-Би их том амжилт гаргаад, олимп, дэлхийгээс медаль авах гэж шатаад байдаггүй. Зүгээр л дуртай зүйлээ хийхийг хүсдэг-
Жүдо, самбо, жиү жицүгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёр жил дараалан түрүүлсэн Ц.Батцэцэгийг энэ удаагийн “Ярилцах танхим” буландаа урьж, ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн жил жүдогийн улсын аварга шалгаруулах тэмцээнд -78 кг-д барилдаж, түрүүлж байсан. Харин энэ жил 70 кг-д барилдаж, түрүүлсэн юм.
-Монголд жүдо, самбо гээд бөхийн төрлүүд өндөр хөгжсөн. Тэр дундаа эмэгтэй тамирчдын өрсөлдөөн ширүүсч эхэллээ. Гэтэл та хоёр жил дараалж жүдо, самбо, жиү жицүгийн улсын аваргад түрүүллээ. Энэ жил жүдогийн улсын аваргад 70 кг-ын жинд барилдаад түрүүлсний дараа таны тухай хүмүүс илүү их ярьж эхэллээ. Хэзээнээс эхэлж бөхөөр хичээллэв. Хэдэн жил хичээллэж байна вэ?
-Би бөхийн спортоор их оройтож хичээллэсэн. Бага байхдаа хоёр, гурван жил барилдаж, бөхийн спортыг сонирхож хичээллэж байлаа. Гэтэл аав, ээж хоёр маань жаахан дургүй байсан болохоор 18, 19 настайгаасаа барилдахаа больсон юм. Харин 2014 оны хавраас эхлээд эргэж бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. 29 настайгаасаа барилдсан гэсэн үг. Эгчийнхээ оролцсон тэмцээнийг үзэж яваад л дахиад барилдая гэж бодсон юм. Эхлээд жиү жицүгээр бэлтгэл хийсэн. Эхний хоёр жил жиү жицүгийн тэмцээнүүдэд түлхүү оролцсон. Дараа нь самбо руу орсон. Самбо бөхийн төрлөөр улсын аваргад 2016 оноос хойш 68 кг-ын жинд дөрөв дараалж түрүүлж байгаа. Жүдогоор хичээллэснээсээ хойш улсын аваргад гурван удаа түрүүлсэн. 2015, 2018, 2019 онд түрүүлсэн байна. Жиү жицүгээр бол хичээллэсэн жилээсээ эхлээд тасралтгүй зургаан жил улсын аваргад түрүүлж байна даа. Бэлтгэл сургуулилт сайн болохоор Монголдоо тэмцээнд оролцоход өрсөлдөгч гайгүй. Би өглөө 08:00-аас, өдөр 14:00 юм уу 16:00 цагаас бэлтгэл хийдэг. Үргэлжлүүлээд орой 18:30-аас бэлтгэлээ хийнэ. Сүүлийн хоёр жил өдөр болгон гурван удаа бэлтгэл хийж байна. Өмнө нь ажил хийхийн хажуугаар барилддаг байсан. Сүүлийн хоёр жил яг тамирчны замналаа хөөгөөд, ажил гэж цалгардахгүй бэлтгэлээ хийж явна даа.
-Ихэнх тамирчдыг харахад, нэг төрлөөрөө дагнаж хичээллэдэг. Ихдээ л хоёр төрлийг сонгож хичээллэж, тэмцээнд ордог байх. Гэтэл та гурван ч бөхийн төрлөөр хичээллэж, бүгдэд нь улсын аваргад түрүүлж байна. Олон төрлөөр хичээллэхээр хэцүү зүйл гарах уу?
-Би самбо, жиү жицүгийн төрлөөр гадагшаа тэмцээнд явдаг. Барилдаан төстэй шүү дээ. Тийм болохоор гайгүй, амар. Нэг их хэцүү байдаггүй. Жүдогоор бол дагнаж бэлтгэл хийдэггүй. Энэ жил улсын аварга болсноосоо хойш арай илүү түлхүү бэлтгэл хийж байна.
