Нийслэлийн ЗДТГ-аас Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо буюу “100 айл” орчимд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, үйлдвэрүүдэд хууль хяналтын байгууллагуудын хамт шалгалт хийлээ. Дахин төлөвлөлтийн газарт багтсан тус хэсэгт гэр бүлийн зориулалтаар ашиглах ёстой газрыг үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар ашиглах зөрчил их байгаа аж. Бидний нэрлэж заншсан “Шинэ зам” орчмын зарим айлууд дахин төлөвлөлтөд орох байтал газраа чөлөөлж амжаагүй байна. Дахин төлөвлөлтийн компанитай гэрээ хийгээд, гурван жил болсон ч газраа чөлөөлөөгүй шалтгаан нь тус хэсэгт иргэд амьдрах газар буюу гэр бүлийн зориулалттай газарт сендвичэн барилгууд үйлдвэрлэлийн зориулалттай барьжээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дахин төлөвлөлтийг хариуцсан холбогдох газраас шаардлага тавихад хүлээж авдаггүй, дураараа барилга барьсаар байгаа аж. Өдгөө энд 10 гаруй үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байлаа. Тэд иргэдээс газрыг нь өндөр үнээр худалдан авч, үйлдвэрээ барьчихаад, халаахын тулд их хэмжээгээр галладаг. Яндангаас гарч буй утаа нь өтгөн, тортогтой, тос ялгарч байгаа нь Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар илэрчээ. Харамсалтай нь эдгээр үйлдвэрүүд ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, иргэдийн амьдрал болон улсын ажлыг хойш татаж байгаа юм. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тухайн орчмын тохижилтыг сайжруулж, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэн орон сууцны хороолол болгохоор тусгасан.Тиймээс хүнд үйлдвэр ажиллуулахгүй. Мөн “100 айл” орчмоос өнгөрсөн жил 20 гаруй үйлдвэрийг нүүлгэжээ.Харин ирэх тавдугаар сард авто замыг нь өргөтгөхөөр ажиллаж байгаа аж.
Нэг хүний эрх ашгаас болж нөгөө хүнийх нь эрх ашиг зөрчигддөг
Шалгалтын хэсэгт ажилласан НИТХ-ын төлөөлөгч, “100 айл” орчмыг нүүлгэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга хэлэхдээ “100 айл орчмыг нүүлгэн шилжүүлэх, дахин төлөвлөлтийн дагуу долдугаар хороог шинээр байгуулах ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Энэ хүрээнд “100 айл” орчимд хяналт шалгалт хийж байна. Иргэд өөрсдөө хотын төв болох энэ хэсэгт агаарын чанарыг бохирдуулах дунд болон том оврын янданг нэмэхгүй байх шаардлагатай. Сендвичэн барилга сүүлийн нэг, хоёр жил цөөнгүй баригдаж байгаа. Барилга баригдах шалтгаан нь нэг бол үйлдвэрлэл, эсвэл агуулах сав гэсэн зориулалттай. Гэтэл эдгээр барилгуудыг барихдаа нийслэлийн холбогдох байгууллагуудаас ямар ч зөвшөөрөл аваагүй. Тиймээс эзэдтэй нь уулзаж, таслан зогсоох, “100 айл” орчмын дахин төлөвлөлт болон, дэд бүтцийг хөгжүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгаа. Том жижиг үйлдвэрүүдийг хотоос гаргах, Налайх руу шилжүүлж, үйлдвэрийн суурин газрыг бий болгох төлөвлөгөө хийгдсэн. Одоогоор дэд бүтэц, замын төсөв мөнгөө шийдээд явж байна. Нийслэл болон дүүргээс дэд бүтцийн асуудлыг шийдэж өгье, олон нийт өөрсдөө иргэний үүргээ биелүүлээд замаа чөлөөлөөд, тэндээ ажлаа хийвэл хаа хаанаа асуудал амархан шийдэгдэнэ” хэмээлээ.
Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд агаарын чанарыг сайжруулах бүсэд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг барилгын тоог эцэслэн гаргаагүй аж. Үүнээс гадна, Шинэ зам орчмын айлын нэг хашаанд л гэхэд 2-3 гэр буусан байх жишээтэй. Хөдөө орон нутгаас шилжиж ирсэн иргэд, айлын хашаанд хямдхан сууж байгаа нэрийдлээр нийслэлийн агаарын бохирдол, хөрсний бохирдлыг нэмэх гол шалтгаан болж байна. Үйлдвэр гэлтгүй, яндангийн тоог нэмж, хашаандаа гэр бариулдаг айлуудад шаардлага тавих нь зүйтэй юм.
Гэр хорооллын дэд бүтцийн газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга П.Алтантөгс ярихдаа “Сүхбаатар дүүргийн долдугаар хороо орчимд дахин төлөвлөлт өрнөж байна. 11 дүгээр хороонд өнгөрсөн хугацаанд 48 айлын газрыг чөлөөлсөн. Үүний хажуугаар дахин төлөвлөлтийн газарт зөвшөөрөлгүй үйлдвэрүүд барьж, улсын ажилд садаа болсоор байна. Өөрөөр хэлбэл, айл өрхийн янданг бууруулсан ажлыг үгүйсгэсэн гэж хэлж болно. Бидний энэ шалгалт хийж буй орчин суурьшлын бүс байгаа. Үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулах ямар ч зөвшөөрөлгүй, иргэдийн ахуйн хэрэгцээндээ өмчилсөн газар. Гэтэл аж ахуй нэгжүүд төр засгийн бодлогыг ойшоохгүй, эрх ашгаа боддог. Нэг газраас нүүлгэхээр, хажууханд нь иргэдийн газрыг өндөр үнээр худалдаж аваад сендвичэн барилгаа барьчихдаг. Дахин төлөвлөлтийн газарт үйлдвэрийн барилга барилаа гээд шаардлага тавихад худалдаад авчихсан, эсвэл иргэдээс авсан газраа тэнгэрт хадсан үнээр үнэлдэг нийтлэг жишиг байгаа” гэлээ.
