ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

А.Мөнхсайхан: Сул газар хөдлөлтүүд олшрох нь хүчтэй газар хөдлөлтийн урьтал байж болно

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-11

Газар хөдлөлтийн давтамж жил ирэх тусам нэмэгдэж байгааг мэргэжлийн байгууллагынхан хэлж байгаа. Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор, А.Мөнхсайхантай ярилцлаа. 

-Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байна гэж их ярих боллоо. Үүний шалтгаан нь юу байдаг юм бол. Ер нь манай улс газар хөдлөлтийн хэр аюултай бүсэд ордог вэ?

-Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байна гэдэг нь Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн тухайд авч үзсэн судалгаа байгаа юм. Яагаад гэвэл Улаанбаатар хот орчимд 2005 оноос эхлээд газар хөдлөлтийн тооны хувьд огцом өсөлт ажиглагдаж эхэлсэн, тиймээс ч бид тус бүс нутагт нутагт нарийвчилсан судалгааны ажлуудыг үе шаттайгаар хийж байна. Улаанбаатар хот орчмын нутаг дэвсгэрт сүүлийн 20 гаруй жилд ажиглагдсан газар хөдлөлтийн статистик үзүүлэлтээс харахад, 1994-2004 онуудад Улаанбаатар хот орчмын нутаг дэвсгэрт жилд дунджаар 80-100 газар хөдлөлт тохиолддог байсан. 2005 оноос энэ тоо огцом өсч, 1000 гаруй газар хөдлөлт ажиглагдах болсон. Тус бүс нутагт болж буй газар хөдлөлтүүдийн давтамж өнөөг хүртэл буурах хандлага ажиглагдахгүй байна. 2010 оноос хойш Улаанбаатар хот орчмын бүс нутагт олон улсын эрдэмтэдтэй хамтран идэвхтэй хагарлын судалгааг хийсэн Нийслэл хот орчимд Хустай, Эмээлт, Гүнж, Авдар, Шархай, Мөнгөнморьт гэсэн идэвхтэй хагарлууд байгааг тогтоож, нарийвчилсан судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Судалгааны ажлын үр дүнд эдгээр голомтуудад магнитуд нь 6-7.8 хүчтэй газар хөдлөлтүүд 1000-6000 жилийн өмнө болж байсан бөгөөд 2005 оноос ажиглагдаж буй идэвхжилт тус бүсүүдийн дагуу болж буйг тогтоосон. Ер нь Газар хөдлөлтийн идэвхтэй хагарал гэдэг нь урьд өмнө нь тэр газарт хүчтэй газар хөдлөлт болж байсан гэсэн үг. Хүчтэй газар хөдлөлтөөр хэдэн арваас хэдэн зуун километрийн урттай хагарал газрын гадаргууд үүсдэг. Ер нь газар хөдлөлтийн идэвхтэй хагарлын бүс нутагт сул газар хөдлөлтүүд олноор болно гэдэг нь тэнд хүчтэй газар хөдлөлт болох дохио ч байж болно. Бид хамгийн сүүлд буюу 2014 онд “Улаанбаатар хот болон Налайх, Багануур, Багахангай дүүргүүдийн газар хөдлөлтийн бичил мужлалын зураг” зохиох ажлыг шинэчлэн гүйцэтгэсэн. Судалгааны үр дүнгээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэр нь VII-IX баллын бүсэд орж байна. Энэ маань газар хөдлөлтийн аюул өндөртэй гэсэн үг юм. 

-Газар хөдлөлт хэдийд болохыг урьдчилж мэдэх юм уу тооцоолох боломж байдаг уу?

-Дэлхийн түүхэнд өнөөдрийг хүртэл газар хөдлөлтийг урьдчилж хэлсэн тохиолдол байдаггүй. Газар хөдлөлтийг урьдчилан хэлнэ гэдэг нь тухайн газар хөдлөлт хэзээ, хаана, ямар хүчтэй болохыг хэлнэ гэсэн үг. Судлаачид хаана, ямар хүчтэй газар хөдлөлт болохыг урьд өмнө болж байсан хүчтэй газар хөдлөлтийн ул мөрөөр тодорхойлж чадаж байна. Харин яг хэзээ гэдгийг нарийн хэлэх боломжгүй юм. Дээр хэлсэнчлэн Улаанбаатар хот орчмын идэвхтэй хагарлууд дээр магнитуд нь 6-7.8-тай газар хөдлөлтүүд 1000-6000 жилийн өмнө болж байсан. Энэ үр дүн юуг харуулж байна вэ гэхээр тухайн идэвхтэй хагарлууд дээр ийм хүчтэй газар хөдлөлтүүд болж байсан гэсэн үг. Тэгэхээр энд ийм хүчтэй газар хөдлөлт болно л гэсэн үг.

-Манай улсын хувьд жилд дунджаар хэчнээн удаа газар хөдөлдөг юм бэ. Сүүлийн жилийг өмнөх жилүүдтэй харьцуулбал ямар үзүүлэлт гарах бол?

