ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймгууд өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ.   

O.Admin
2019-01-22

Жил бүр гаргадаг “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2018”-гийн үр дүнг өнөөдөр танилцууллаа. Энэ удаагийн тайлангийн үр дүнгээс харахад Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймгууд өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ. Харин сүүлийн байруудад Дундговь, Говь-Алтай, Архангай аймгууд эрэмбэлэгдсэн байна. Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлэг болох эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон, Өмнөговь, засаглалын үр ашгаар Говьсүмбэр, Сүхбаатар аймгууд тэргүүлжээ. Мөн бизнесийн үр ашгаар Дархан-Уул, Өмнөговь аймгууд, дэд бүтцээр Орхон, Говьсүмбэр аймгууд тэргүүлсэн байна.Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжин гаргахдаа эдийн засгийн тамир тэнхээ, засаглал, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн нийт 176 шалгуур үзүүлэлтүүдийг нэгтгэн тооцдог юм байна. Эдгээрийн ойролцоогоор 102 нь статистик мэдээлэл, 74 нь санал асуулгын мэдээлэл байдаг ажээ.

Санал асуулгын түүвэр судалгаанд Монгол Улсын 21 аймгийн бизнесийн байгууллагын удирдах ажилтнуудыг энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулжээ. Түүврийн хэмжээг энгийн санамсаргүй, буцалтгүй түүврийн аргаар тодорхойлж, аймаг бүрээс дунджаар 50 удирдах ажилтан, нийт 1050 аж ахуйн нэгж, байгууллагын оролцоотойгоор түүвэр судалгааг явуулсан байна. Санал асуулга нь нийт 74 хаалттай асуулт, нэг нээлттэй асуултаас бүрддэг гэнэ. Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээг 2018 оны дүнгээр аймгуудаар харвал:

Орхон-100 оноо

Дархан-Уул-96.68

Өмнөговь-94.82

Дорноговь-84.88

Говьсүмбэр-84.65

Дорнод-84.00

Сэлэнгэ-79.44

Сүхбаатар-79.30

Өвөрхангай-77.89

Төв-77.77

Увс-75.88

Баян-Өлгий-75.64

Хэнтий-71.55

Хөвсгөл-57.68

Баянхонгор-55.42

Ховд-54.55

Завхан-54.22

Булган-45.26

Дундговь-44.17

Говь-Алтай-43.98

Архангай-37.88

Эндээс харахад өнгөрсөн онд хамгийн их өөрчлөлт, ахиц гаргасан аймгууд Дорноговь, Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай, хамгийн их буурснаар Булган, Архангай, Хөвсгөл аймгууд  байна.