ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Билэгт: Дэд сайд Ж.Сауле бичлэг хийж, худал мэдээлэл цацсан

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2019-01-20

Сүүлийн үед УИХ-ын гишүүн М.Билэгт нийгмийн сүлжээнд төрийн албан тушаалтны өрөөнд маргалдаж буй бичлэг, чуулганы хуралдаанд хэлж буй зарим зүйлийг нь тасалж тавин шоглосон зүйл ихээхэн байх болсон. Эл сэдвүүдээр өөртэй нь ярилцсанаа уншигчиддаа хүргэж байна.

-Саяхан таныг тендер авах гээд төрийн албан хаагчдыг загнаад байна гэсэн утгатай бичлэг нийгмийн сүлжээнд цацагдлаа. Үнэхээр тендер авах гээд төрийн албан хаагчдыг загнаад явсан юм уу?

-Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 9-ний  хуралдаанаар Монгол Улсын сайн малчдын нэрс яригдаж, батлагдсан. Тус хуралдаан 13:00 цагийн үед дууссан юм. Гэтэл Баянхонгор аймгаас аймгийн дарга Засаг над руу яриад “М.Билэгт гишүүн ээ Засгийн газрын хуралдаанаар батлагдсанаас өөрөөр буюу яамны шалгаруулснаар зарлах гэж байна” гэж утсаар ярьсан юм. Өөрөөр хэлбэл эхний байрт орсон хүмүүс биш оноогоороо хойгуур орсон хүмүүсийн нэрсийг зарлах гэж байна гэж хэлсэн. Тус өдөр 14:00 цагт дүнг нь олон нийтэд зарлах байсан учраас түүнээс өмнө учрыг нь олох гэж яваа нь тэр.

-Шалгарсан хүмүүсийн нэрсийг орон нутгаас явуулаагүй байсан гэсэн үг үү?

-Орон нутгаас 18 шалгуур үзүүлэлтээр шалгаруулаад 12 хүний нэрсийг онооны дарааллаар явуулсан байсан. Гэтэл ХХААХҮЯ-наас эхэнд оруулсан хүмүүсийг хасаад, бага оноо авсныг нь шалгаруулсан байна лээ. Яагаад ингэж байгаа юм бэ гэж асуухаар “Тэр нэгдүгээрт орсон нь хамаагүй. Бид энд программд оруулахаар үзүүлэлт нь хасагдчихдаг юм” гэж хэлсэн. Аймаг өөрөө айл бүрээр явж, шалгаруулаад, ирж байгаа юмыг энд программд оруулж шалгаруулна гэж юу байх вэ дээ. Энд шалгаруулдаг, оруулчихдаг байсан юм бол шалгаруулалт хийдэг аймгийн бүхэл бүтэн аппарат байх хэрэг юу байгаа юм. Эсвэл газар дээр нь очиж үзэхгүй яасан юм бэ гэдэг л маргаан болсон юм. Болзол нь хангагдаад ирсэн малчин хасагдах гэж байвал би тэр хүмүүсийг төлөөлж сууж буйн хувьд, нэр нь хэвлэлээр зарлагдахаас өмнө хөөцөлдөх хэрэгтэй биз дээ.

-Тэр бичлэг хийсэн хүн хэн байсан юм бэ. Хаана болсон явдал бол?

-Тэр чинь Засгийн газрын ордонд нэг референтийн өрөөнд болсон явдал. Өдөр 13:00 цаг өнгөрч байхад тэнд  дэд сайд Ж.Саулетай уулзсан. Наана нь гурван газрын дарга байсан. Тэгээд яагаад оноогоор эхний байранд орсон хүмүүс буюу Засгийн газрын хуралдаанаар орсон нэр хасагдаад өөр хүмүүс зарлах гэж байгаа юм бэ гэсэн чинь “Тэр чинь хамаагүй. Яамнаас ирсэн нэр зарлагдана” гэсэн. Тэгэхээр нь би Засгийн газрын хуралдаанаар батлагдсан нэрсийг та нар өөрчилж зарлаж болохгүй шүү дээ гэж маргаан хийхгүй юу. Тэгээд энэ асуудлаар Г.Занданшатар сайдтай уулзаад буцаад ороод ирэхэд, тэр бичлэгийг хийсэн юм байна лээ. Өмнө нь өөрөө баахан хашгичиж хүнийг бухимдалтай болгочихоод буцаад ороод ирэхээр өмнөөс бичлэг хийгээд, өөрөө зүгээр ярьж, хүний нэр хүндийг гутаах зорилгоор олон нийтийн сүлжээнд тавьсан хэрэг болсон.

