ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Онолбаатар: Хийх ажилтай байна гэдэг л хамгийн чухал

Ц.ЭНХТҮВШИН
2019-01-31

“Нарантуул” ОУХТ-д  бөс бараа наймаалагч, бизнес эрхлэгч Дүгэрхүүгийн Онолбаатарыг энэ удаагийн “Хөлсний амт” буландаа урьж ярилцлаа.

-Сар шинэ дөхөөд захаар хөл хөдөлгөөн ихтэй байна. Наймаа их гүйж байна уу?

-Гайгүй дээ. Ер нь бол ямар наймаа гэдгээсээ хамаарч  борлуулалт янз бүр л байх шиг байна. Манай хувьд цагаан сарын өмнөхөн тор цүнхний материал овоо гүйдэг бол нимгэвтэр зүйл наадмын үеэр борлогдоно гэх мэт өөр өөр. Ажлын хувцасны материал хавар намартаа гайгүй борлуулалттай гэх зэргээр янз бүр байдаг юм.

-Хэдийнээс эхлэн наймаа хийж эхлэв. Ингэхэд уугуул нутаг хаагуур вэ?

-2000 оны эхээр л наймаа хийж эхэлсэн. Би чинь Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул. Хотын хүн болоод арав гаруй жил болжээ.

-Наймааныхаа барааг хэдэн төгрөгт эргэлдүүлж байна вэ. Юугаар дагнаж бараагаа татдаг юм бэ. Лангуу ч бас л битүү л бараатай байна даа? 

-Нэг удаадаа бараг 50 сая төгрөгт бараагаа авчирдаг юм. Манайх дөрвөн лангуу гэж явдаг. Энэ нь уртаашаа нийтдээ зургаан метр лангуу юм. Манайх тор, цүнх, ажлын хувцас, суудлын бүрээс, майхны материалаар дагнасан. Өвөл зунгүй л энэ наймаагаа хийдэг.

-Олуулаа ажилладаг уу. Зөвхөн ганцаараа ажилладаг юм уу?

-Яах вэ, нэг л айл гэж явна. Гэхдээ 2-3 туслах авч туслуулж тэднийг  800-гаас сая  төгрөгөөр цалинжуулна шүү дээ. Олны дэмээр болж л байна. Өөрөө ч амьдрал ахуйгаа дээшлүүлээд, бас хамт ажиллаж буй хүмүүстээ хэдэн төгрөгийн цалин олгочихно.

-Түрээс төлнө биз?

-Төлөлгүй яахав. Лангууны түрээс, тэрэгний түрээс, бараагаа гадаа хадгалуулна гэх мэтээр сардаа сая гаруй төгрөг өгнө. Бараагаа өглөө, оройдоо зөөнө. Нарантуул дотроо  том жижиг хоёр чингэлэг түрээсэлдэг. Түүндээ 370 мянга төгрөг төлнө. Тэрнээс гадаа айлын хашаанд дөрвөн чингэлэг түрээсэлж,  600 мянган төгрөг төлнө. Энэ ажиллуулж буй лангуугаа хоёр жижиг тэрэгтэйгээ 400 мянгаар түрээслэх гээд овоо хэдэн төгрөг бас бусдад өгчихдөг юм.

-Даавуугаа урдаас л оруулж ирэх үү. Солонгосоос давуу оруулж ирдэг гэдэг нь ямар учиртай байх вэ. Шууд хилээр ачуулах уу? 

-Даавуу бөс бараагаа урдаас оруулж ирдэг юм. Солонгосоос орж ирж буй бараа материал гэдэг нь мөн л Тяньжиний боомтоор ирнэ. Тэндээс л ийш, тийш тарна шүү дээ.

-Ам бүл олуулаа юу. Өвөл зунгүй гадаа гандаж зогсохоор олж буй орлого нь амьдрал хүрэлцэж байна уу?

-Ам бүл зургуулаа амьдардаг. Дөрвөн хүүхэдтэй. Хань маань гэрийн даргын ажлаа хийж арын албыг хариуцдаг юм. Хүүхдүүд том болцгоосон. Отгон нь арай нялх байна. Гурван том нь хоолны захдаа хүрчихсэн. Тэднийхээ сургалтын төлбөрийг энэ зах дээр хөдөлмөрлөснийхөө хүчинд л хийсэн гэхэд болно доо. Хөдөлмөрлөсөн хүн үр шимийг нь заавал хүртдэг гэж боддог. Бас сайхан орон байртай болчихлоо. Энэ ажлыг хийлээ гээд муудсан зүйл алга. Илүү сайхан амьдрал руу тэмүүлээд явж байна.

-Үндсэн мэргэжил юу билээ. Яагаад гэнэт наймаачин болохоор шийдчихэв?

-Би Ховдын хөдөө аж ахуйн техникумыг малын эмч мэргэжлээр 1988 онд төгссөн юм. Тэр үед дунд мэргэжлийнхнийг олноор бэлддэг байсан үе. Харин 1990 онд мал хувьчлагдаж, үндсэндээ ажилгүй болсон. Аав, ээж минь малчин байлаа. Тиймээс угийн л малч хүмүүс өөрийн мал хуйг эргүүлж байгаад олны жишгээр 2000 онд нийслэл бараадсан. Нутагтаа очих маань ч багасаж дээ. Аав ээж минь бурхан болчихсон. Ахан дүүсийн ихэнх нь хот хүрээ бараадчихлаа. Одоо цөөн хэдэн хамаатан л байна, нутагт. Цаг наргүй ажилтай улс тэгээд яваад байх зав ч ховор байх юм. Гэхдээ нутгаа их санана шүү. Манай энэ ажил цагаан сараар долоо хоног, наадмаар арав гаруй хоног, шинэ жилээр гурван хоног л амардаг юм. Долоо хоногийн мягмар гарагт амарна. Бусад цагт үүрийн цагаан гэгээнээс үдшийн бүрий буутал л ажиллана даа. 

-Өвөлдөө их хүйтэн, зундаа хэт халуун. Бас л амаргүй нөхцөлтэй ажлын байр шиг санагддаг юм? 

-Өвөлдөө өдөрт нэг удаа ойролцоо гуанзанд хооллоно. Зундаа бол бараг л эндээ идчихнэ. Байнгын хоол хийгээд авчраад өгдөг найдвартай хүнээс аваад идчихдэг юм. Одоо ч энэ орчин нөхцөлд дасчихаж. Ер нь тэгээд хийх ажилтай байна гэдэг чинь одоо цагт хамгийн чухал юм байна.