-2019 оны эхний хоёр сарын байдлаар манай улсын нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт 6043 удаагийн газар хөдлөлт болсон. Эдгээрээс 3.5-аас дээш магнитудын хүчтэй хөдлөлт 16 байгаагаас манай нутаг дэвсгэрт 14 нь болсон байна. Өнгөрсөн жилийн хувьд 37500 гаруй газар хөдлөлт болсон байна.

-Энэ үзүүлэлтээс харахад, газар хөдлөлтийн давтамж ойр ойрхон байгаа юм биш үү. Хоёр сарын дотор 6000 удаа газар хөдөлсөн гэхээр хоногт бараг 60 гаруй удаа жижиг хэмжээний газар хөдлөлт болдог гэсэн үг үү. Энэ хэвийн үзүүлэлт үү?

-Байдаг л үзэгдэл. Хүмүүст мэдэгдэхүйц хэмжээний хүчтэй газар хөдлөлт л цөөхөн болохоос биш иргэдэд мэдэгдэхгүй маш олон газар хөдлөлт болж байдаг. Хамгийн сүүлд мэдрэгдсэн газар хөдлөлт гэвэл 2019 оны хоёрдугаар сарын 16-нд Архангай аймгийн Өлзийт сумаас зүүн урагш 38 км, Өгийн нуураас зүүн хойш 28 км-т магнитуд нь 4.6-тай газар хөдлөлт болсон. Уг газар хөдлөлтийг Өлзийт сумын Цайдам-Улаанчулуут багын оршин суугчид болон Архангай аймгийн төвийн оршин суугчдад мэдэрсэн байна. Ер нь хүчтэй газар хөдлөлт гэдэг маань хил хязгааргүй ойлголт л доо. Тухайлбал, Оросын Кизилд 2012 онд болсон хүчтэй газар Улаанбаатар хотын оршин суугчдад мэдрэгдсэн байх жишээтэй. Ямар зайнд, ямар хүчтэй, хэр гүнд болж байгаа гэдгээсээ маш их хамаарна. Хүмүүсийн мэдэрдэг нь л цөөхөн болохоос биш бага хэмжээний хүчтэй газар хөдлөлтүүд байнга болдог. 

-Хэчнээн магнитудаас дээш хүчтэй бол аюултай гэж үзэх вэ. Хэдээс дээш байвал хүнд мэдэгдэхүйц хөдлөлт болдог юм бол? 

-Тухайн газар хөдлөлт хэр гүнд, ямар хүчтэй болсон бэ гэдгээс их хамаарна. Хамгийн сүүлд хүмүүст мэдрэгдсэн сул газар хөдлөлт гэвэл нэгдүгэр сарын 26-нд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт буюу Сүхбаатарын талбайгаас урагш 9.7 километрт Богд хан ууланд магнитуд нь 2.5-тай газар хөдлөлтийг дурьдаж болно. Тус газар хөдлөлт нь Зайсан болон Их тэнгэрийн ам орчмын оршин суугчдад (хүчтэй дуу чимээ сонсох байдлаар) мэдрэгдсэн байна. Гэтэл ийм хэмжээний хүчтэй газар хөдлөлт эхний хоёрдугаар сарын байдлаар Монгол орны нутаг дэвсгэрт 100 орчим болсон байх жишээтэй. 

-Манай улсад газар хөдлөлт боллоо гэхэд бэлэн байдал хэр хангалттай байдаг юм бэ. Техник тоног, төхөөрөмжөөс эхлээд иргэдийн мэдлэг мэдээлэл хомс байдаг юм шиг санагддаг?

-Газар хөдлөлт, болзошгүй аюулд бэлэн байдлыг хангах талаар Засгийн газрын байнгын ажиллагаатай аюулгүйн зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг байгууллагууд ажилладаг. Газар хөдлөлтийн аюулыг судлах, түүнээс урьдчилан сэргийлэх, аюулын эрсдэлийг бууруулах, аюул тулгарсан үед авран хамгаалах, сэргээн босгох ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий энэ зөвлөл нь төрийн болон төрийн бус байгууллагуудын гамшгийн эрсдэлийг бууруулах харилцан уялдаатай хамтын ажиллагааг зохицуулан удирдаж ажиллаж байна. Одон орон, геофизикийн хүрээлэн тухайн идэвхтэй голомтот бүсэд хамгийн ихдээ хэдэн магнитудын хүчтэй газар хөдлөлт болох боломжтой вэ гэдгийг тодорхойлж өгдөг. Энэ нь газар хөдлөлийн ерөнхий мужлал болон бичил мужлалын судалгааны ажлууд юм. 

-Нэг газар хэдэн жилийн давтамжтай газар хөдлөлт болох боломжтой вэ. Улс орон бүрийн газар зүйн бүсчлэлээс хамаараад харилцан адилгүй байх?