-Та бичлэг хийж байгааг нь мэдсэн үү?

-Мэдээгүй. Дэд сайд Ж.Сауле өөдөөс хараад сууж байсан. Утсаа барьчихсан л суугаад байсан. Яаж бичлэг хийж байгаа гэж мэдэх билээ. Үүгээр би дүгнэхэд хэн нэгнийг гутаан доромжлох зорилгоор төрийн албаны өндөр албан тушаалтнууд бичлэг хийж дарамталдаг юм байна гэж ойлгосон. Уг нь төрийн албан хаагч гэдэг бол татвар төлөгчиддөө буюу иргэддээ үйлчлэх гэж байдаг биз дээ. Гэтэл төрийн албан хаагч нь үйлчлэх биш харин ч бичлэг хийгээд худлаа мэдээлэлтэйгээр нийгмийн сүлжээнд долоо хоногийн дараа тавьж байна.

-Тэр бичлэг цацагдсанаас хойш та Ж.Сауле дэд сайдтай уулзсан уу?

-Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр над руу нэлээд олон удаа залгасан байна лээ. Би утсаа аваагүй. Угаасаа тэр хүний хийсэн ажил нь ойлгомжтой байгаа юм чинь. Сүүлд нь над руу баахан зурвас бичсэн байсан. “УИХ-ын гишүүн хүн байж яамны дэд сайдаар оролдож яах нь вэ” гэх зэргээр бичсэн байна лээ. Би бүр гайхаад хариуд нь “Хүнийг гутаан доромжлох зорилгоор бичлэг хийж байгаа чинь ёс зүйгүй үйлдэл” гэсэн утгатай хариу бичсэн.

-Тэр бичлэгийг тендер авах гээд хэрүүл хийгээд яваад байна гэсэн утгатайгаар яваад байсан. Та тендер хөөцөлдөж яваагүй юм уу?

-Үгүй. Тендер ярьсан зүйл байхгүй. Тиймээс л хүнийг албаар гутаан доромжлох гэж тавьсан гэж хэлээд байхгүй юу.

-Энэ дашрамд давхар асуучихъя. Тантай холбоотой ямар нэгэн тендер бий юу?

Ганц ч тендер байхгүй. Би өчнөөн бизнес эрхэлж байсан. Ганц ч удаа төрийн тендерт оролцож үзээгүй.

-Тэгвэл ЖДҮХС-гаас зээл авсан зүйл байгаа юм биш биз. Олон УИХ-ын гишүүн ийм асуудалтай холбогдож байна. Таны нэр холбогдсон зүйл гараад ирэх юм биш биз?

-Тийм зүйл огт байхгүй ээ.

-Тэр малчдын нэрс яаж батлагдсан юм бэ?

-Засгийн газрын хуралдаанаар батлагдсанаараа буюу онооныхоо дарааллаар батлагдсан. Тэр нь хамгийн гол нь юм даа. Тийм ажлын маргаан явж байхад төрийн өндөр албан тушаалтан бичлэг хийгээд сууж байгаа юм. Энэ гутамшигтай зүйл биз дээ.

-Сайн малчнаас хасчихсан хүмүүс дотор таны төрлийн ч юм уу, ашиг сонирхол нэгтэй хүн байсан болоод хөөцөлдөөд явсан юм биш биз?

-Ямар ч тийм зүйл байхгүй. Таних ч үгүй хүмүүс байсан. Хэрвээ тийм байсан бол одоо гаргаад л тавина шүү дээ. Тийм хүн нэг ч байхгүй.

-УИХ-ын гишүүн хүний өөдөөс бичлэг хийгээд, худлаа мэдээлэлтэй олон нийтэд мэдээлж чадаж байгаа юм чинь жирийн иргэнийг бол баллах юм байна. Та шүүхэд гомдол гаргав уу?

-Дэд сайд гэдэг бол Засгийн газраас томилогддог төрийн өндөр албан тушаалтан. Тиймээс Ерөнхий сайд анхааралдаа авна биз. Нэг хэсэг хотын даргыг бичлэгээр шантаажилж байгаад өргөдлийг нь өгүүллээ гэдэг зүйл яваад байсан даа. Миний хувьд өөр дээр болсон зүйлээс болоод, иймэрхүү зүйл байдаг л юм байна даа гэж бодлоо.