Энэ хэсэгт “Пример Инвест” компани дахин төлөвлөлтийн барилга барьдаг аж. Эхний ээлжийн орон сууцаа ашиглалтад оруулаад, газраа чөлөөлсөн айлуудаа байранд нь оруулжээ. Дахин барилга барих гэхээр эдгээр үйлдвэрүүд газраа чөлөөлөхгүй, ажил гацаагаад байгааг хэлж байлаа.
Харин “Пример Инвест” компанийн гүйцэтгэх захирал Н.Мягмардорж “Өнгөрсөн жилээс энд шинээр гурван үйлдвэр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 100 айлд бизнес эрхлэгчид айлын хашааг худалдаж аваад хөөсөн хавтангаар барилга бариад үйлдвэрлэл явуулдаг боллоо. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт удаа дараа хандсан боловч арга хэмжээ аваагүй. Үүнээс болоод бидний ажил гацаанд орлоо. Хорооны газар нутгийг орон сууцаар хангаж байгаа ч агаар, хөрсний бохирдол огт буурахгүй байгаа. Газраа чөлөөлж, орон сууцанд орсон иргэд эдгээр үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож өгөөч, цонхоо ч нээх арга алга хэмээн байнга гомдоллодог.
Дахин төлөвлөлтөд хамрагдаж, орон сууцтай болох хүсэлтэй айлуудын боломжийг үйлдвэрүүд хязгаарлаж байгаа нь үнэн” хэмээн ярьсан юм. Шалгалтын хэсгийнхэн явсаар есдүгээр дэлгүүрийн автобусны буудлын замын эсрэг талд байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үйл ажиллагаа явуулдаг “Өрнөх” гэх хаягтай барилгын гадна ирэв. Эднийх зочид буудал, караоке, паб ажиллуулах, барилгын материал борлуулж, вакум цонх хаалга үйлдвэрлэдэг үйлчилгээний төв аж. Өдөр нь нүүрс түлж, шөнө нь тог ашиглаж барилгаа халаадаг гэлээ. Биднийг очиход яндангаас нь маш их хар утаа ялгарч байсан юм. НИТХ-ын төлөөлөгч, “100 айл” орчмыг нүүлгэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга үүнийг яаралтай шийдэж, орчныг бохирдуулахгүй байх шаардлага тавив. Ажлын хэсэгт багтсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан үүрэг өгч, хэмжилт хийсэн юм.
Тус барилгын менежер н.Отгонбат “Манайх энд үйл ажиллагаа явуулаад гурван жил болж байгаа. Яндангийн шүүлтүүртэй. Баянтээгийн нүүрс түлдэг учраас эхэндээ хар утаа гаргадаг, цогшоод ирэхээр зүгээр болдог” гэсэн тайлбар өгч байв. Мэдээж ямар ч нүүрс түлэхэд уугихдаа утаа ялгаруулж, шатаж дуусаад цогшоод утаа гардаггүй. Үүнийг хүн бүр мэдэх биз ээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэр гаргасны дагуу бүрэн бүрэлдэхүүнээрээ агаарын чанарын хяналтыг хийдэг аж. Өнгөрсөн оны аравдугаар сард “100 айл” орчмын хяналт шалгалтыг хоёр удаа гүйцэтгэн, нийтдээ 27 аж ахуй нэгжийн үйлдвэрлэл үйлчилгээг зогсоожээ. 2019 он гарснаар дахин хяналт шалгалт явуулж, нэмэлтээр хууль бус үйл ажиллагаа явуулж байсан зургаан аж ахуй нэгжийн мэдэгдэх хуудсыг зогсоосон талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга хэллээ.
Агаарын бохирдол “100 айл” орчимд буурахгүйгээр барахгүй, маш их ялгарч буй шалтгаан нь ердөө л энэ. Нийслэлийн А бүсэд хамаардаг энэ хэсэгт өндөр өндөр барилга сүндэрлэх тухай ярьж, бодлого шийдвэрээ гаргах байтал, хуучин гэр хороолол, бугшсан олон барилгын материалын зах, худалдааны төвүүдийг нүүлгэж ч амжаагүй. Тэр ч байтугай агаарын бохирдлыг хамгийн их үүсгэж буй том жижиг чанаргүй, үзэмжгүй үйлдвэрүүдийг зогсоож ч хүчрэхгүй, мөхөсдөж байгаа нь эмгэнэлтэй. Хяналт шалгалт хийдэг байгууллагын дээр сандайлаад суучихсан эдгээр үйлдвэрийн үйл ажиллагааг яаралтай таслан зогсоохгүй бол агаарын бохирдол даамжраад зогсохгүй, Улаанбаатар хотын өнгө үзэмжийг гутаасаар байна.