-Энэ нь тухайн бүс нутгийн тектоник нөхцлөөс ихээхэн хамаарна. Монгол орны нутаг дэвсгэр нь Төв Азийн эх газрын газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт оршдог. Өнгөрсөн ХХ зуунд Монгол оронд магнитуд нь долоо ба түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 30 гаруй удаа, түүний дотор магнитуд нь найм болон түүнээс дээш сүйрэлт хүчтэй газар хөдлөлт дөрвөн удаа болсон нь манай газар нутаг эх газрын газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог болохыг харуулдаг. Монгол орны нутаг дэвсгэр нь Энэтхэг болон Евро-Азийн хавтангуудын шахалтын хүч болон Байгалийн рифтийн тэлэлтийн хүчний нөлөөний улмаас эх газрын газар хөдлөлтийн идэвхжилт өндөртэй бүс нутагт тооцогддог. 1905 оны Цэцэрлэг болон Булнайн, 1931 оны Монгол Алтайн, 1957 оны Говь-Алтайн сүйрэлт газар хөдлөлтүүдийг үзсэн хүмүүс бидний дунд бараг үлдээгүй ч эдгээр хүчтэй газар хөдлөлтийн улмаас газрын гадаргууд үүссэн хэдэн зуун км урт хагарлууд өнөөдрийг хүртэл тод хадгалагдан үлдсэн байдаг. 
Ер нь Дэлхий дахинаа болж буй газар хөдлөлтүүдийн ихэнх нь тектоник хавтангуудын хил заагийн дагуу болдог. Нийт газар хөдлөлтийн 90 гаруй хувь нь Номхон далайн хавтанг тойрсон “Галын бүслүүр”-ийн дагуу болж байдгийг судлаачид тогтоосон байдаг. Япон улс нь Номхон далай хавтан Евроазийн хавтан доогуур шурган орж байдаг газар хөдлөлтийн нэн идэвхтэй субдукцийн бүсэд оршдог учраас хүчтэй газар хөдлөлтүүд олноор болж байх жишээтэй. 

-Сүүлийн үед газар хөдлөлтийн тоо тодорхой хэмжээгээр нэмэгдсэн гэж байна. Энэ нь станцууд олширсонтой холбоотой байж болох уу? 

-Энэ бол өрөөсгөл ойлголт. Би дээр Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн тоо 2005 оноос огцом нэмэгдсэн гэж хэлсэн. Энэхүү газар хөдлөлтийн идэвхжилт ажиглагдах үед бид тус бүс нутаг дахь газар хөдлөлт бүртгэх станцуудад ямар нэгэн өөрчлөлт хийгээгүй байсан. 

-Газар хөдлөлтийн тоо нэмэгдэнэ гэдэг нь Том хэмжээний хүчтэй газар хөдлөлт ойртож байгаа гэж ойлгож болох уу?

-Шууд тэгж ойлгож болохгүй. Бага хүчтэй газар хөдлөлтүүд болж байгаад хүчтэй газар хөдлөлт болж болно. Үгүй бол газар хөдлөлт болохгүй ч байж мэднэ. Дахиад 50-60 жил ч газар хөдлөлтийн идэвхжилт ажиглагдахгүй байхыг үгүйсгэхгүй. Эргээд дахиад л жижиг хөдлөлүүдийн давтамж олширч болно. Үүнийг хэлэхэд хэцүү л дээ. 

-Монгол Улсын хэмжээнд хэчнээн газар хөдлөлтийн станц байгаа вэ. Аймаг бүрт бий юу?

-Өнөөдрийн байдлаар Арван долоон аймгийн нутаг дэвсгэрт 150 гаруй газар хөдлөлт бүртгэх станц ажиллаж байна. Газар хөдлөлт бүртгэх станцуудын мэдээллийг бид шууд горимоор Үндэсний Мэдээллийн Төвд хүлээн авч 24 цагаар тасралтгүй боловсруулалт хийж байдаг. 

-Өнгөрсөн оны сүүлчээр Улаанбаатар хотын төвийг дайрсан шинэ хагарал үүссэн тухай нэлээд ярьсан. Энэ талаар тодруулаач. Ийм хагарал үүссэн гэдэг нь тогтоогдсон уу?

-2017 оноос эхлэн Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа. Тус төслийн хүрээнд ажиллаж буй Японы эрдэмтэд энэхүү хагарлыг илрүүлэн судалгааны ажлуудыг эхлүүлээд байна. Судалгааны ажлыг бүрэн хийж дуусгахад хугацаа хэрэгтэй л дээ. Улаанбаатар хотын бүс нутагт илрүүлсэн шинэ хагарал дээр нарийвчилсан судалгааны ажлууд хийгдэж үр дүнгүүд нь гарсны араа дараа дараагийн ажлууд үе шаттайгаар хийгдэнэ.

-Улаанбаатар хотын барилга байгууламжийн тал хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэж гарсан тухай мэдээлэл байсан?

-2013 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар, Нийслэлийн Онцгой Байдлын газраас Япон Улсын ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ” төслийн хүрээнд хийгдсэн судалгааны ажлаар хот орчмын газар хөдлөлтийн идэвхтэй голомтод магнитуд нь 6.6-7.6 хүрсэн нэн хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд хотын барилга байгууламжийн 22-50 орчим хувь нь эвдрэлд, 30-60 орчим мянган хүний амь нас эрсдэх магадлалтай гэж тогтоосон байдаг.