-Нийгмийн сүлжээнд таны талаар их явах болжээ. Тухайлбал, утгагүй үг хэллээ, ойлгомжгүй ярьж байна. Асуудал болгон дээр үг хэлж байна гэдэг ч юм уу?

-Ярьсан зарим зүйлийг маань урдаас, дундаас, хойноос нь хасаад тавьчихаж байна. Дууг нь хурдан, удаан болгож янз бүрээр тавьж байгаа. Миний өөрийн хаягаар бүтнээр нь тавьж байгаатай харьцуулаад үзвэл ойлгоно.

-Маш олон ийм зүйл гарсан. Энэ бүгд зохион байгуулалттай хийж буй зүйл гэж үзэж байна уу?

-Тийм. Тэгж их хөдөлмөр зарж хийж, тавьж байгаа юм тэгж л харагдаж байна.

-Хэн тэгж тавина гэж?

-Тухайлбал, 2020 онд манай тойрог дээр миний оронд дэвшинэ гэж бодож буй хүмүүс ч байж болно. Надтай өрсөлдөхөөр бэлдэж буй хүмүүс ч байж болно. Мөн алтны асуудлаар нэлээд дуугарч байгаа. Тэнд бүхэл бүтэн мафи бий. Тэд улстөрчдийг гартаа авч байгаад Ашигт малтмалын татвараа буулгах гэж оролддог. Гэтэл би эсрэг байр суурь илэрхийлдэг. Тийм бүлэглэлийн зүгээс дайрч байж болно.

-Таны бас нэг бичлэг нийгмийн сүлжээнд нэлээд шүүмжлэл дагууллаа. УИХ-ын чуулган дээр “Шударга байна гээд яг юу өөрчлөгдөх юм бэ” гэдэг үг хэлсэн гэж?

-“Одоогийн манай залуус нийгэмд шударга байлаа гээд  юу өөрчлөгдөх юм. Тэглээ гээд амжилтад хүрэх боломжгүй болчихоод байна гэдэг сэтгэхүйтэй болчихоод байна.Тийм учраас үүнийг өөрчилмөөр байна” гэсэн утгатай үг хэлснийг яг тэр хэсгийг нь таслаад тавьчихсан байна лээ. Одоо тэгээд яах вэ дээ гутаах гэж байгаа нэг нь нэр усгүй хаягаас тавина л биз. Харин үнэн мөнийг нь олъё гэж байгаа хүмүүс жинхэнэ эх бичлэгийг нь миний хаягаас олж үзэж болно шүү. Үүнийг ард түмэн ойлгодог болох байлгүй дээ. Өнгөрсөн зун хүртэл намайг данхан дээр фото зургаа тавиулаад тараалаа гээд л баахан явуулсан шүү дээ.

-Би ч гэсэн данхан дээр зургаа хэвлүүлээд тараажээ гэж ойлгосон. Зургаа хэвлүүлж, данх тараагаагүй юм уу?

-Тэр чинь тухайн үед ч  тараасан данх биш. Хавар цагаан сараар ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлгэнд данх өгсөн юм. Мөн өөрийн зурагтай данх биш. Юу гэж данхан дээр зургаа хэвлүүлэх билээ. Тийм зүйл бол байгаагүй.

-Гэхдээ УИХ-ын гишүүд тойргийнхоо иргэдэд бэлэг тараах нь хэр зөв юм бол?

-Ахмадууддаа гарын бэлэг өгдөг зүйл манайд хэвшчихээд байна л даа. Нэг хэсэг нь тавгийн идээ, нэг хэсэг нь будаа гурил гэх мэт тараадаг. Гэтэл нэг айлд хоёр ахмад байхад хоёр тавгийн идээ очиж байх жишээтэй. Тиймээс нэгэнт л ахмадууддаа гарын бэлэг өгөх болсон учраас өдөр тутмын хэрэглээ болсон зүйлийг нь бэлэглэе гэсэн хэрэг.  Эмэгтэй хүний зан юм даа. Энэ хэвшил болчихсон зүйлийг өгөхгүй болохоор манай гишүүн өгсөнгүй гээд хэлнэ. Өгөхөөр тийм юм өгөөд байхдаа яах вэ дээ гэнэ. Яаж ч байсан муу хэлэх л юм шиг байгаа юм. Тэгэхээр аль хүний санаанд тааруулах билээ. Өгөөд хэвшчихсэн болохоор яаж ч болохгүй байгаа зүйл. Ер нь УИХ-ын гишүүдээ дараа нь авлигачин гээд загнаад байхгүйн тулд их зүйл нэхээд баймааргүй байгаа юм. Хууль батлах, үндсэн ажлыг нь шахаж шаардаж хийлгэх нь харин зөв. Мөнгөтэй ч хүн, мөнгөгүй ч хүн УИХ-д орж болно. Бэлэг тараахын тулд дор хаяж 60-70 сая төгрөг хэрэгтэй болно. Энэ мэтээс болж авлига, хууль бус зүйл бий болж байгаа юм.