-Жүдо олимпийн төрөлд багтсан гэдэг утгаараа хүмүүсийн анхаарлын төвд илүү ордог. Тэгээд ч манай улсын жүдогийн эмэгтэй хүнд жингийнхэн дунд дэлхийд хүчтэй өрсөлдөх тамирчин тэр болгон гарч ирэхгүй байна. Тийм болохоор жүдогоороо илүү түлхүү хичээллэвэл хэрэгтэй юм биш үү. Насны хувьд оройтсон гэж үзээд байна уу?
-Насны хувьд 30 гарчихсан болохоор жүдогоор тууштай хичээллэж, барилдъя гэж боддоггүй. Хэдийгээр улсын аваргадаа түрүүлдэг ч гэсэн доод үеийн дүү нартаа боломж олгож, тэднийг илүү олон тэмцээнд оролцоосой гэж боддог. Гэхдээ энэ жил ганц хоёр тэмцээнд явж үзье гэсэн бодолтой байгаа.
-Улсын аваргын дараа түрүүлсэн бөхчүүдийг гадаад руу тэмцээнд явуулж байна. Парисын “Их дуулга” тэмцээнд гэхэд л улсын аваргад амжилттай барилдсан бөхчүүд оролцлоо. Таны хувьд 70 кг-д улсын аваргад түрүүлсэн байхад гадаад руу тэмцээнд явсангүй. Жүдо сонирхогчид ч нэлээд санал гаргаж байна. Холбоо хэнийг явуулах эсэхээ шийдэж байгаа байх, тийм үү?
-Би өөрөө явах, явахгүйгээ шийдэхгүй шүү дээ. Жүдо бөхийн холбооноос намайг хараахан тэмцээнд оролцох болоогүй байх л гэж бодож байгаа болов уу. Жүдогийнхоо бэлтгэлийг сайн хийвэл тэмцээнд явуулах байх аа.
-Шигшээ багтай хамт бэлтгэл хийж байна уу?
-Энэ жил улсын аваргад түрүүлснээс хойш жүдогийн шигшээ багийнхантай хамт бэлтгэл хийж байгаа. Өмнөх жилүүдэд улсын аваргад түрүүлсэн ч гэсэн шигшээ багийнхантай хамт бэлтгэл хийдэггүй байсан. Энэ жилээс хийж байна. Би өөрөө л жүдогийн бэлтгэл хийдэггүй байсан юм. Надад тийм зав гардаггүй байлаа. Самбо, жиү жицүгийн бэлтгэлээ хийдэг болохоор.
-Жүдод бага анхаарал хандуулдаг юм шиг санагдлаа?
-Яг ч тэгж ойлгож болохгүй. Надаас илүү мундаг тамирчид олон байгаа, тэд олон улсад амжилт гаргана. Дүү нар маань тэмцээнд яваад байвал туршлага суугаад, амжилт нь ахих байх гэж санадаг. Тэгээд ч оройтож хичээллэсэн болохоор бусад залуу тамирчдынхаа замд саад болоод байя гэж боддоггүй. Гэхдээ энэ жил ганц хоёр тэмцээнд явж үзнэ. Азийн аваргад оролцож үзье гэсэн бодолтой байна. Бэлтгэлээ сайн хийгээд байвал тэмцээнд явуулна гэж холбооны удирдлагууд хэлсэн.
-Бөхийн спортоор нэлээд орой хичээллэсэн. Хичээллэж эхлээд 5, 6 жил л болж байгаа мөртлөө гурван ч бөхийн төрлийн улсын аваргад түрүүлнэ гэдэг тийм ч олон хүний үзүүлэх амжилт биш. Амжилтынхаа нууцаас хуваалцвал?
