Хоёр хоногийн дараа хүүхдийн баяр болох гэж байна. Хүүхдийн баяраар хүүхдүүд нарших, хордлого авах тохиолдол ихэсдэг. Тиймээс болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой талаар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн их эмч Б.Бат-Амгалангаас тодрууллаа.
-Хүүхдийн баяраар 33 хэмээс дээш халах учир наршихаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байгаа. Наршилт гэж юу юм бэ. Ямар хүмүүс амархан наршдаг вэ?
-Наршилт гэдэг нь агаарын халуун нөлөөнд хүний биеийн температур огцом ихсэх үзэгдэл юм. Зуны улиралд амралт зугаалга ихэсдэг учир гадаа удаан явснаас нарших буюу наранд цохиулсан хүүхдүүд, том хүмүүс их байдаг. Наршихад дотор муухайрах, бөөлжих, толгой эргэх шинж тэмдэг илэрдэг. Мөн халуурах, гүйлгэх гэх мэт хордлогын шинж тэмдгүүд илэрнэ. Гадаа удаан явсан хэн ч наранд цохиулж болно. Эдгээрийн дотор эрсдэлт бүлгийнхэн илүү өртөмтгий байдаг. Тодруулбал, хүүхдүүд буюу 1-10 насныхан, 45-аас дээш насныхан, гадаа удаан хугацаагаар ажил хийдэг хүмүүс, бодисын солилцооны өөрчлөлттэй буюу сахарын ихдэлттэй, хэт тарган, артерийн даралт ихтэй хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд илүү өртдөг.
-Наршсан гэдгээ мэдээд эмнэлэгт очихоос өмнө ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Хүүхэд гэлтгүй том хүн наршсан тохиолдолд хамгийн түрүүнд сэрүүн газарт оруулж, тухайн хүнийхээ хувцсыг нимгэлээд хүйтэн жин тавих ёстой. Хүйтэн жин тавихдаа том судастай газруудад тавьбал илүү үр дүнтэй. Тухайлбал, суга, цавь, гүрээний артери дээр хүйтэн жин тавих хэрэгтэй. Мөн шингэн юм сайн уулгах хэрэгтэй байдаг. Шингэн юм хэтэрхий их уулгавал огиулж, бөөлжиж хордлого нь улам хүндрэх тохиолдол байдаг. Шингэн уулгах хэмжээ гэж бий. Нэгээс гурван насны хүүхэд 30 минутанд 30-60 мл, гурваас долоон насны хүүхэд 60-100 мл, долоогоос 15 насны хүүхэд 100-200 мл, 15-аас дээш буюу насанд хүрэгчид 200 мл шингэн уух хэрэгтэй. Энэ шингэн юу байх нь хамаагүй. Давс, чихэр багатай зүйл байвал зохимжтой. Хярам, цай, буцалсан ус, энергийн ундаанууд, нохойн хошууны жүүс, вакус байвал зүгээр. Ууж хэрэглэж байгаа шингэнээ бүлээхэн байлгавал зүгээр. Жин тавьж биенийхээ халууныг буулгах, бөөлжиж байгаа бол хорсол ууж эмнэлгийн байгуулагад хандах хэрэгтэй.
-Наршилтаас урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ?
-Зуны цагт цочир нартай халуун байгаа үед гадаа удаан алхах, зугаалахаас аль болох татгалзах хэрэгтэй. Энэ бол амьдралын зөв хэв маяг юм. Мөн баяраа зөв зохистой тэмдэглэж сүүдрэвчинд байх, гарлаа гэхэд богино хугацаагаар гарах хэрэгтэй. Гадаа гарсан тохиолдолд хамгаалах хувцас хэрэглэлийг өмсөнө. Тухайлбал, малгай, нүдний шил гэх мэт. Хүмүүс бодохдоо зөвхөн толгойгоо хамгаалчихвал нарнаас хамгаална гэж боддог. Тийм биш. Хүзүү, гар гээд арьсанд хэт ягаан туяа шингэснээс болж нарны хордлогод орно. Үүнээс гадна, хэт бүгчим нөхцөлд байснаар хүний биеийн температур ихсээд хордолтын байдалд шилжиж болно. Нарны хэт ягаан туяа 11.00-16.00 цагийн хооронд их байдаг. Тиймээс нярай, бага насны хүүхэд, настай хүмүүс гадаа гарч салхилах зохимжтой цаг нь 9.00-11.00, 16.00 цагаас хойш байдаг. Салхилаад сууж байх үедээ орчноо чийгшүүлэх хэрэгтэй. Ингэснээр наранд цохиулах, хэт их халахаас сэргийлдэг. Мөн даавуун материалтай, цайвар өнгийн хувцас өмсөх, малгай, нүдний шил зүүх хэрэгтэй. Түүнчлэн, богино хугацаагар шингэн юм шимүүлж уулгаад хүүхдүүдээ тоглуулах хэрэгтэй.
-Жирэмсэн болон ахмад настнууд яах вэ?
-Жирэмсэн эхчүүд халуун наранд цохиулснаас болж эрсдэлд орж болно. Анхаарах зүйл нь артерийн даралтаа хянаад болж өгвөл гадаа их гарахгүй, наранд их алхахгүй, ачаалал бага авч байх хэрэгтэй. Наранд гараад халууцсанаасаа болоод хүмүүс шингэн их хэмжээгээр уудаг. Тэгэхээр буцаад хавагнадаг. Үр дүн нь сөрөг нөлөөтэй. Давслаг зүйл бага хэрэглэх хэрэгтэй. Ажил амралтын дэглэмээ зохицуулах хэрэгтэй. Мөн хүйтэн усанд хөлөө дүрэх, бүлээхэн шүршүүрт орох гэх мэт арга хэмжээ авна. Харин ахмад настай хүмүүсийн артерийн даралт ихсэх, зүрх өвдөх эрсдэлтэй. Тиймээс даралтаа хянаад тогтмол даралтын эм уух хэрэгтэй. Мөн ханцуйтай нимгэн цайвар өнгийн хувцас өмсөх хэрэгтэй.