Эдийн засагч Б.Найдалаатай зээлийн хүү бууруулах орчин нөхцөлийн талаар ярилцлаа.
-Сүүлийн үед зээлийн хүү бууруулна гэж нэлээд ярьж, хуулийн төсөл ч санаачиллаа. Ер нь эдийн засгийн орчин талаас нь ямар хүчин зүйлүүдийг тооцож үзсэнээр зээлийн хүү буурах нөхцөл бүрдлээ гэж үздэг юм бэ?
-Зээлийн хүү бол монголчуудын хийж байгаа ажил, бодит байдлын үр дүн буюу үзүүлэлт юм. Зээлийн хүүг бууруулна гэдэг нь зөвхөн тоог багасгах биш, үзүүлэлтийг бууруулна гэсэн үг. Үзүүлэлтэд нөлөөлж байгаа суурь хүчин зүйлүүдийг голчлон авч үзнэ. Наанадаж л инфляцийн өсөлт бага байх шаардлагатай. Инфляци бага байхын тулд засгийн бодлого тогтвортой, бизнесийн орчин таатай, хөрөнгө оруулалт сайн, шүүх, хууль, цагдаа нь шударга зөв байх ёстой. Энэ бүх нөхцөл бүрэлдэж зээлийн хүү буурна. Хамгийн гол нь засаг тогтвортой, сайд нар ухаалаг бодлого явуулдаг, хэдэн сар болоод л огцордоггүй болчихвол зээлийн хүү буурах нөхцөл бүрдэнэ. Өнөөдөр улстөрчид зээлийн хүү бууруулна гэж байгаа ч суурь орчноо өөрчлөхгүй, тэр чиглэлд юу ч хийхгүй байж, тоог нь хүчээр бууруулах нь буруу юм.
-Өнгөрсөн гуравдугаар сар-д мөнгөний бодлогын хүүг бууруулж, 10 хувь болгосон шүү дээ. Бодлогын хүүгийн бууралт нь зээлийн хүүд шууд нөлөөлөх боломж хэр байдаг юм бэ?
-Бодлогын хүү зээлийн хүүтэй хамааралтай л даа. Гэхдээ Монгол Улсын нөхцөлд шууд хамаарал нь маш бага. Бодлогын хүү нь дээр хэлсэн хүчин зүйлээс шууд хамаарна. Тодруулбал, Засгийн тогтвортой байдал, валютын нөөц, бизнесийн орчинг бүрдүүлж байгаа бүхий л үйл явдлууд нь зээлийн хүү болон бодлогын хүүг тодорхойлж байгаа. Өнөөдөр Оюутолгойг хаая, Тавантолгой ингэж хөдөлгөнө, хуулийнхан Ерөнхий сайд хийж байсан хүмүүсийг баривчиллаа зэрэг болох, болохгүй бүх асуудал, тэр байтугай хүүхдийн хүчирхийлэл хүртэл зээлийн хүүд нөлөөлж байгаа гэдгийг ойлгох ёстой. Тэгэхээр зээлийн хүү бууруулна гээд ганцхан хууль санаачлаад нэг тоо тавиад УИХ нь батлаад бууруулчихдаг бол тун хялбар байна. Хэрвээ ингэж болдог байсан бол 10, 20 жилийн өмнө хууль гаргаад бууруулчихгүй яасан юм бэ. Энэ маягаар бусад асуудлаа ч бас шийдэх юм уу. Ажилгүйдлийг бууруулах хууль санаачлаад ажилгүйдэл буурчих юм биш үү. Бензиний үнийг 1500 болгоё, багш нарын цалинг гурван сая болгоод хуульчилъя гэж байгаатай адил сонсогдож байна.
-Гадны нэлээд хэдэн улс зээлийн хүүдээ хязгаар тогтоосон байдаг юм байна лээ. Гэхдээ зээлийн хүүд хязгаар тогтоосон улсууд эдийн засгийн суурь нөхцөлөө хэрхэн бэлдсэн байдаг юм бэ?
