Монголын авто замчдын холбоо болон Зам тээврийн хөгжлийн яам хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Авто зам экспо-2019” олон улсын авто замын үзэсгэлэн өнөөдөр болж байна. Тус үзэсгэлэнд аж ахуйн нэгжүүд авто замын салбарын дэвшилтэд технологи, шинэ бүтээгдэхүүнүүдийг аж ахуйн нэгжүүд танилцуулдаг юм. Энэ жилийн үзэсгэлэнд “Бадрангуй оршихуй” ХХК, Жилин мужийн худалдааны “Heady” ХХК, Германы “Хофман”, “Үйлсийн зам” зэрэг авто замын тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулдаг аж ахуйн нэгжүүд оролцож, өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцууллаа.
Тухайлбал, “Хофман” ХХК замын хөдөлгөөний ухаалаг системийг танилцуулав. Тус системийг байрлуулснаар замын хөдөлгөөн, машины хурд, замын насжилт зэргийг автоматаар тодорхойлохоос гадна, замын ачааллыг автоматаар зохицуулдаг сүүлийн үеийн систем аж. Энэхүү системийг байгаль, цаг уурын хувьд манай улстай адилхан ОХУ-ын Красноярск хотод хэрэглэдэг бөгөөд замын хөдөлгөөнийг замын цагдаа бус уг ухаалаг систем зохицуулж байдгийг тус компанийн борлуулалт хариуцсан менежер Сергей Сахнов онцлов.
Мөн алдарт “Формула” компани тус үзэсгэлэнд оролцож байгаа бөгөөд замын тэмдэг, тэмдэглэгээний шинэ технологийг танилцуулав. Энэхүү үзэсгэлэнд ХБНГУ, ОХУ,БНСАУ, БНХАУ зэрэг дэлхийн долоон орны авто замын салбарын компаниуд оролцож байгаа аж. Үзэсгэлэнд Замтээврийн хөгжлийн сайд Б.Энх-амгалан, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа болон ХБНГУ, БНСУ-ын албаны төлөөллүүд оролцлоо.