-Өнөөдрийн байдлаар 14 гишүүн УИХ тарах нь зүйтэй гээд гарын үсгээ зурчихаад байна. Та зурах уу?

-Сая УИХ-ын үйл ажиллагааг хоёр сар шахуу гацаалаа. Ахиад ийм асуудал үүсвэл, УИХ хуралдаж чадахгүй байх юм бол тарсан нь дээр. Гарын үсэг зурахаас өөр аргагүй. Тараад ээлжит бус сонгууль хийгээд, ард түмнээрээ дүнгээ тавиулсан нь зөв. Миний хувьд ч гэсэн ард түмнээсээ үнэхээр санаа зовж байна.

-Сонгууль ойртож байна. Дотроо хоёр хуваагдсан МАН-ын бүлгийн М.Энхболдынх нь талд та байсан учраас 2020 онд намаас дэвшүүлэхгүй гэвэл яах вэ. Бие даагаад ч юм уу, өөр нам руу ороод ч юм уу нутагтаа дэвших үү?

-Үүнийг нам л шийднэ. Одоохондоо мэдэх юм алга.

-ЖДҮХС-гийн асуудалд ямар байр суурьтай байсан бэ?

-УИХ-ын гишүүн гэдэг хууль батлахаас гадна баталсан хуулиа иргэдэд мэдээлэх, хүргэх үүрэгтэй. Гэтэл өнөөх түрүүлж олж авсан мэдээллээ өөрсдөө ашиглаад, давуу байдал үүсгээд иргэдэд хүргэхгүй өөрсдөө зээл авна гэдэг байж боломгүй зүйл. Тиймээс прокуророос шалгах шаардлагатай байна гэж оруулж ирж байхад, түдгэлзүүлээд явуулах нь зөв. Буруугүй бол буцаад ороод ирнэ биз.

-Та чуулганы хуралд хамгийн идэвхтэй суудаг гишүүдийн нэг. Орсон хурал, хэлэлцэж буй асуудал болгонд үг хэлдэг. Заримдаа үг хэлэхээ больчихож, болдоггүй юм байхдаа гэх хандлага хүртэл байдаг. Үүнийг тайлбарлаач?

-Тухайн хэлэлцэж буй асуудал бүрт ард түмний дуу хоолой болж оролцох нь УИХ-ын гишүүний үүрэг юм. Мэтгэлцээн сайн байвал тэр хууль чамбай гарна гэж боддог. Дээр нь миний хийх ёстой үүрэг юу вэ гэхээр УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй хуульд холбогдох төрийн албаны хүмүүс, мэргэжилтнүүд ирж оролцдог. Тэднээс яагаад ийм байгаа юм бэ гэдгийг асууж, ард иргэдэд мэдээлэл өгөхийн тулд асуулт асууж, тэр бүр хүмүүст олдоод байдаггүй дарга нараас хариулт авч байгаа хэрэг юм. Яагаад гэвэл чуулганы танхимын индрээс албан ёсны хариултыг хүргүүлнэ гэдэг ард түмэнд хэрэгтэй. Би өөрөө хариултыг нь мэдэж байж болно. Гэхдээ мэдээгүй иргэддээ мэдүүлэх гэж асууж, үг хэлдэг юм. Ийм л байх ёстой гэж боддог. Гэтэл зарим гишүүд хуралдаа бараг суухгүй юм. Мэтгэлцэхгүй. Хуулиуд зүгээр л ногоон гэрлээр батлагдаж байгаа. Яг үнэндээ энд чинь л алдаа гараад байгаа шүү дээ.