ЖДҮХС-гаас зээл олгох нэг удаагийн сонгон шалгаруулалтад 1600 гаруй төсөл ирдэг байна. Гэтэл эдгээрээс 130 орчимд нь буюу нийт зээл хүсэгч жижиг, дунд бизнес эрхлэгчдийн дөнгөж найман хувьд нь энэхүү зээлийг олгодог аж. Мэдээж зээлд хамрагдсан эдгээр азтануудын дунд мөнөөх эрх мэдэлтнүүд ч багтаж байгаа гэсэн үг. Энэ үзүүлэлт бол ЖДҮХС-гийн дуулиан гараагүй байх үе буюу 2018 оны тайлан. Төсөл сонгон шалгаруулалт явуулж байх үед ЖДҮХС-гийн дуулиан гараагүй байсан үе. Энэ үед ийм сан байдаг, эндээс зээл авч болдог гэдэг мэдээлэл иргэдийн дунд түгээмэл байгаагүй.
Харин энэ жилийн дуулианы ачаар ЖДҮХС-гийн зээлийн талаар амтай бүхэн л ярьж, хүн бүр мэддэг боллоо. Үүнийг дагаад ЖДҮХС-гаас зээл хүсэгчдийн тоо багадаа хоёр дахин нэмэгдэнэ гэдгийг Баялаг бүтээгчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Батдэлгэр онцолж байна. Гэтэл ЖДҮХС-д Улсын төсвөөс 65 тэрбум төгрөгийг төсөвлөсөн 2018 онд 1600 төслөөс 130-ыг нь шалгаруулж, зээл олгож байсан аж.
Тэгвэл зээл хүсэгчдийн тоо багадаа хоёр дахин нэмэгдэх өнөө жил 47 тэрбум төгрөг төсөвлөжээ. Өнөө жилийг орхиж өнгөрсөнд дүгнэлт хийвэл, шалгарсан 130 төслийн 49 нь эрх мэдэлтнүүдийнх байсан гэж урьдчилан тогтоогоод байгаа. Харин үлдсэн 90 гаруй төсөл л энгийн иргэдийнх байжээ. Үүний цаана 1500 орчим жижиг дунд бизнес эрхлэгчдийн боломж хаагдаж байгаа гэсэн үг. Зуу зуун хүний боломжийг үгүй хийсэн эрх мэдэлтнүүдийн балгаар ямар их боломж, шинэ ажлын байрууд бий болох байсныг нэхэн сурвалжлахаар жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй уулзлаа. Бидний уулзсан эхний хүн бол “Учралт хонгор” компанийн захирал Г.Нямцэцэг юм.
Тэрбээр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд сүүний цех ажиллуулдаг. Анх сумынхаа малчдын сүүг худалдан авч, боловсруулан 10 гаруй төрлийн сүүн бүтээгдэхүүн хийж, орон нутагтаа борлуулдаг байжээ. Удалгүй хоёр жилийн дараа сумынхаа малчдыг орлоготой болгож, тогтмол сүү өгдөг байнгын нийлүүлэгчидтэй болсон байна. Сүүгээ борлуулах гэсэн хөдөөгийн малчдын цуваа тэднийхээс тасрахаа больж, жижигхэн цех нь ачааллаа дийлэхгүйд хүрсэн гэнэ. Ингээд Г.Нямцэцэг Улаанбаатар хотыг зорьж, “Сүү” хувьцаат компани, “АПУ”, “Тэсо” зэрэг үйлдвэрүүдэд сүү нийлүүлэх гэрээ байгуулжээ. Эдүгээ тэрбээр 20 гаруй төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна улсдаа дээгүүрт ордог гурван том үйлдвэрийн сүүг нийлүүлж байгаа нь энэ юм.
