ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Алтанхуяг: Уран зохиол гэдэг хүн байхын урлаг юм

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-02-21

Энэ удаагийн “Сондгой өнцөг” буландаа Эмзүйн шинжлэх ухааны их сургуулийн ахлах багш, уушгины их эмч Л.Алтанхуягийг урьж, яруу найргийн тухай ярилцлаа. 

-Тантай энэ удаад эмчийн мэргэжил, өвчний талаар ярихгүй. Яруу найраг, уран зохиолын талаар ярилцах гэсэн юм. Болох уу?

-Бололгүй яахав. Би яруу найраг их сонирхдог хүн. Залуу насандаа бичиж ч явлаа. Ер нь багаасаа зохиолч юм уу сэтгүүлч болохыг мөрөөддөг байсан юм. Хүүхэд байхдаа зав л гарвал шүлэг бичдэг байв. Оюутан үе маань ч мөн шүлэг, яруу найрагтай салшгүй холбоотой өнгөрсөн. Үеийн хэдэн яруу найрагч нартай дарвиж,  утга зохиолын дугуйлан хэсүүчилж, шүлэг зохиол уншиж явсан үе минь сайхан дурсамж болон үлдсэн дээ. 

-Багаасаа зохиолч болох мөрөөдөлтэй байж яагаад эмчийн мэргэжлийг сонгох болсон юм бэ? 

-Эмч болно гэж төсөөлж ч яваагүй гэхэд болно. Уг нь сэтгүүлч болно гэж боддог байлаа. Гэтэл намайг аравдугаар ангиа төгссөн жил манай аймагт сэтгүүлчийн ангийн хувиар ирээгүй. Уг нь би монгол хэл, орос хэлний хичээлүүддээ хамгийн өндөр оноотой байсан юм. Аав маань намайг эмч болгоно гэж ярьдаг байсан учраас эмчийн сургуульд орох шалгалт давхар өгсөн байсан хэрэг. Аав, ээж хоёр минь Говь-Алтай аймгийн Анагаахын сургуульд явуулна гэж зүтгэснээр эмч болох зам мөр минь эхэлсэн юм. Манай Завхан аймгийн Шилүүстэй сум Говь-Алтай аймагтай ойрхон учраас нутгийн дөхүүг бодож тэнд сурсан. Миний гурван эгч гурвуулаа Говь-Алтай аймгийн Анагаахын сургуульд сурч, төгссөн байдаг. Тухайн үедээ дургүй байсан ч сургуульдаа ороод л мэргэжилдээ их дуртай болсон. Ингээд сургуулиа онц төгсөөд Улаанбаатар хотод Анагаах ухааны их сургуульд урилгаар орж байлаа. Эмч мэргэжлийг сонгосондоо хэзээ ч харамсаж байгаагүй. Харин ч хамгийн их буян хураадаг мэргэжлийг сонгосондоо баярлаж явдаг. Гэхдээ багаасаа сэтгүүлч, зохиолч болохсон гэсэн мөрөөдлийнхөө дагуу ажлынхаа хажуугаар “ Их оюунлаг хүн” сэтгүүл гаргаад явж байна. Энэ сэтгүүлдээ ихэвчлэн шашны их ухаантнууд, суут хүмүүсийн тухай оруулдаг. 

-Бичгийн хүн болох мөрөөдөл тань үүгээр биелж байгаа бололтой. Утга зохиолын дугуйлангаар явж шүлэг уншиж явсан үеийнхээ дурсамжаасаа хуваалцаач. Олон сайхан яруу найрагч нөхөдтэй байх?

