ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Сүглэгмаа: Миний үйлчлүүлэгчид дэгжин хүмүүс

Ц.ЭНХТҮВШИН
2019-03-04

Эмэгтэйчүүдийн баяр дөхсөн болохоор бүсгүйчүүд гоё дээрээ гоё болохоор  үсчин, дэлгүүр гээд явж л болох газраар дүүрэн байх шиг байна. Би ч гэсэн бас юу дутах вэ гээд үсчин рүүгээ дэгдлээ. Үсчин рүүгээ гэдэг нь би энэ үсчин бүсгүйгээр 20 гаруй жил үсээ засуулжээ. “Миний үсчин”-г Смирновын Сүглэгмаа гэдэг. С.Сүглэгмаа үсчний үндсэн мэргэжил нь геодези зураг зүйн инженер юм билээ.  Сургуулиа төгсөөд улсын геодези,  зураг зүйн газар инженер хийж байгаад ар гэрийн гачигдал гэхүү дээ, нялх хүүхдүүдээ орхиод хөдөө явж чадахгүй болсон тул ажлаасаа гарчээ. 10 жилийн сурагч байхаасаа л үйлийн хайчаар найз нөхөд,  ойр тойрныхныхоо үсийг засчихдаг байж. Үс засч,  янзлах сонирхолтой байсан нь түлхэц болж тэрбээр үсчний курст суралцан мэргэжил эзэмшжээ. Тэр цагаас хойш  28 жил тасралтгүй ажиллаж байна.  “Хүн нэг зүйлд хэт их шунан дурлах нь сайн, муу үр дагаварыг үзүүлдэг гэдэг. Инженерээ хийгээд явах боломж надад байсан уу, байсан. Миний мэргэжил тийм ч хэцүү биш, сайхан ажил. Гэтэл би үсчиндээ илүү дуртай байж. Тэгээд өнөөдөр хүртэл ажилласаар л байна. Хаа таарсан газраа л найз нөхөд, дүү нарынхаа үсийг үйл хийдэг хайчаар засчихдаг байлаа шүү дээ. Өөтэй л засч байсан байх.

Гэсэн ч миний анхны үйлчлүүлэгчид дүү нар, ангийнхан маань байж.  Үс засах ч бүр юу ч биш. Их сургуульд байхдаа ангийнхныхаа үсийг бөөнөөр нь суулгаж байгаад будчихдаг байлаа. Юугаар гээч. Тэр үед чинь үсний будаг гээч нь хувь хүн бүрд олдохоор элбэг дэлбэг ч байгаагүй. Арьс ширний үйлдвэрийн л будаг байх. Нэг тийм нүүрс шиг хар будаг байдаг байлаа. Түүнийг нунтаглаад ус, бага зэрэг гурил, давс, сахар хийгээд л ангийнхныгаа эгнүүлж суулгаж байгаад үсийг нь будчихдаг байсан. Энэ тухай манай ангийнхан таарахаараа бас дурсдаг юм” гэсээр С.Сүглэгмаа үсчин их ажлынхаа хажуугаар хуучилна. Тэрбээр цааш нь “Миний үйлчлүүлэгчид нэг их олон хүн байхгүй ээ. Гэхдээ нэг ирж засуулаад явсан бол эргээд л ирдэг юм. Яах вэ, би санааг нь ойлгоод хэлснээр нь л засахыг хичээдэг” хэмээн даруухан өгүүлэх  түүний цаад нарийн учрыг би бараг л мэднэ. Өглөө сэрэхэд л өргөн хэрэглээний барааны үнэ өсч буй өнөө үед С.Сүглэгмаа үсчин анх л зассан үнээрээ шахам засдаг хэвээрээ л байгаа. Бас “Зан сайтынд гийчин олон,  замаг сайтад загас олон” хэмээдгийн үлгэрээр С.Сүглэгмаа үсчин зан сайтай бүсгүй. Өөрөө “цөөн үйлчлүүлэгчтэй” гэх ч түүний бяцхан үсчний газраар хөл татрахгүй. Тэрбээр өөрийн мэргэжлийн онцлогийн талаар ийн хуучлав.  

