэг ачаалал ихтэй. Өдөржин хүн үзээд эндээс ажил хөдөлмөрийн амт, үнэ цэнийг үргэлж мэдэрч суудаг байх даа?
-2012 оноос Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори 1 буюу хуучнаар 16 дугаар төвд Чих хамар хоолойн эмчээр ажиллаж байгаад 2017 оноос Эрүүл мэндийн төвд ажиллаж эхэлсэн. Хэдийгээр ачаалал ихтэй ч гэсэн үйлчлүүлж байгаа хүмүүс эдгэрээд баяр талархлаа илэрхийлэх бүрт нь урам зориг эрч хүч орж, улам сайн ажиллах хүсэл төрдөг. Энэ мэтээр хүнээ үзэж байтал нэг л мэдэхэд өдөр өнгөрчихсөн байх юм.
-Аав тань “Миний охин сайн эмч болохын тулд......” гэдэг ч юм уу багагүй зүйл захидаг байх даа?
-Аав маань сайн унш, эмч хүний ёс зүйг өндөрт өргөж, өвчтөнүүддээ энэрэнгүй хандаж бай гэж захидаг. Бас хүнийг буруу эмчилчих вий, алдаа гаргачих вий гээд сануулж, захидаг байлаа. Эмч гэдэг хариуцлагатай ажлыг хийж байгаа болохоор сануулж, захиж хэлэх зүйл их ээ их. Мөн миний хадам ээж Д.Банхан, насаараа Нийслэлийн Хоёрдугаар төрөх эмнэлэгт нярайн эмч хийж, өдгөө 90 нас хүрч байгаа буурай миний ажил, амьдралын түшигтэй зөвлөгч. Тэднийхээ захиас сургаалиар л өдий хүрч байна шүү дээ.
-Эмч хүний хувьд зөвлөж хэлэх юу байна вэ?
-Томуу, томуу төст өвчин ихсэж байгаатай холбоотойгоор хамар битүүрэх, хоолой идээлэх, чихний улайлт, хүүхдийн дархлаа суларснаас чихэн дотор нь хатиг гарах зэрэг эмгэгүүд сүүлийн жилүүдэд зонхилон тохиолдож, нэмэгдэх хандлагатай байгаа. Үүнд өсвөр үеинхэн, оюутан залуучууд чихэвчийг олон цагаар сонсох, хийжүүлсэн ундааны хэт хэрэглээ болон сахар ихтэй хүнсний бүтээгдэхүүн, бэлэн бүтээгдэхүүний хэрэглээ нөлөөлж байгаа. Иймээс эцэг эхчүүддээ хүүхдийг багаас нь зөв дадал хэвшилд сургах, зохистой хооллох, сүү цагаан идээ түлхүү хэрэглэхэд анхаарах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авахыг зөвлөж байна.
-Хүүхдүүдээс нь таны мэргэжлийг өвлөсөн үү?
-Би хоёр хүүхэдтэй. Тэд маань өөр мэргэжил эзэмшсэн. Харин миний үеэл дүү нар өвөөгийнхөө залгамж халаа болж эмчийн мэргэжлийг эзэмшин төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд ажиллаж байна. Энэ хүүхдүүдийг сайн эмч нар болох байх гэж харж байгаа.