Нэгхэн өдрийн дотор хар тамхитай холбоотой гурван мэдээлэл цахим сүлжээнээс олж уншив. Тодруулбал, өчигдөрхөн “Ice top” хамтлагийн дуучин Коби, дуучин Эгшиглэн нар хар тамхи татаж байгаад баригджээ гэх мэдээлэлтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн асан Хувьтөгөлдөрийн хүү, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир өмгөөлөгчтэйгөө хамт хар тамхи татаж байгаад баригдсан гэх мэдээлэл ч мөн цацагдлаа. Түүнчлэн, орон гэртээ хар тамхины ургамал тариалж байсан хоёр этгээдийг баривчилсан гэх мэдээлэл ч өчигдөр гарсан юм. Нэгхэн өдрийн дотор хар тамхитай холбоотой гурван мэдээ гарч байхад нийгэм энэ асуудлыг байх ёстой зүйл, бараг л өдөр бүр гарч байдаг мэдээ шиг хүлээж авч буй нь аюулын харанга дэлдэж байх юм. Цагдаа, хүчний байгууллагууд ч иймэрхүү мэдээллийг хоёр машин шүргэлцсэн мэдээ шиг л олон нийтэд ил тод зарлаж, өдөр тутмын шуурхай мэдээллийн бүх л сайтууд шүүрч аваад мэдээлж гарав.
Нэг талдаа энэ нь сэрэмжлүүлэг байж болох ч нөгөө талдаа хүүхдэд буруу үлгэр дууриал, хэрэглэж үзэх сэдэл төрүүлж байгааг бодолцохгүй өнгөрч боломгүй санагдах юм. Тэр тусмаа дууг нь сонсдог урлагийн хүмүүс ийм зүйлийг хэрэглэж байгаа нь бүр ч илүү сэдэл төрүүлэх шалтгаан болж буйг энд зориуд онцлоё. Төрд тангараг өргөсөн прокурор залуу өмгөөлөгчөө уруу татан хэрэглэж, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид нь хүртэл хоёр гурваараа хар тамхины хамааралтай болсныг олон нийтэд зарлачихаад л толгойг нь илээд явж хэрхэвч болохгүй биз дээ. Архи амссан хүний 10 хувь нь архичин болдог бол, хар тамхи хэрэглэсэн хүмүүсийн 10 хувь нь эргэж гарч чаддаг гэсэн судалгаа байдаг гэхээр л хар тамхитай Монгол Улс маш хатуу хуулиар тэмцэх цаг болсныг харуулж байна. Гуравхан сая хүн амтай улсад нэг сарын хугацаанд 21 хүн хар тамхины хэрэгт холбогдож, найман удаагийн гэмт үйлдэл бүртгэгдэж байгаа нь анхаарахгүй өнгөрөх асуудал биш болсныг харуулж байх юм. Төр энэ талаар илүү даацтай ажиллаж, хууль эрхзүйн орчноо ч чангатгах цаг нь болж. Тухайлбал, Х.Тамир 2015 оны долдугаар сард анх энэ хэргээр баривчлагдсан.
Улмаар 2017 оны нэгдүгээр сард түүнд шүүхээс ял оноохдоо хар тамхины хэргийг нь өршөөж, авлигын хэрэгт нь ял оноож байв. Өөрөөр хэлбэл, Байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойн хүрээнд хар тамхи борлуулсан, хадгалсан бус борлуулах зорилгогүйгээр хэрэглэж үзсэн гэх үндэслэлээр өршөөлд хамруулж, авлигын хэрэгт нь таван жилийн ял оноож байжээ. Харин мөнгөтэй аавын хүү энэ ялыг эсэргүүцэж, 2017 оны гуравдугаар сард давж заалдаж байсан юм. Бүтэн гурван жилийн хугацаанд замхарч, хэрэглэдэггүй хэмээн ялаас мултарч байсан прокурор ийнхүү үнэнд гүйцэгдэж, дахин хэрэглэж байх үедээ баригдлаа. Одоо Монголын хууль түүнд хэрхэн үйлчлэхийг харах л үлдэж байна.
