Энэ онд Нийслэлд хийгдэх автозам, нийгмийн барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхийн тулд газар чөлөөлөлтийн ажлыг 1841 нэгж талбарт хийхээр болжээ. Энэ талаар Нийслэлийн газрын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Д.Энхтөрөөс тодрууллаа.
-Нийслэлийн хэмжээнд энэ онд хийх газар чөлөөлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ онд Нийслэлийн газрын албанаас 96 байршилд 1841 нэгж талбарын 220 га газарт газар чөлөөлөлтийн ажил хийнэ. Тодруулбал, 96 байршлын хоёр нь Сэлбэ болон Баянхошуу дэд төв юм. Мөн автозамын 34, сургууль, цэцэрлэгийн барилгын 36, эмнэлэг, хорооны цогцолбор, бусад долоон барилга байгууламж, инженерийн байгууламжийн 17 ажил хийхээр төлөвлөсөн. Энэ онд эдгээр байршлуудад газар чөлөөлөлтийн ажил хийгдэнэ. Аль дүүргүүдэд хэчнээн ажил хийгдэж байгааг ангилж болно. Автозамын ажил сургууль, цэцэрлэгийн ажлыг бодвол нэлээд эрчимтэй явж байгаа. Сургууль, цэцэрлэгийн 36 байршлаас нийт зургаан байршилд нь газар чөлөөлөлт хийхгүй. Одоогоор 30 байршилд иргэдтэй зөвшилцөж, газар чөлөөлөлтийн ажил хийж байгаа. Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийж буй газар чөлөөлөлт 63 хувьтай явж байна.
-Тэгэхээр газар чөлөөлөлтийн ажил хэзээ дуусна гэсэн үг вэ?
-Нийслэлийн Засаг дарга болон удирдлагуудын зүгээс сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөлтийн ажлыг энэ сарын 15-ны дотор дуусга гэсэн үүрэг даалгавар өгсөн. Тиймээс бид энэ сарын 15-20-ны хооронд газар чөлөөлөлтийн ажлыг дуусгана гэсэн төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа.
-Иргэдтэй хэрхэн зөвшилцөлд хүрдэг вэ?
-Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байршилд нээлттэй тендер шалгаруулж, үнэлгээний мэргэжлийн компани шалгаруулж авдаг. Одоогоор газрын үнэлгээний гурван компани шалгарч ажлаа эхлүүлээд байна. Зохион байгуулалтын төлөвлөгөөнд заасан байршлуудад эхлээд мэдэгдэл хүргүүлдэг. Үүний дараа тухайн иргэдээс газрын болон үл хөдлөхийн гэрээ гэрчилгээг хуулбарлан авч, үнэлгээний компаниудад ажлын даалгавартай нь хамт өгдөг. Үүний дагуу үнэлгээний компани үнэлгээгээ хийнэ. Уг үнэлгээг иргэдтэй зөвшилцөнө. Хэрвээ иргэд үнэлгээг зөвшөөрсөн тохиолдолд зөвшлийн хуудаст гарын үсэг зурна. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын хөрөнгө гаргах захирамж гаргуулдаг. Захирамж гарсны дараа иргэдтэй уулзаж хоёр санал тавьдаг. Тодруулбал, 100 хувь мөнгөө авна гэсэн тохиолдолд эхлээд газраа чөлөөлөөд мөнгөө авах боломжтой. Эсвэл барилга байшингаа буулгах зардал мөнгө байхгүй эхлээд мөнгөө авамаар байна гэсэн тохиолдолд 60 хувиа авч болно. 100 хувь буулгасныхаа дараа 40 хувиа ав гэдэг байдлаар гэрээ хийдэг. Үүний дагуу газар чөлөөлөлтийн ажил явж байгаа.
-Газар эзэмших зөвшөөрөлтэй иргэд нөхөн олговор авах боломжтой юу?
-Газрын тухай хуульд эзэмшил газар дээр нөхөн олговор олгоно гэсэн заалт байхгүй. Зөвхөн өмчилсөн газар дээр нөхөн олговор олгодог.
-Иргэд газраа чөлөөлөхгүй гэсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-Сургууль, цэцэрлэг барих талбайд байгаа иргэд газраа чөлөөлөхгүй гэдэг. Албадан чөлөөлөх хуулийн заалт байхгүй учир бид байршлаа өөрчлөх байдлаар асуудлыг шийдвэрлэж байна. Энэ нь ажлын явцыг удаашруулдаг сөрөг нөлөөтэй.
-Нөхөн олговрын үнэ ойролцоогоор хэдэн төгрөг байдаг вэ?
-Мэргэжлийн компани үнэлгээний тухай хуулиар одоо байгаа зах зээлийн үнээр үнэлнэ. Тухайн газрынхаа дэд бүтэц, бүсчлэл, байрлалаасаа хамаараад үнэлгээгээ хийдэг. Үнэлгээний тухай хуульд үнэлгээнд ямар нэгэн хөндлөнгийн байдал нөлөөлөхгүйгээр хараат бусаар үнэлнэ гэсэн байдаг. Тэгэхээр үнэлгээний компани, тухайн иргэн, газрын алба ч нөлөөлөх эрхгүй гэсэн үг. Тухайн үнэлгээг иргэн хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд өөрийнхөө хүсэлтээр иргэн өөр компаниар хөндлөнгийн үнэлгээ хийлгэж болно. Мөн үнэлгээний хороо гэж бий. Тэндээс ирсэн үнэлгээгээр иргэдтэйгээ зөвшилцдөг. Тэгээд зөвшилцөлд хүрч чадахгүй бол байршлаа өөрчилдөг.