-Зээлийн хүүд хязгаар тогтоосон гадны улсууд олон бий. Эхлээд бид хүү хязгаарлахтай холбоотой хоёр зүйл байгааг ойлгох хэрэгтэй. Нэг нь, зээлийн хүүг бууруулах, нөгөө нь мөнгө хүүлэлтийг хязгаарлах. Энэ хоёр тусдаа ойлголт шүү. Гэтэл хооронд нь хольж ойлгоод байгаа. Хүүлэлт гэдэг нь байж болох хэвийн төвшнөөс хэт өндөр хүү тооцож авахыг хэлж байгаа юм. Мөнгө хүүлэлтийг хязгаарлах ёстой. Энэ чиглэлд хязгаар тогтоох хууль гаргадаг болохоос нөгөө талд суурь хүчин зүйлээс хамаардаг зээлийн хүүг бууруулахын тулд хууль гаргадаггүй. Энэ хоёрыг манай улстөрчид ч, олон нийт ч ойлгох хэрэгтэй. Ялангуяа УИХ-ын гишүүд үүнийг ойлгосон байх ёстой. Ингэж хууль гарах хэрэгтэй. А үсэг мэдэхгүй бол 35 үсэг хүнд заах эрхгүй гэдэг. Энэ бол мэргэжлийн төвшний энгийн ойлголт шүү дээ. Японд зээлийн хүүгийн хязгаар 20 хувь байдаг. Гэхдээ Японы Төв банкны мөнгөний бодлогын хүү болон зээлийн хүү маш бага, 1-2 хувь байгаа. Гэхдээ Японы Засгийн газар хууль гаргаад зээлийн хүүгээ бууруулаагүй. Урт хугацаанд эдийн засаг нь тогтвортой, мөнгөн хуримтлал ихтэй, бизнесийн орчин нь тааламжтай, хуулийн хэрэгжилт хатуу, шүүх нь шударга ажилладаг. Ийм орчинд бизнес хийхэд эрсдэл багатай учраас зээлийн хүү бага тогтдог. Манайх ийм л орчин бүрдүүлчихвэл хүссэн, хүсээгүй зээлийн хүү буурна. Харин таатай орчин бүрдүүлчихээд байхад хэт өндөр хүүгээр хүүлээд байвал хязгаар тогтоох хууль гаргаж болно.
-Өнөөдөр ч банкууд хэтэрхий өндөр хүүтэй зээл ойлгож, мөнгө хүүлдэг гэж зарим хүн ярьдаг шүү дээ. Бүтэн 20 жил зээлийн хүүг бууруулна гэж ярьдаг ч бодит үр дүн гарахгүй, улам л өсөөд байна. Зээлийн хүү бууруулъя гэхээр банкууд “эдийн засаг хүнд байна, хямарлаа” гэдэг тал бий. Ер нь банкууд нэгдээд тогтолцоогоор сайжруулаад, зээлийн хүүгээ бууруулаад явах боломж хэр байна вэ?
-Мэдээж боломжтой. Хамгийн гол суурь орчин л сайжрах ёстой. Өнөөдөр суурь орчин бүрдэхгүй байгаад хэд хэдэн зүйл нөлөөлж байна. Нэгд, манай засаг маш тогтворгүй буюу 1.5 жилд Засгийн газар солигдож байна. Үүнийг дагаж бодлогын залгамж чанар алдагдаж, хөрөнгө оруулалтын орчин маш тогтворгүй байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд ч итгэхэд бэрх болсон үед бизнесийн бодитой харилцаа буюу зээлийн хүү буурах боломжгүй болчихоод байна. Банкуудыг буруутгахад хэцүү. Банк бол бусад аж ахуйн нэгжүүдтэй л адил бизнесийн байгууллага юм. Хамгийн гол нь засаг төр, УИХ-ын гишүүд өөрсдөө ажлаа хийх хэрэгтэй. Эхлээд гэрийнхээ даалгаврыг хийчихээд, дараа нь шаардлагаа тавьдаг болох ёстой. Зээлийн хүү биш, хадгаламжийн хүүд хязгаар тогтоох нь илүү оновчтой.
Эх сурвалж: Ikon.mn