-Хүний цусанд нь байдаг гэдэг дээ монголчууд. Би тийм юм болов уу гэж боддог. Аав, ээж хоёр маань хоёулаа Увс аймгийн Тэс сумын уугуул хүмүүс. Тэсээс бөх их төрдөг гэдэг биз дээ. Тэр утгаараа амжилттай барилддаг байх. Түүнээс гадна, би маш их хөдөлмөрлөж, бэлтгэл хийдэг. Намайг хүмүүс их бяртай, бярдаад давчихдаг л гэж ярьдаг юм. Бусад хүмүүс өдөрт хоёр бэлтгэл хийж байхад би гурав хийдэг. Түүгээрээ л илүү байгаа болов уу. Би барилдаж эхэлж байхдаа ажил хийдэг байсан гэж ярьсан даа. Хоёр жилийн өмнө нэг компани намайг тамирчнаараа авсан. Дуртай спортоороо хичээллээд цалин аваад явах боломжийг бүрдүүлж өгсөн “Шинэ бадрах” компанийн захирал Д.Бадрах ахдаа маш их баярлаж явдаг. Намайг ихэнх спорт хороод, компаниуд хөгшин гээд авдаггүй байсан. Гэтэл тэр хүн “Батцэцэгийг дийлэх хүн байхгүй учраас би тамирчнаараа авна” гээд л авсан. Тамирчин хүнд санхүүгийн асуудал маш их тулгардаг. Асуудлыг маань шийдэж өгснөөс хойш би өнгөрсөн жил таван төрөлд улсын аваргад түрүүллээ. Самбо бөхөөрөө өнгөрсөн жил гадаад руу олон тэмцээнд явсан. Амжилт ч гаргасан. Гэхдээ олимпын төрлийн бус спорт болохоор улсаас ямар нэг шагнал, тэтгэмж авдаггүй. Бор зүрхээрээ л явдаг. Харин ийм тамирчдыг дэмждэг сайхан сэтгэлтэй хүмүүс, компаниуд байдаг болохоор тамирчид амжилтаа гаргаад, спортоороо хичээллээд л явдаг байх.
-Та дороос гарч ирж байгаа залуу тамирчдынхаа барилдааныг үзэж, шинждэг байх. Манай тамирчдад юу дутагдаж байна гэж боддог вэ. Тэр дундаа хүнд жингийнхэнд?
-Том том багш, дасгалжуулагчид тамирчиддаа зааж сургаж байхад би хажуугаар нь “тэгмээр байна, ингэмээр юм” гэж хэлэх нь зохисгүй байх. Манай тамирчид туршлагажаад илүү сайн барилдах болов уу. Ганц, хоёр тэмцээнд явснаар нь дүгнээд, болиулаад байвал хэцүү шүү дээ. Өсч яваа залуу тамирчид сайжирна. Хүн болгон шүүмжлээд байвал яах юм. Залуу хүмүүст урам хэрэгтэй. Урам өгөөд дэмжээд байвал цаашид мундаг тамирчид зөндөө гарч ирнэ гэдэгт би итгэлтэй байдаг.
-Дотоодын өрсөлдөөн сайн байх тусмаа тамирчдын амжилт өсдөг гэдэг. Та залуу жүдочидтай хамт бэлтгэл хийгээд, өөрийнхөө чаддагаас зааж өгөөд байвал хүнд жингийн тамирчдын амжилт ахих байх аа?
-Би чинь тийм их мэхтэй, мундаг тамирчин биш шүү дээ. Хоёрхон мэхтэй, түүнийгээ л янз бүрээр хийж барилддаг. Этдэг, тонгордог. Энэ хоёр мэхээ залуучууддаа заана аа. Энэ мэхийг нь ингэж хийвэл зүгээр гээд. Хоёр мэхээ бэлтгэл хийхдээ байнга давтана. Янз бүрийн хувилбараар хийж үзнэ. Ер нь тонгороо, этээ хоёроо би дархан мэх гэж хэлнэ шүү.
-Тамирчин хүний туйлын зорилго олимп, дэлхийгээс медаль авах. Хэдийгээр оройтож бөхийн спортоор хичээллэсэн ч гэсэн олимпийн наадмаас медаль авч үзэх юм гэж бодогдох үе байдаг уу?
-Би их том амжилт гаргаад, олимп, дэлхийгээс медаль авах гэж шатаад байдаггүй. Зүгээр л дуртай зүйлээ хийхийг хүсдэг. Би барилдах дуртай. Бага байхдаа дуртай зүйлээ хийж, бөхийн спортоор хичээллэж чадаагүй. Харин өөрөө өөрийгөө мэддэг болсон үедээ дуртай зүйлээ хийж байна. Би зүгээр л барилдаад явж байх дуртай. Том том зүйл мөрөөддөггүй. Барилдах л надад гоё байдаг. Хүний хамгийн сайн хийж чаддаг ганц зүйл байдаг гэдэг дээ. Минийх бол барилдах. Хүмүүс намайг хөгшин байж барилдлаа гээд л асуугаад байдаг. Би чаддаг юмаа л хийж байгаа.