Сүүний машин очдоггүй хөдөөгийн айлуудын сүүг биечлэн очиж авдаг гэнэ. “АПУ” ХК-ийн сүүний үйлдвэрийн анхны сүү бэлтгэн нийлүүлэгч тэрбээр эдүгээ 10 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллуулж байгаа аж. “Учралт хонгор” компанийн ажил урагштай явж байгаа ч асуудал мундахгүй. Тэрбээр гэрээний дагуу сүү нийлүүлдэг компаниуддаа зуны улиралд өдөрт гурван тонн сүү нийлүүлдэг аж. Гэтэл өвлийн улиралд энэ хэмжээндээ хүрч чаддаггүй байна. Тиймээс тэрбээр сүүний чиглэлийн фермертэй болохыг зорьж, ЖДҮХС-гаас зээл авахаар гурван ч удаа хүсэлт өгөөд, аз дутжээ. Сүүлийн хоёр төсөл нь шалгарсан боловч, санхүүжилт байхгүй гэх шалтгаанаар гацсан аж. Энэ талаар ярихдаа “Сүүний чиглэлийн фермертэй болж байж л би гэрээнийхээ дагуу үйлдвэрүүдэд сүүгээ нийлүүлнэ. Ингэж л улирлаас шалтгаалсан асуудлуудаа шийдэж чадна. Улирал харгалзахгүйгээр цехээ ажиллуулж байж л ажилчдаа байнгын ажлын байраар хангаж чадна. Тийм болохоор ЖДҮХС-д хандахаас өөр аргагүй болсон юм.
Анх би ЖДҮХС-гийн зээлийн талаар мэддэггүй байсан учраас банкнаас өндөр хүүтэй зээл авч цехээ байгуулж байсан. Гэвч ЖДҮХС-гаас зээл авна гэдэг аз, эзийн асуудал юм байна. Хөдөө орон нутгийн, танил талгүй хүмүүст олддог зүйл биш аж. Гурван удаа төслөө өгөөд, бүх шалгуурыг нь хангасан хэрнээ авч чадсангүй. Одоо нэг өгч үзээд бүтэхгүй бол больё гэж бодож байгаа. Хайран цаг заваа хотод ирж, бичиг баримт бүрдүүлж өнгөрүүлж байснаас цехээ ажиллуулж байсан нь дээр юм. Банкнаас зээл авъя гэхээр ихдээ л 20 сая төгрөг зээлдэг.
Гэтэл 20 сая төгрөгөөр би фермер байгуулах ямар ч боломжгүй шүү дээ. Тийм учраас л жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих ёстой энэ санд хандахаас өөр аргагүй байгаа юм. ЖДҮХС-гаас зээл авахад хамгийн хэцүү нь барьцаа хөрөнгөний асуудал юм билээ. Баргийн хүн тэр шалгуурыг нь давахгүй. Тийм болохоор л эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүс нь энэ зээлийг их хэмжээгээр авдаг юм шиг байгаа юм” хэмээн учирлав.
Тэрбээр ЖДҮХС-гаас 500 сая төгрөгийн зээл хүсч байгаа бөгөөд дараагийн төсөл сонгон шалгаруулалтад өмнө нь хоёр удаа шалгараад авч чадаагүй учраас давуу байдал олгох болов уу гэж горьдож байгаагаа энэ үеэр дуулгав. Бидний уулзсан дараагийн хүн бол “Шилмэл дизайн” оёдлын үйлдвэрийн захирал Л.Дэлгэрсайхан. Тэрбээр ЖДҮХС-гаас зээл авахаар хоёр ч удаа төсөл өгсөн боловч мөн л бүтэлгүйтжээ. “Шилмэл дизайн” компани одоогоор 15 ажилтантай аж. Тэрбээр ЖДҮХС-гаас зээл аваад, үйлдвэрлэлээ төрөлжүүлж, ажилчдын тоогоо хоёр дахин нэмэхээр төлөвлөж байгаа гэнэ. Бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлж, үйлдвэрлэлээ төрөлжүүлэхэд 100 сая төгрөг шаардлагатай байгаа аж.
Бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмэгдүүлэхийн тулд зориулалтын тоног төхөөрөмж авах шаардлагатай гэдгийг тэрбээр хэлж байв. Хэрэв зээл авч чадвал 30-40 иргэнийг ажлын байраар хангах боломжтой гэдгийг тэрбээр онцолж байлаа. Тэгвэл Ц.Лхамхүү гуай 10 гаруй жил жимс, жисгэнэ тариалж, түүнийгээ боловсруулан 20 гаруй төрлийн бэлэн бүтээгдэхүүн болгон боловсруулдаг.
Бүтээгдэхүүнээ орон нутагт борлуулахаас гадна Улаанбаатар хотын сүлжээ дэлгүүрүүдээр түгээдэг аж. Хэрэглэгчиддээ ойртох зорилгоор Төв аймгийн Батсүмбэр суманд 10 га газар авчээ. Энэ газарт хашаа барих, худаг гаргах, цэцэрлэгч ажиллуулах зэрэг бүх зардлыг нь тооцоход 200 орчим сая төгрөг шаардлагатай гэнэ. Гэтэл ЖДҮХС-гаас зээл олгох журамд тухайн аж ахуйн нэгжийн хоёр жилийн борлуулалттай тэнцэх хэмжээний зээл олгоно гэж заасан нь түүнд бэрхшээл болоод байгааг тэрбээр учирлаж байв.
Үхрийн нүд, чацаргана, гүзээлзгэнэ, улаалзгана, тошлой зэрэг таван төрлийн жимсээр 26 төрлийн бүтээгдэхүүн хийж борлуулдаг байна. Ц.Лхамхүү гуайн жимсний цехед зургаан хүн ажилладаг бөгөөд Батсүмбэр суманд нээж буй тариан талбайгаа ашиглалтад оруулбал, багадаа 10 гаруй шинэ ажлын байрыг бий болгоно гэдгийг тэрбээр онцолж байв. Өнгөрсөн жил ЖДҮХС-гаас зээл авахаар төслөө өгсөн хэдий ч шалгараагүй гэнэ. Энэ жил дахиад өгөхөөр зэхэж байгаа аж. Бидний уулзсан дараагийн хүн бол Архангай аймгийн Улсын сайн малчин Н.Энхбайгаль.
Тэрбээр гэрийн нөхцөлд 20 гаруй төрлийн сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулдаг бөгөөд, дөрвүүлээ нийлж энэхүү бизнесээ эрхэлдэг байна. Н.Энхбайгаль энэхүү бизнесээ өргөжүүлж, үйлдвэрлэл болгох зорилготой бөгөөд эхний ээлжинд хөргүүр, машин зэрэг тоног төхөөрөмж авах шаардлагатай байгаа аж. Түүний хувьд ЖДҮХС-гаас анх удаа зээл авахаар төлөвлөж байгаа гэнэ. Харин М.Оюунчимэг гуай газар тариалан эрхэлхээс гадна сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Цагаан идээний үйлдвэрлэлдээ хоёр хүн ажиллуулдаг бөгөөд, газар тариалангаа хамаатнуудтайгаа хамтран эрхэлдэг юм байна.
Тэрбээр 2018 онд ЖДҮХС-гаас зээл авах төсөл өгсөн ч мөн л аз дутжээ. Бидний уулзсан дараагийн бизнес эрхлэгч бол П.Чогчиргаваа. Тэрбээр үндэсний хувцас болон төрөл бүрийн европ хувцас оёдог. Одоогоор гэрийн нөхцөлд үйл ажиллагаагаа явуулж байгаа ч дөрвөн хүнийг ажлын байраар хангаж, сард 950 мянган төгрөгөөр цалинжуулж байгаа аж. Тэрбээр Дүнжингарав худалдааны төвд үндэсний хувцасны төрөлжсөн лангуу ажиллуулдаг бөгөөд 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж байгаа аж. П.Чогчиргаваа бизнесээ өргөжүүлж, оёдлын тоног төхөөрөмж, ажилчдын тоо, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд 50 сая төгрөгийн зээл авахаар төсөл боловсруулж байгаа аж. Энэ талаар ярихдаа “Сургуулиа төгссөнөөс хойш 10 орчим жил оёдлын бизнес эрхэлж байна.