“Үсчин хүн ажлын байраа маш сайн бэлтгэж, багаж хэрэгслээ бэлдэх ёстой. Дээр нь ур чадвараа байнга дээшлүүлж, өөрийгөө боловсруулж, хөгжүүлж байх ёстой санагддаг.  Цаг үе хурдан өөрчлөгдөж байна. Ямар тоног төхөөрөмж, будаг, материал хэрэглэгдэж байна гэдгийг өдөр бүр судалж,  суралцаж байж гэмээн цаг үетэйгээ хөл тааруулж алхана шүү.  Бас үйлчлүүлэгчээ сайн судлах хэрэгтэй. Бие хүний онцлогийг анхаарч,  түүнд тааруулах гэж нэг зүйл бас байна гээд яриад байвал их зүйл бий“ гэсээр үсээ засангаа эгээ л багш аятай баахан зүйл ярилаа. Тэгтэл түүнийг багш гэдгийг нь батлах гэсэн мэт шавь нь гэсээр залуу бүсгүй орж ирэв. С.Сүглэгмаа бүсгүй үндсэн ажлынхаа хажуугаар үсчний мэрэгжлээр суралцаж буй охид,  залууст багшилдаг юм байна. Түүний шавь нарын тоо 140 хүрсэн аж.  Энэ бүхнийгээ тэрбээр нягт нямбай бүртгээд тэмдэглэчихэж.  Үсчид хэдэн цаг ажиллана, тэр тоолонд хоёр хөл дээрээ зогсоно. Яаж ч хаалт зүүгээд ам хамраар нь үс орно. Энэ мэтчилэн үсчний ажил амаргүй.  Ямартаа дорнын зарим улсуудад “Ямар ч гуйлгачин үсчинд ороход сууж л үйлчлүүлнэ. Ямарч хаан гуталчны өмнө зогсож гутлаа тослуулна” гэдэг үг бий. С.Сүглэгмаа үсчин өөрийн үйлчлүүлэгч нарт үсээ хэрхэн угааж, арчлах наад захын зөвлөгөөг байнга өгдөг болохоор үйлчлүүлэгч нар нь тааламжтай. “Миний үйлчлүүлэгчид их дэгжин шүү. Үсэндээ анхаарал их сайн тавьдаг.

Ялангуяа ахимаг насны эмэгтэйчүүд бүр мундаг” хэмээн тэр бас үйлчлүүлэгчдээ магтана. Намайг гээд зориод ирсэн хүн бүхний сэтгэлд нь нийцтэл гоё сайхан болгохын төлөө хичээхээс аргагүй шүү дээ. Тэд маань миний амьдралыг тэтгэгчийн нэг хэсэг. Сэтгэлээ гаргаж хийсэн бүхэн минь надад үр дүнгээ үргэлж сайнаар харуулдаг” гэсээр ажлаа үргэлжлүүлсээр үлдлээ. Харин түүний охин З.Солонго ээжийнхээ талаар “Хүн бүр ээжийгээ магтах байх. Яг үнэнийг хэлэхэд, миний ээж цэвэрхэн жижиг цаасыг ч хаялгүй ноорог болгож, хэрэггүй зүйлийг ч хэрэгтэй болгож ашигладаг. Олон жил үр хүүхдээ халуун дулаан гэрт өсгөх гэж өөрөө хүйтэнд хөрч, ажлынхаа хажуугаар бага гэлгүй жижиглэнгийн худалдаа хийж,  бага багаар ч гэсэн чин үнэнчээр хөдөлмөрлөж,  амьдралаа босгосон. Миний аав,  ээж  хоёр дүү бид  хоёрт “Хүн шударгаар хөдөлмөрлөж, түүнийхээ үр шимийг хүртэх хэрэгтэй” гэж сургасан.  Өглөө бүр жижиглэнгийн худалдааны бараа гэж хэдэн тор юм авчихаад,  автобусанд чихэлдээд л суудаг байсан. Хүн ямар тэвчээртэй байх, яаж шударгаар хөдөлмөрлөх, ээж хүн ямар байх ёстойг үгээрээ биш үйлдлээрээ харуулсан даа миний ээж.  Заримдаа ядарч шантрах үедээ ээжийгээ бодохоор сэргээд л ирдэг юм. Ээжийн минь дуслуулсан хөлс бүхэн ямархан үнэ цэнэтэйг бид мэднэ” хэмээн ярьсан юм. С.Сүглэгмаа бүсгүй өглөө эртлэн босч ажилдаа явахаас өмнө иогоор хичээллэж, орой ажлаа тараад англи хэлний хичээлд суун цагийг үнэхээр өгөөжтэй өнгөрүүлдэг нь таалагдсан.