ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлд хүн бүр хамрагдах боломжтой

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-06-04

Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг төрөөс хэрхэн дэмжиж ажилладаг талаар ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Нямдэмбэрэлтэй уулзаж цөөн асуултад хариулт авлаа.

-2018 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ямар хөтөлбөр хэрэг­жүүлэн ажиллаж байна бэ?
-Хөдөлмөр эрхлэлтийг дэм­жих чиглэлээр зургаан хөтөл­бөрийг хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөр батлан хэрэг­жүүлж байна. Нэг­дүгээрт ажлын байрыг дэм­жих хөтөлбөр 35-аас дээш хөдөл­мөрийн насны иргэнд хувиа­раа хөдөлмөр эрхлэхийг дэм­жин гурван сая төгрөгийг барьцаа­гүй, хүүгүйгээр хоёр жилийн хугацаанд эргэж төлөх нөхцөлтэй олгож байгаа. Хоёр­дугаарт, залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр 15-34 насны залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр гараа­ны бизнес төслүүдийг өрсөл­дүүлэн, шалгарсан төслийг 10 сая төгрөгөөр санхүүжүүлнэ. Мөн МСҮТ төгссөн залуучууд гарааны бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх бөгөөд нэг гишүүнд гурван сая төгрөг хэрэв гурван гишүүнтэй байвал есөн сая төгрөг гэх мэтээр санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Гуравдугаарт, Хөгж­лийн бэрхшээлтэй иргэ­дийг дэмжих хөтөлбөр хөгж­лийн бэрхшээлтэй иргэд хам­раг­дахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг эцэг, эхчүүд хөтөлбөрт хамрагдан таван сая төгрөгийг хүүгүй, эргэн төлөгдөхөөр авч болно. Дөрөвдүгээрт тэтгэвэрт гарсан ахмадууд, залуучуудад ажил мэргэжлийн ур чадвар олгох сургалт зохион байгуулах бөгөөд сургалтын нэг цаг нь 3500 төгрөгийн цалинтай түр ажлын байр юм. Тавдугаарт хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэх ур чадвар олгох хөтөлбөр нь удаан хугацаагаар ажилгүй байгаа иргэдийг мэргэжлийн сургалтад хам­руулах, үйлдвэр дээрх сургалтыг зохион байгуулах юм. Зургадугаарт залуу малчдыг дэмжих хөтөлбөр 39 хүртэлх насны залуу малчид, хонин толгойд шилжүүлснээр 200 хүртэлх цөөн малтай малчдыг дэмжих зорилготой. Таван сая төгрөгт төллөх мал авч өгч малжуулах юм. Эргэн төлөлтийг хоёр жилийн хугацаанд төлнө.

-Эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд 2018 онд улсын хэмжээнд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?  
-Хөтөлбөрүүдийг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас санхүүжүүлдэг. Энэ онд 65.3 тэрбум төгрөгийг баталсан. Дээрх зургаан хөтөлбөрөөс гадна хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ буюу ажилд жуулчлах болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээнүүд хэрэг­жүүлдэг. Мөн жижиг зээлийг арилжааны банкаар дамжуулан иргэдэд хөнгөлөлттэй хүүтэй зээл олгодог. Энэ нь иргэнд 10 хүртэлх сая төгрөг олгодог. ААН, нөхөрлөл, хоршоо бол 20 хүртэл сая төгрөгийн зээлийг жилийн 8.4 хувийн хүүтэй хоёр жилийн хугацаатай олгодог. Бидний зүгээс барьцаа хөрөнгөд нь батлан даалт гаргадаг. Зээл “Голомт” банкаар дамжин олгогддог. Энэ жилийн хувьд 22.9 тэрбум төгрөгийг жижиг зээлд зарцуулна.

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилт хаанаас төвлөрдөг вэ?
-Гадаадын иргэдийн ажлын байрны төлбөрөөс санхүүждэг. Сүүлийн жилүүдэд эдийн засаг суларч, бүтээн байгуулалтын ажил унтаа байдалд шилжихтэй хол­богдон төлбөрийн орлого буурсан.

-Жижиг зээлд хамрагдах хүсэлтэй иргэн ААН, нөхөр­лөл, хоршоо хаана хандах ёстой вэ?
-Иргэд өөрийн оршин суугаа газрын хөдөлмөр халамж үйлчилгээний газар, хэлтэс болон, сум дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэ­жил­тэнд хандаж зээлд хамрагдах боломжтой.  

-Зээл олгогдох тэргүүлэх чиглэлийг хэрхэн яаж тогтоодог бол?
-Тухайн аймаг орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг зөвлөлөөр тухайн жил ямар чиглэлийн бичил бизнест санхүүгийн дэмжлэг олгох чиглэлийг хэлэлцэн шийдвэрлэнэ.

-Ажил олоход хүндрэлтэй иргэдийг ажлын байраар хангасан ААН-ийг урам­шуул­даг тухай сонсч байсан юм байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Хүүхдийн асрамжийн газ­раас 18 нас хүрээд гарсан, хорих ангиас суллагдсан, хөгж­лийн бэрхшээлтэй иргэн гэх мэт зорилтод бүлгийн иргэдийг аж­лын байраар хангаж 12 са­раас дээш хугацаагаар нийг­мийн даатгал, эрүүл мэн­дийн даатгалыг төлсөн бай­гуул­лагад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэг­дүүл­сэн­тэй тэнцүү мөнгөн урамшуулал олгодог.