Эхэндээ бүх захиалгаа ганцаараа оёдог байсан ч сүүлдээ захиалга нэмэгдэж туслах оёдолчид авч ажиллуулах болсон. Үндэсний хувцасны төрөлжсөн лангуу ажиллуулж эхэлснээс хойш захиалга дөрөв дахин нэмэгдэж, одоо байгаа машин, хүний нөөц маань хаанаа ч хүрэхгүй байгаа юм. Тиймээс үүнийгээ үйлдвэржүүлэх зорилгоор ЖДҮХС-д хандахаар төсөл бичиж байна. Үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмж зэрэгт эхний ээлжинд 50 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа юм.
Танил талгүй хүнд олддоггүй л гэх юм билээ. Ямар ч байсан төслөө өгөөд үзнэ. Хэрвээ амжилттай болох юм бол одоо байгаа захиалгаасаа харахад, багадаа л 10 гаруй хүн эхний ээлжинд ажлын байраар хангах боломжтой гэж харж байгаа” хэмэээн ярив. Эдгээр хүмүүс бүгд л багадаа 4-5 иргэнийг ажлын байраар хангаж байгаа хэдий ч тэдний дунд ЖДҮХС-гаас зээл авсан хүн нэг ч байхгүй байгаа нь харамсалтай.
ЖДҮХС-гаас зээл авахад бизнес эрхлэгчдийн хувьд барьцаа хөрөнгөний асуудал хамгийн том саад гэдгийг Баялаг бүтээгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр хэлж байв. Тэрбээр “Баялаг бүтээгчид ЖДҮХС-гийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа гол шалтгаан нь барьцаа хөрөнгө. Уг нь үүнийг зээлийн батлан даалтын сангаар зохицуулчихсан юм. Гэтэл зээлийн батлан даалтын сан барьцаа хөрөнгийн 60 хүртэлх хувийг олгох ёстой байтал тодорхой бус шалтгаанаар татгалзаад байдаг. Түүнээс гадна зээлийн батлан даалтын санд ороход эргээд хүү төлөх болдог. Энэ шимтгэл нь өндөр байгаа нь баялаг бүтээгчдэд тулгараад байгаа асуудал юм. Түүнээс гадна хүртээмжийн асуудал маш чухал байна. Энэ жил 26.5 тэрбум төгрөгийг хувааж авах болчихоод байна.
Хүртээмжийг нэмэгдүүлэх бус улам л хумиад байна шүү дээ. Энэ бол ихдээ 50-100 аж ахуйн нэгжид л очих мөнгө. Хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд хууль бусаар олгосон зээлүүдийн эргэн төлөлтийг хангуулах шаардлагатай байгаа юмм хамгийн түрүүнд зээлийн эргэн төлөлтийг л эрчимжүүлэх ёстой. ЖДҮХС-гийн зээл нийт эрэлтийнхээ наймхан хувийг л хангаж байна” гэсэн байр суурийг илэрхийлэв. Тэрбээр жижиг дунд үйлдвэрлэлийн салбар хөгжиж байж аж үйлдвэрлэл хөгжинө. Аж үйлдвэрлэл хөгжиж байж л Монгол Улс экспортлогч орон болно гэдгийг онцолж, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд ЖДҮ-ийн хуулийг яаралтай батлах шаардлагатай гэв.
Үнэхээр ч тийм. Баялаг бүтээгчдийнхээ боломжийг залгих нь эх орныхоо хөгжлийг боомилж байна гэсэн үг. Тэд ихдээ л 200 сая төгрөг хүсдэг. Гэтэл 4-5 жижиг аж ахуйн нэгжид олгох хэмжээний мөнгийг ганцхан эрх мэдэлтэн авчихдаг. Зуу зуун хүмүүсийн боломжийг эрх мэдэлтнүүд хаасаар байх уу. Эх орон, ард түмнийхээ хөгжлийг төрийн түшээд боомилсоор л байх уу. Жижиг дунд гэх тодотголтой ч томчуудыг дэмжих сан хэвээрээ л байг уу.