Умард Солонгосын генерал Ким Ён Чол өнгөрсөн долоо хоногт АНУ-д айлчиллаа. БНАСАУ-ын Тагнуулын албаны дарга байсан тэрбээр эдүгээ эрх баригч намын дэд даргаар ажилладаг бөгөөд энэ удаагийн айлчлалаараа сүүлийн 18 жилийн хугацаанд АНУ-д ирсэн хамгийн өндөр албан тушаалтан болов.
Түүний айлчлалын гол зорилго нь Сингапурт энэ сарын 12-нд товлогдоод буй Ким, Трамп нарын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангахад чиглэгдэж байв. Тэрбээр айлчлалын эхний өдөр тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзсан бол хоёр дахь өдөр нь Ерөнхийлөгч Доналд Трамптай Цагаан ордонд уулзжээ. Харин энэ уулзалтын дараа Д.Трамп “Бид зургадугаар сарын 12-нд Сингапурт уулзахаар боллоо” хэмээн мэдэгджээ.
Мөн уулзалт Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангид байлгах эхний алхам бөгөөд цаашид хэд хэдэн уулзалт болж магадгүй гэж тооцож байгаагаа илэрхийлсэн байна. Д.Трамп, Ким Ён Чол нарын уулзалт цаг гаруй үргэлжилжээ. Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч “Зургадугаар сарын 12-нд болох уулзалтаар бид ямар нэг гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахгүй. Бид цөмийн зэвсгээс ангижруулах процессыг эхлүүлэх юм. Энэ хурдан, эсвэл удаан байж болно” гэж ярьсан байна.
Харин Ким Ён Чол Ким Жон Уны Нэгдсэн улсын төрийн тэргүүнд хаягласан захидлыг уулзалтын үеэр гардуулжээ. Трамп “Маш сайхан захидал ирсэн. Цаг нь болохоор үзүүлнэ” гэж амласан аж.
Мөн тэрбээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров БНАСАУ-д айлчилсан асуудлыг таатайгаар хүлээж авахгүй байгаагаа илэрхийлсэн байна. С.Лавров айлчлалынхаа үеэр Умард Солонгосын албаныхантай Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар санал солилцсон байдаг. Гэвч, Д.Трамп “Яг ямар зорилгоор Умард Солонгост айлчлав. Эерэг зорилготой бол яах вэ. Харин сөрөг агуулгатай болсон бол тоогүй” гэж ярьсан байна. Хойд Солонгос нь Хятад, Өмнөд Солонгос, Орос гэсэн гурван улстай хуурай газраар хил залгадаг. Өнгөрсөн хугацаанд Ким Жон Ун Хятад, Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулах дипломат алхмууд хийсэн ч бас нэг хөрш болох ОХУ-ыг яриа хэлэлцээрийн гадна үлдээсэн нь анхаарал татаж байсан юм. С.Лавров айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Владимир Путины урилгыг Ким Жон Унд дамжуулсан бөгөөд айлчлал энэ онд багтаж зохион байгуулагдана гэдгийг Кремл сүүлд мэдээлжээ.
“Ливийн загвар”
Өнөөдрийг хүртэл Ким, Трамп нарын түүхэн уулзалтыг цуцлах санал оролцогч талын аль алинаас нь гарч байв. Өмнө нь БНАСАУ-ын тал уулзалтын талаар дахин нягтлах шаардлагатайг хэлж байсан бол дараа нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп уулзалтыг цуцалж буйгаа мэдэгдсэн. Харин ямар шалтгааны улмаас дээрх шийдвэрийг гаргасан нь тодорхой бус байдаг юм. Тэгвэл Пхеньян Д.Трампын зөвлөхийн хэлсэн “Ливийн загвар”-ын улмаас уулзалт цуцлах санал гаргасан байж магадгүй гэдгийг эх сурвалж онцолжээ. Тодруулбал, Д.Трампын аюулгүй байдлын зөвлөх, дайнч хатуу үзэл бодлоороо алдартай Жон Болтон телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо “Умард Солонгосоос цөмийн зэвсгийг нь салгахын тулд бид 2003, 2004 оны Ливийн загварыг хэрэглэх хэрэгтэй гэж бодож байна” хэмээн ярьж байжээ. Иракийн дэглэмийг унагаж, Саддам Хусайныг цаазалсны дараа 2003 онд Ливийн удирдагч Муаммар Каддафи улс орондоо олон улсын мэргэжилтнүүдийг урьж, цөмийн зэвсэг байхгүйгээ батлуулахаар болсон юм. Гэвч 2011 онд АНУ болон NATO-гийн зарим гишүүн орнуудын дэмжлэгтэйгээр хувьсгал гарч, хэдхэн сарын дараа Каддафи гудамжинд алагдсан билээ. Болтон яагаад Хойд Солонгосыг Ливитэй харьцуулсан нь тодорхойгүй байгаа. Гэхдээ ийн ярьсан нь Ким Жон Ун уулзалтын аюулгүй байдалд санаа зовних нэг шалтгаан болсон байж магадгүй аж. Харин Д.Трампын засаг захиргаа Ким Жон Уныг нэгэнт ашиглагдах аргагүй болсон цөмийн зэвсгийн талбайгаа хааж буйгаа цөмийн зэвсгийг халах эхний алхам хэмээн тус улсыг хуурч байна хэмээн хардаж байгаа юм. Тиймдээ ч нэг удаа уулзалтыг цуцлахаа мэдэгдсэн ч, төд удалгүй уулзалт болох боломжтой хэмээн мэдээлж байв. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт болсон уулзалтаар Ким, Трампын түүхэн уулзалт энэ сарын 12-нд төлөвлөгдсөнийхөө дараа Сингапурт болно гэдгийг талууд зарлалаа.