. Эрдэнэтийн 49 хувийг Сингапурт зарсан уу
Улсын Их Хурлын зарим гишүүд энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдөр “Монголиан коппер корпорейшн ХХК нь Эрдэнэтийн 49 хувийг Сингапурын компанид худалдсан гэх мэдээлэл олны анхааралыг татав. Харин тус компани “Монголиан коппер корпорейшн” ХХК нь гадаад улсын төрийн өмчит компанийн мэдэлд байсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-иудын 49 хувийг холбогдох хуулийн дагуу, өөрсдийн хөрөнгөөр худалдан авч, Монгол Улсад авчирсан бөгөөд гадаад улсын иргэн, аж ахуйн нэгжид дамжуулан худалдах, зарах, шилжүүлэх ямар ч зорилго байхгүй бөгөөд тэгж шийдвэрлээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн мэдэгдэл гаргасан. Улс төрийн уур амьсгал хурцдаад ирэхээр Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн 49 хувийг сөхөж ярьдаг нэгэн зуршил ч гэмээр нэгэн муухай дадал УИХ-ынханд тогтоод удаж байна. Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нарын цацсан энэ мэдээлэл үнэн үү худал уу гэдэг нь одоогоор тодорхой бус байна.
Төсөв, мөнгөний бодлого эмх цэгцгүй байна
Манай улс 1991 оноос хойш ОУВС-гийн хөтөлбөрт зургаа дахь удаагаа хамрагдаж байгаа билээ. 2017 оноос хэрэгжиж буй Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт ОУВС-гаас зургаа дахь үнэлгээгээ хийгээд байна. Эдийн засгийн тоон үзүүлэлтүүд нааштай гарсан ч, бодлогын тогтвортой байдал, төсөв, мөнгөний бодлогын уялдаа хамаарал эмх цэгц шаардаж буйг дүгнэлтээс харж болно.
Ахмадуудаа 50 төгрөгөөр ядраав
Тэтгэврийн зээлийн жилийн хүү буурсан гэсэн сайхан мэдээтэй эхэлсэн энэ долоо хоног ахмадуудад нэлээн хүндхэн болж өнгөрөв. Эрх баригч нам ахмад наснуудад 50-80 мянган төгрөг өнгөрсөн жилээс олгож эхэлсэн. Энэ мөнгөө өнгөрсөн долоо хоногт өгч, идэр ёс тачигнасан өдрүүдэд “баавгайтай чихэр” булаалдаж байгаа хүүхэд мэт бүтэн долоо хоног Төрийн банкны үүдэнд дугаарлан бухимдав.
Хоёр шатлалтай банк 1991 онд үүссэн
“Банкны хөгжил -95 жил” аяныг зургаан сарын хугацаанд хэрэгжүүлэхээр болж, энэ сарын 21-ний өдөр нээлтээ хийлээ. Монгол Улсад банкны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ онд тохиож буй юм. Зөвлөлт Орос Улстай 1924 онд хувь нийлүүлсэн Монголын худалдаа, аж үйлдвэрийн банкийг Нийслэл хүрээнд байгуулснаар манай улсад нэг шатлалт банкны тогтолцоо үүсчээ. Түүнээс хойш 70 шахам жилийн дараа буюу 1991 онд хоёр шатлалтай тогтолцоонд шилжиж, орчин үеийн банк үүссэн байна
Аймгуудыг эрэмбэлэв
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварыг долоо дахь жилдээ тодорхойлон үр дүнгээ танилцууллаа. Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн нийт 180 орчим шалгуур үзүүлэлтүүдийг нэгтгэн тооцдог. Өрсөлдөх чадвар хамгийн сайн аймаг нь 100 оноотой байх ба бусад аймгуудыг үүнтэй харьцуулдаг.
Энэ удаагийн тайлангийн үр дүнгээс харахад Орхон, Дархан-Уул, Өмнөговь зэрэг аймгууд өрсөлдөх чадвараараа тэргүүлсэн хэвээр байна. Харин сүүлийн байруудад Дундговь, Говь-Алтай, Архангай аймгууд эрэмбэлэгджээ.Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу Эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон, Өмнөговь аймгууд Засаглалын үр ашгаар Говьсүмбэр, Сүхбаатар аймгууд Бизнесийн үр ашгаар Дархан-Уул, Өмнөговь аймгууд Дэд бүтцээр Орхон, Говьсүмбэр аймгууд тэргүүлжээ.Өнгөрсөн онд хамгийн их ахиц гарсан аймгууд: Дорноговь, Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай бол үзүүлэлтүүд нь хамгийн их буурсан аймгууд Булган, Архангай, Хөвсгөл байна.
"Инфляцийн тайлан"-г танилцууллаа
Монголбанк, Монголын Банкны Холбоотой хамтран "Инфляцийн тайлан"-гийн 2018 оны арванхоёрдугаар сарын дугаарыг танилцуулсан юм. Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлд Монголбанк инфляцийг 2018-2020 онд 8 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг тавьсан. Инфляци 2018 оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 8.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 9.3 хувь, суурь инфляци 8.9 хувь байна.