ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

SOS! ХАР ТАМХИ

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-02-19

Монгол Улс хар тамхи тээвэрлэгч, дамжуулагч улс биш харин идэвхтэй хэрэглэгч орон болсон гэх албан мэдээлэл шинэ он гарснаас хойш олныг цочирдуулах болов. Бид хар тамхины хэрэглэгч биш гэдэг ойлголтыг тас цохисон олон удаагийн үйлдэл 2019 онд гарах болсон нь хүмүүсийн гайхшийг төрүүлэв. Хар тамхи хил, гаалиар оруулж ирэх гэсэн оролдлогууд яагаад нэмэгдэв гэдэг асуулт, хариулт нэхэж эхэлжээ. Үүний хариулт нь 2017 оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн най­руул­гаар энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулж байгаа ял шийтгэлийнх нь хэмжээ багассан явдалтай холбоотой аж. Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр нэвтрүүлэхэд 10-40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10-40 сая төгрөгөөр торгох, мөн 2-8 жил хорих ялаар шийтгэдэг болжээ.

Өөрөөр хэлбэл, мансуу­руулах бодис худалдаалах, хэрэг­лэх гэмт хэрэг үйлд­сэн этгээдэд ногдуулах ялын хэмжээ багассан нь энэ төрлийн гэмт хэрэг нэмэг­дэхэд нөлөөлж байгаа юм байна. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр оруулж ирэх гэж байгаад баригдсан тохиолдол, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогсдын тоо өсч буй нь хуулийн цоорхой юм. Хуулийн байгууллагынхан ч үүнийг баталдаг. Энэ бол аюул. Бүр үндэстэн дамнасан аюул. Ийм л аюул Монголд цэцэглэж гуравдагч орнууд, бүр хаа холын Африкаас хүртэл хар тамхины наймаачид орж ирэх болжээ. Монгол хар тамхины найдвартай хэрэглэгч болж буйн хар сүүдэр тодоос тод харагдаж эхэллээ. Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр оруулах, хэрэглэх тохиолдолд хүлээх хуулийн хариуцлага бага байна гэдэг нь ийм төрлийн гэмт хэрэг нэмэгдэж, хэрэглэгчээ өсгөх гэсэн далд явуулга. Хууль батлагчид гаргасан хуулиа цаг алдалгүй эргэн харж цоорхойгоо нөхөхгүй бол үндэстнээ мөхөөх түгшүүрийн харанга дэргэд дэлдэж байна.

Манай оронд хар тамхины төрлийн мансууруулах үйл­чил­гээтэй ургамлууд багагүй ургадаг гэх. Тухайлбал, каннабисын төрлийн зэрлэг олсны ургамал нэлээд тархсан байдаг ажээ. Энэ ургамлыг түүж хилээр гаргадаг гэдэг нь худлаа биш. Гэхдээ нууцаар экспортолдог. Мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн  60 гаруй хувийг каннабисын төрлийн зэрлэг олсны ургамалтай холбоотой хэрэг эзэлдэг аж. Мөн ice буюу мөсийг гадаад улсаас оруулж ирэх нь ихэсчээ. Энэ нь химийн гаралтай буюу үйлдвэрт тусгай аргаар гаргаж авдаг бодис. Ийнхүү мансуурах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын төрөл олширч байна. Тэгвэл энэ талаар ямар бодолтой байдгийг, хэрэглэж үзэх хүсэл төрж байсан эсэхийг хоёр ч залуугаас тодруулав.

ХСИС-ийн дөрөвдүгээр дамжааны оюутан С.Мөнхбат: 

-Манай улс хэрэглэгч биш дамжуулагч улс гэж сонсож байсан. Хар тамхи болон түүнийг хэрэглэдэг хүмүүстэй таарч байгаагүй болохоор тодорхой мэдэхгүй байна. Толгой эргэх, ухаан  балартах гээд янз бүрийн  олон өөрчлөлтүүд гарч магадгүй байх. Энгийн тамхи татах сонирхол төрөхгүй байхад хар тамхины талаар бодож ч байгаагүй.

ШУТИС-ийн гуравдугаар дамжааны оюутан Н.Буянбат: 

-Хар тамхи нь хүний биед сөрөг нөлөө үзүүлж дахин татах сэдлийг төрүүлдэг гэж сонссон. Энэ нь нэг л татсан бол дахиж татахгүй гэх баталгаа байхгүй гэсэн үг байх . Хар тамхи татвал биеэ хянаж чадахаа болих  байх. Мөн харилцааны хувьд ямар нэгэн сөрөг үр дагавар гарч магадгүй. 

“Ми Ми” гэх бодисыг жолооч нар хэрэглэдэг

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Альша, Баяннуур аймгуудтай хиллэдэг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Гашуунсухайтын хилийн боомт, Гурвантэс сумын Шивээхүрэнгийн хилийн боомтуудаар оруулж ирээд байгаа “Ми Ми” гэх бодисын гол худалдан авагчид нь хүнд даацын автомашин барьж нүүрс тээвэрлэдэг жолооч нар. Холын замд нойр хүрэхээс сэргийлж ийнхүү хэрэглэдэг гэх нь бий. 

70-90 мянган хүн мансууруулах бодис хэрэглэдэг

Хар тамхитай холбоотой гэмт хэрэгт 2016 онд 19-25 насны 114, 26-35 насны 71, 35-аас дээш насны 33 хүн тус, тус шалгуулж байжээ. Гэтэл 2018 онд энэ хэрэгтэй холбоотой 199 хэрэгт 412 хүнийг холбогдуулан шалгажээ. Эдгээр хүмүүсийн 337 нь эрэгтэй, 75 нь эмэгтэйчүүд аж. Хэрэгт 20-35 насны залуус ихэвчлэн холбогддог ажээ.  Манай улсад 70-90 мянган хүн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн албан ёсны тоо баримт байна. 

