Манай улс геологийн архивын зарим хэсгээ ОХУ-аас өнгөрсөн оны сүүлчээр буцаан авчээ. Ийнхүү Геологийн судалгааны ажлын зарим тайлан мэдээллийг нийтийн хэрэгцээнд гаргасан нь хөрөнгө оруулалтыг татах нөхцөл бүрдлээ хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдэгдэв. Монгол Улсын геологийн судалгааны ажлын зарим тайлан мэдээллийг тухайн үед ажиллаж байсан хойд хөршийн мэргэжилтнүүд авч явдаг байжээ.
Хуучнаар ЗХУ, БНМАУ-ын геологийн хамтарсан экспедицийн гүйцэтгэсэн геологийн судалгааны тайлангууд тухайн цаг үеийн улс төрийн нөхцөл байдлаас болж манай улсын геологийн фондод тушаагдаагүй байсан аж. Бүр хилийн дээс давж хойд хөршийн “Росгеолфонд” санд 20 орчим жил болсны эцэст саяхан нутагтаа эргэн ирсэн нь энэ юм байна.Хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хэлэлцээрийн ширээний ард энэхүү геологийн фондын асуудал олонтаа яригдаж байснаар ажил хэрэг болоход дөхөм болжээ. Эдгээр тайлан, материалуудыг Эрдэс баялгийн мэдээллийн төвийнхөн хүлээн авч, мэдээллийн санд бүртгэж, нийтийн хэрэгцээнд гаргасан байна.