Түүнийг дахин ялаас мулталж гэмээнэ хууль шүүхийнхэн ч мөнгөтэй, танил талтай нэгэнд үйлчилдэг гэдгээ нотолсон хэрэг болох билээ. Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож байсан Г.Сарангэрэл гэх бүсгүй ч 2014 оноос эхлэн гурван ч удаа хар тамхины хэрэгт холбогдлоо.
Эхний удаа түүнийг хэрэглэж байхад нь барьсан. Дараа нь худалдан борлуулж байхад нь барьсан хэмээн мэдээлэл цацаж байлаа. Хамгийн сүүлд эмзэг эрхтэн дотроо нууж хил давуулан оруулж ирэх үедээ баригдав. Гайхмаар нь хуулийнхан яагаад энэ бүсгүйг үйлдэл дээрээ баригдчихаад байхад шалгахгүй, хорихгүй явуулаад байна вэ. 2014 оноос хойш гурван ч удаа гэмт хэрэг үйлдчихээд байхад хилээр гаргаж, бүр болоогүй хил давуулан оруулж ирэг хэмээн тавиад явуулчихсан байх юм. Эндээс л хар тамхитай Монгол Улс хэрхэн тэмцэж буй дампуурлыг олж харж болно. Хар тамхичдынхаа толгойг илж суух зуур тэд илүү олон хүнийг хэрэглэгч болгож, дэгсдүүлж хэлбэл хуулийнхны толгой дээр “танц эргэж” байна. Бүр өмгөөлөгчөө хүртэл хэрэглэгч болгоод амжчихсан байна, тэд. Борлуулсан биш хэрэглэсэн бол ялгүй, эсвэл торгох, 3-6 сар хорино гэсэн гажиг хуулийн зүйл заалтаас үүдэж энэ төрлийн гэмт хэрэг сараар, дэгсдүүлж хэлбэл өдрөөр өсч байх юм.
Нэгэн цагт манай улс дамжуулагч байсан бол өдгөө хэрэглэгч орон болж, бүр олны танил, мөнгөтэй айлын хүүхдүүд ар араасаа хэрэглэгч болсон мэдээллийг өдөр бүр л уншиж, сонсч байх юм. Хар тамхины хэргээр баригдсан, хоригдсон, ял сонссон, хэргээс мултарсан тохиолдлыг энд бичвэл барагдахгүй их бий. Тухайлбал, “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал мөн л оны өмнөхөн хар тамхи хилээр оруулж ирэхийг завдан цагдаа нарт баригдаж байв. Төд удалгүй хар тамхины эсрэг аян эхлүүлж буйгаа зарлаж байлаа.
Гэвч мань нөхөр Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн улс төр хийчихсэн давхиж явсныг нуугаад яахав. Өнөөх сурталчилгаа нь тэгсхийгээд таг болсон. Энэ мэтээр олны танил гэхээр толгойг нь илдэг, сурталчилгаа хийгээд ялаа эдэлчихдэг гэсэн буруу зөрүү ойлголт нийгэмд их боллоо, хуулийнхаан. Хар тамхи өөрөө асар үнэтэй. Нэг удаа хэрэглээд өнгөрөх бус байнга хэрэглэдэг учраас мөнгөгүй хүнийг тэд онилдоггүй. Тиймдээ ч төрд тангараг өргөсөн прокуророос эхлээд төрийн томчуудын хүүхдүүд цагаан тахалд нэрвэгдэж буй нь энэ цагийн эмгэнэл гэхээс өөр яалтай. Төрийн томчуудын хүүхдүүд хэрэглэдэг гэхээр л ялаас мулталдаг, хэргийг нь шалгахгүй удаашруулж, нэг ёсондоо толгойг нь илсээр суутал мөд маргааш улсаараа хэрэглэгч болох вий дээ.