-Цаашдаа хэдэн жил барилдъя гэж төлөвлөж байна?
-3-4 жил барилдана л гэсэн бодолтой байгаа. Гэхдээ тамирчид их хэцүү замыг туулдаг. Бэртэж, гэмтэнэ. Зүгээр л нэг шулуун замаар яваад байдаг хүмүүс биш. Янз бүрийн асуудал маш их тохиолдоно. Бэртэж гэмтэхгүй бол дуртай зүйлээ хийгээд байна. Дуртай юм чинь.
-Өдөрт 2-3 бэлтгэл хийнэ гэхээр зааланд ихэнх цагаа өнгөрөөдөг юм байна. Ар гэрийнхэн чинь бүгдээрээ л таныг ойлгож, дэмждэг байх нь?
-Аав, ээж хоёр маань одоо байдаггүй. Хоёр эмэгтэй дүүтэй. Бага дүү маань бас барилддаг. Ц.Сүнжидмаа гэдэг. Хоёр жил дараалж жүдогийн улсын аваргад 63 кг-ын жинд хүрэл медаль авсан. Одоо л 18 нас хүрч байгаа. Миний гаргаагүй амжилтыг дүү минь гаргана гэж найдаж байгаа. Би хоёр хүүхэдтэй. Хоёулаа том болчихсон. Бэлтгэлгүй үедээ хүүхдүүддээ зав гаргана, хичээлийг нь давтуулна. Ерөөс бүхий л цагаа бэлтгэл хийх, гэр бүлийнхэндээ анхаарахад л зарцуулдаг. Тэд маань ч намайг маш их дэмждэг. Ер нь залуучууд спортоор хичээллэх хэрэгтэй. Хүн хөгширч биш хөшиж үхдэг гэдэг шүү дээ. Үнэний ортой л үг. Миний амжилт гаргаж байгаа шалтгаан гэрийнхэнтэй минь салшгүй холбоотой. Намайг барилдахыг харах дуртай гэж ярьдаг. Тиймээс гэрийнхнээсээ их урам авдаг.
-Дүүгийнхээ хувьд дасгалжуулагч биз?
-Би дүүдээ ингэж барилддаг юм шүү гэдгийг харуулъя. Сайн тамирчин болгоё гэж бодож л анх барилдаж эхэлсэн. Тэгж явж байгаад л өөрөө тамирчин болчихсон.
-Жүдогоор барилдаж эхэлснээс хойш гадаадын тамирчидтай барилдсан уу?
-Үгүй. Би чинь самбо, жиү жицү хоёроороо олон улсын тэмцээнд байнга оролцдог. Жиү жицүгээр насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас нэг алт, гурван хүрэл медаль авсан. Азийн танхимын наадамд түрүүлсэн. Ази тивийн аварга болсон. Самбо бөхийн төрлөөр өнгөрсөн жил жиндээ чансаагаараа тэргүүлсэн. Байнга л гадаад явдаг. Жүдогоор бол барилдаж үзээгүй. Хэцүү байж магадгүй гэж боддог.
-Жин хэр их хасдаг вэ?
-Би 72, 73 кг-тай л байдаг. Сүүлийн жилүүдэд бэлтгэл их хийж, булчингийн масс нэмээд жаахан зузаарсан. Өмнө нь 68 кг-тай л байлаа. 2014, 2015, 2016 онд 68 кг-тай байж байгаад сүүлийн хоёр жил 73 болсон. Сүүлд бага зэрэг өвдөөд, хагалгаанд орсон. Жин ч бага зэрэг нэмэгдэж, 75 болсон. Жүдогийн улсын аваргад оролцохдоо жингээ хасч, 70 кг-д барилдсан. Бэлтгэл жигдрээд ирвэл 72 хавьцаа л байдаг юм. Самбод бол 68-д барилддаг учраас 4-5 кг хасдаг шүү.