-Утга зохиолын дугуйлан, оюутан үеийн тухай дурсамж минь ардчилсан хувьсгалтай салшгүй холбоотой. Анагаахын сургуулиа төгсөөд Байгаль далайн эрэгт баригдаж байсан “Баам”-ын барилгад  ажилласан юм. Дэлхийн хэмжээний том бүтээн байгуулалт байсан учраас дэлхийн өнцөг булан бүрээс оюутнууд очиж байсан үе. Монголоос 20 гаруй оюутан тэнд байлаа.  Тухайн үед ЗХУ социалист орон байсан хэдий ч тэнд маш олон орны оюутан залуус цугладаг байлаа. Тэдний ярьж байгаа сэдэв, илэрхийлж байгаа санаа нь биднээс тэс өөр. Биднийг бодвол хамаагүй эрх чөлөөтэй, дураараа юм шиг санагдаж байсан. Тэр үед ардчиллын тухай яригдаж байсан үе л дээ. Тэгээд л миний дотор ардчилал гэдэг зүйл хамгийн чухал юм байна гэсэн бодол төрөх болсон. Ингээд 1987 оны намар Улаанбаатар хотод Анагаах Ухааны их сургуульд орж, тэр үеэс эхлэн утга зохиолын дугуйланд сууж, тухайн үеийн шүлэг, найраг бичдэг залуустай нөхөрлөж эхэлсэн юм. Дугуйлангийн багш Т.Юмсүрэн гэдэг зохиолч байлаа. Тэр үед Хүүхэд залуучуудын ордны утга зохиолын дугуйланд олдоогийн алдартай зохиолчдын ихэнх нь явдаг байсан юм. Т.Юмсүрэн багш “яруу найрагч хүн бүх талын мэдлэгтэй байх ёстой гэж” хэлдэг хүн байлаа. Тэр ч утгаараа Монголын хамгийн лидер хүмүүсийг долоо хоног бүр урьж, лекц уншуулдаг байсан юм. Тэр үед би социалист нийгмийг өөрчлөх ёстой гэсэн гүн, бат бодолтой явсан үе.  Ингээд нэг өдөр дүү маань цэргээс чөлөөгөөр гарч, дүүгээ дагуулаад оюутны байрандаа ирлээ. Гэтэл гадны хүн оруулахгүй гээд, дүүтэйгээ хоёулаа оюутны байрны гадаа хоносон. Байрны үүдэнд дүүтэйгээ сууж байхдаа “Гадаа хонож бичсэн шүлэг” нэртэй шүлэг бичиж, түүнийгээ оюутны байрны давхар болгонд нэрээ тавилгүйгээр нааж орхив. Тэр шүлгээрээ Монголын нийгэм, эрх чөлөөгүй байдлыг шүүмжилсэн шиг санадаг. Энэ шүлэг бөөн шуугиан дэгдээж, эцэстээ сайнаар эргэж, оюутны байранд гэр бүлийнх нь гишүүд орж болдог болсон. Энэ явдлаас урам авсан би ерөөсөө л нийгмийг өөрчилж болох юм байна гэсэн итгэлтэй болсон хэрэг. Тэр үед ардчиллын анхдагчдын нэг Ц.Элбэгдорж утга зохиолын дугуйланд ирж, шүлэг уншдаг байв.  Бидний үеийн залуу яруу найрагчид 1988 оны эхээр нийгмээ өөрчлөхийн төлөө тэмцье гэж нууц хэлэлцэн, дөрвөн секторт хуваагдан юу хийх, яах талаар хэлэлцдэг боллоо. Ингээд 1989 оны арванхоёрдугаар сараас эхлэн оюутнуудыг цуглуулах, нууц ухуулга хийх зэрэг үүрэгтэй болдог юм байна. Ингээд 1990 он гарч, 100 мянган хүний жагсаал болоход ажлын минь үр дүн гарч оюутнууд жагссан. Жагсагчдын ихэнх нь оюутнууд байсан юм. Тухайн үед оюутнуудыг цуглуулж, ухуулж явсан н.Батжаргал гэх найзтайгаа одоо уулзахдаа “бид чинь ардчиллын алтан анхдагчид шүү” гэж бие биенээ цаашлуулдаг юм. Үнэхээр ч бидний хэдэн оюутнууд ардчилал гарахад оролцож, үүрэг гүйцэтгэж байсан гэж боддог. Гэхдээ тэр үед мөр зэрэгцэн шүлэг, найраг бичиж явсан маш олон найз минь нийгмийн золиос болсон доо. Хамгийн дотно нөхөрлөж явсан нь яруу найрагч Ж.Болд-Эрдэнэ, н.Уянга зэрэг гарын таван хуруунд багтсан сайхан нөхөд байсан. Бид ойр ойрхон цуглаж байнга шүлэг,зохиолоо уншицгааж, бие биенээ урамшуулж, шүүмжилж, ташуур өгдөг байлаа. Тухайн үедээ өөрсдийгөө Бага зохиолчдын эвлэл гэж хөөргөж явсан үе. 

-Одоо шүлгээ бичдэг биз дээ. Таны урын санд хэчнээн шүлэг байна вэ?