Мансууруулах бодистой холбогдсон хүний тоо өсчээ

Нийслэлийн эрүүл мэн­дийн газар болон бусад байгууллагуудтай хамтарч хийсэн  “Өсвөр үе, хүүхэд залуучуудын дундах хар тамхи, мансууруулах бодисын ойлголт, хэрэглээ”-ний талаархи тандалт судал­гааны дүнгээс үзэхэд Архи, тамхины хэрэглээ өсвөр үеийнхний дунд өндөр. Бусад төрлийн мансууруулах эм бодисыг тодорхой хэмжээгээр хэрэглэдэг гэжээ. Тодруулбал нийт судалгаанд хамрагдагсдын 44.6 хувь нь архи, 40.3 хувь нь тамхи, 2.9 хувь нь бензин, цавуу, 1.8 хувь нь каннабис, 0.9 хувь  нь экстази хэрэглэж үзсэн гэж хариулсан байна.

Харин Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд мансууруулах бодистой холбогдсон хүний тоо сүүлийн жилүүдэд өссөөр байгаа аж. 2011 онд 11 хүн мансууруулах бодистой хол­боо­той­гоор эмчлүүлж байсан бол 2015 онд 90, 2016 онд 139, 2017 оны байдлаар гэхэд 239 хүн холбоотой болсон байна. Эд­гээ­рээс хөдөл­мө­рийн насны 18-35 насныхан зонхилдог.

Хамгийн бага нь 15 настай

Хар тамхийг худал­даалагч, хэрэглэгч, захиа­лагчдын 82.5 хувь нь 18-25 насныхан байдаг. Өсвөр үеийнх­ний дунд хийсэн судалгаагаар 2000 хүүхдийн 463-т нь мансууруулах бодис хэрэглэж үзэх санал иржээ. 2018 он гарснаас хойш 24 хэрэгт 59 хүнийг холбогдуулан шал­га­сан талаар “Өдрийн сонин”-д дурд­жээ. Үүний долоо нь шуудан илгээмжээр буюу Америк, Герман, Нидерланд, Ирланд, Англи, Тайландаас ирүүлсэн байна. Шинэ он гарснаас хойш энэ төрлийн хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийн хамгийн бага нь 15 настай хүүхэд байна.

Орос, Хятад хар тамхины хэрэглээгээрээ дэлхийд дөрөвт ордог

НҮБ-ын мансууруулах бодистой тэмцэх албанаас гаргасан тайланд дурьдсанаар дэлхийн хэмжээнд 15-64 насны 230 сая хүн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаагаас 27 сая орчим нь тогтмол хэрэглэдэг гэнэ. Үүнээс 200 орчим сая хүн каннабис, 15 орчим сая хүн амфетамин, 15.9 сая хүн опиум /героин/, 13,7 сая хүн кокаин хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Дэлхийд хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлтийн сүлжээ үүсгэн идэвхтэй ажиллаж байгаа Алтан гурвалжин /Тайланд, Лаос, Мьянмарын хилийн бүс/, Алтан хавирган сар /Афганистан, Пакистан, Ираны хилийн бүс/, Мөнгөн гурвалжин /Колумб, Болив, Перу, Мексикийн хилийн бүс нутаг/, Хар гурвалжин /Нигер, Гана, Кени, Судан, Өмнөд Африк/ гэгдэх Африкийн орнуудын гэмт бүлэглэлүүд Төв болон Зүүн өмнөд Азийн орнуудын иргэдийг хар тамхины хууль бус наймаанд элсүүлэх, татан оролцуулах, тээвэрлүүлэх явдал газар авч байгаа ажээ.Одоогоос хоёр жилийн өмнө Зүүн Өмнөд Азийн орнуудыг холбосон “Алтан гурвалжин” хэмээх хар тамхины бүлэгт  монголчууд элсэж, Монголоор дамжуулан мансууруулах бодисын наймаа эрхэлж байсан нь тогтоогдож байсан. Манай улстай хил залгадаг Орос, Хятад улс нь хар тамхины наймаагаар дэлхийд дөрөвдүгээрт ордог байна. Дэлхийд хар тамхины хэргээрээ тэргүүлэгч хоёр гүрний дунд орших Монголд хэдийнэ хар тамхины бизнес хөлөө олсон бөгөөд саяхан 16-25 насны залуусын дунд судалгаа явуулахад тэдний 49 хувь нь хар тамхи мансууруулах бодис хэрэглэж үзсэн гэдэг нь тогтоогдсон байна.

Хятадад 45 ОХУ-д хоёр, Сингалурт хоёр иргэн хоригдож байна        

БНХАУ-ын Эрээн хотод өнгөрсөн онд 20 монгол залуу хар тамхи зөөвөрлөсөн хэргээр хоригдон шалгуулж байна. Тус улсад хар тамхи, худалдан авсан, зөөвөрлөсөн нь нотлогдож, хоригдох ял эдэлж байгаа 25 хүн байдаг аж. Хар тамхи зөөвөрлөгчдийн дийлэнх нь өмнө нь биеэ үнэлэх болон хулгайн гэмт хэрэгт холбогдож байсан архаг гэмт хэрэгтнүүд байдгийг цагдаагийнхан тодотгов. Мөн хар тамхи зөөвөрлөсөн хэргээр ОХУ-д хоёр,     Сингапурт хоёр иргэн саатуулагдан шалгуулж байна.