Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 40 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан тус үйлдвэрийн удирдлагууд хэвлэлийн бага хурал хийж, ойгоо угтан явуулах үйл ажиллагааныхаа талаар мэдээллээ. Түүнчлэн, цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн хариулт өгсөн юм.
-Таныг болон үйлдвэрийн бусад ажилтнуудыг маш өндөр дүнтэй мөнгөөр урамшууллаа гэх мэдээлэл цахим сүлжээнд тарсан. Энэ үнэн үү?
-Би энэ ажлыг аваад нэг жил хагасын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд би нэг ч төгрөгийн урамшуулал аваагүй. Харин үйлдвэрийн бүх ажилтан тус бүрт 500 мянга, ахмадуудад 300 мянган төгрөгийн урамшуулал олгосон. Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан энэ урамшууллыг нэг л удаа олгосон юм.
-Стандарт банкны маргаан ямар шатанд байгаа вэ?
-“Эрдэнэт” үйлдвэр Стандарт банкинд нэг ч ам.доллар төлөөгүй байна. Бид хуулийн компаниар дамжуулан тус банктай холбоо тогтоодог. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг болохоор уулзаад, асуудлаа ярих хүсэлтээ илэрхийлсэн. Одоогоор нөгөө тал хариу өгөөгүй, уулзах эсэх нь тодорхойгүй байна. Бид хуулийн компаниар дамжуулан Стандарт банкны төлөөлөлтэй холбоо тогтоодог.
Энэ бол яах аргагүй тулгамдсан асуудал мөн. 2009-2012 оны хооронд энэ асуудал үүсэж, 2013 онд Арбитрын шүүхэд шилжсэн юм билээ. Бид баримтуудыг нягталж байна. Засгийн газар болон УИХ-аас ч ажлын хэсэг томилон, энэ маргааныг шалгаж байна. Аль болох хохирол багатайгаар шийдвэрлэхээр ажиллана.
-“Эрдэнэт” үйлдвэр давж заалдах эрхгүй болсон нь үнэн үү?
-Арбитрын шүүхээс дараагийн шатанд давж заалдахын тулд эхлээд 51 сая ам.долларыг шилжүүлэх шаардлага тавьсан. Энэ мөнгийг төлөх боломж үйлдвэрт байгаагүй. Байсан ч шилжүүлэх нь зохисгүй гэж үзсэн.
-Тэгвэл "Стандарт" банкинд нэг ч ам.доллар төлөөгүй юм уу?
-Нэг ч л ам.доллар төлөөгүй.
-“Оюутолгой” компанийн ажилчдын дундаж цалин гурван сая төгрөг. Танай ажилчдын дундаж цалин хэд вэ?
-2.3 сая төгрөг байна. Энэ бол чамлах дүн биш. Бид ирэх онд дундаж цалинг 1000 ам.долларт хүргэхээр төлөвлөсөн. Үйлдвэрийн ашиг өсвөл цалин нэмэх боломжтой. Өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс үндсэн болон тарифт цалинг 10 хувиар, долдугаар сарын 1-нээс үндсэн цалинг 20 хувь нэмсэн. Энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас үндсэн цалинг мөн 15 хувиар нэмсэн. Энэ мэтээр бага багаар нэмж байна. Хамгийн бага, үндсэн цалин 1 сая 13 мянган төгрөгт хүрсэн.
-49 хувийг эзэмшигч талын маргаан хэзээ дуусгавар болох вэ?
-Ер нь 49, 51 хувь гэж ялгаж салгаж ярих нь буруу юм. Бид бол үйлдвэрийн үйл ажиллагааг таслалгүй, ашигт ажиллагаа өндөр байхад л анхаарч байна. Ногдол ашиг хуваарилах, ТУЗ болон бусад удирдлагыг томилоход л 49 хувийн асуудал яригдана.
Б.Энхтуяа