-Оюутан үедээ бичиж байсан шүлгүүд одоо байхгүй болсон. Тухайн үед шүлгүүдээ чамбайруулж байгаад ном гаргана гэж төлөвлөж байсан ч амжаагүй. Ардчилал гарсантай холбоотойгоор өмнөх нийгмийн үед бичиж байсан хязгаарлагдмал сэдэвтэй шүлгүүдээ голсон хэрэг л дээ. Харин сүүлийн жилүүдэд бясалгалд явж, буддын гүн ухааныг судалж эхэлснээс хойш шүлэг яруу найраг бичих хүсэл их төрдөг болсон. Одоогоор 100 гаруй шүлэг байгаа. Оюутан байхдаа бүх зохиолч нарын бүтээлүүдийг нэрсийнх нь үсгийн дарааллаар бүгдийг нь уншдаг байв. Тэгсэн хэдий ч авьяас дутсан ч юм уу үеийнхээ яруу найрагчидтай мөр зэрэгцэн ном, бүтээл гаргаж чадаагүй. Гэхдээ хамтарсан номуудад арав гаруй шүлэг хэвлэгдсэн байдаг юм. Би өөрийгөө одоо л яруу найраг бичих байх гэж бодоод байгаа. Сайн шүлэг, сайхан бүтээл гэдэг цаг хугацаанаас үл хамааран үнэ цэнээ хадгалдаг юм шиг байгаа юм. 

-Сүүлийн үед уран зохиолын шинэ урсгал, чиглэл гарсантай холбоотойгоор миний шүлгийг уншигч заавал ойлгох албагүй гэх хандлага бий болсон гэдэг. Энэ нь яруу найргийн яруу байх чанарыг алдагдуулж байна гэж зарим ахмад яруу найрагчид шүүмжилдэг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ? 

-Уран зохиолын бүх урсгал хөгжих ёстой. Тэгж байж Монголын уран зохиолын салбар хөгжинө. Энэ утгаараа би сүүлийн үеийн модернист яруу найрагчдыг үгүйсгэдэггүй. Гэхдээ аливаа зүйлийг хүн сайн ойлгож байж дагах ёстой. Модернизм гээд галзуу хүний өдрийн тэмдэглэл бичээд байж болохгүй. Тухайн цаг үедээ ойлгогдохгүй байсан бүтээл дараагийн эрин үед алдарын оргилд хүрсэн тохиолдол дэлхийн уран зохиолын түүхэнд олон байна. 

-Таныхаар яруу найргийн гол үнэ цэнэ нь яруу сайхандаа байдаг уу, утга санаандаа байна уу?

-Яруу найраг гэх нэршлийг нь бодсон ч тэр шүлэг, зохиолд яруу чанар зайлшгүй байх ёстой. Гэхдээ миний бодлоор хамгийн чухал нь яруу найрагчийн тухайн мэдрэмжийг онож илэрхийлсэн илэрхийлэмж, утга агуулга нь чухал юм шиг санагддаг. Зүрхнээс гарсан зүйл л сайн бүтээл болдог. Яруу найргийн сэдвийг хайж олно гэсэн ойлголт байх ёсгүй. Яруу найрагч хүн төрөлхийн торгон мэдрэмжтэй хүмүүс байдаг. Тэр ч утгаараа аливаа зүйлээс төрсөн мэдрэмжээ буулгаж, тэрхүү мэдрэмжээс нь хэр сайн яруу найрагч вэ гэдэг нь харагддаг байх гэж ойлгодог. Яруу найраг гэдэг хүний сэтгэл, дотоод чанарын илэрхийлэл. Ер нь уран зохиолын эцсийн мөн чанар үнэнийг илэрхийлэхэд л оршдог байх. Уран зохиол гэдэг хүн байхын урлаг юм. 

-Яруу найраг, уран зохиолын тухай ярихад “Онгод” гэдэг зүйлийг ярих хэрэгтэй байх.  Таны хувьд онгод орно гэдэг ямар хүчин зүйл,  ямар мэдрэмж вэ? 

-Залуудаа архи уухад онгод ордог гэж их дарвиж уудаг байсан. Одоо бодоход архи ууснаар сүрхий онгод ордог юм байгаагүй юм шиг санагддаг. Ер нь дарвисан залуучуудын өрөөсгөл ойлголт л байсан байх. Минийхээр уран бүтээлч хүнд бүтээлийн санаа, оргилсон мэдрэмж төрөх тэр мөчийг л онгод орох гэж хэлэх байх. 

-Монголын яруу найрагчдаас хэний бүтээлд дуртай вэ?

-Бавуугийн Лхагвасүрэн, Данзангийн Нямсүрэн, Очирбатын Дашбалбар гээд шүлэг, зохиолыг нь шимтэн уншдаг сайхан уран бүтээлчид олон. Миний хамгийн дуртай шүлэг Д.Нямсүрэнгийн “Амитаба” гэдэг шүлэг байдаг. Энэ шүлэг шиг шүлэг Монголын яруу найргийн аль ч түүхэнд ховор болов уу. Түүнийг амьд ахуй цагт нь уулзаж, шүлэг зохиолыг нь шимтэж явснаараа бахархдаг.