ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Архангайчууд “Нескафе”-г хамгийн сайн кофе гэж боддог

O.Admin
2018-06-05

Австралийн “АBC” агентлагийн “www.abc.net.au” цахим хуудаст Монголын, тэр дундаа монголчуудын кофены хэрэглээний талаарх сонирхолтой мэдээлэл нийтлэгджээ. Тодруулбал, найман жилийн өмнө буюу 2010 онд Австралиас Архангай аймгийн Цэцэрлэг хотод ирж суурьшсан Ет Муррай, Лиз Бенн нарын кофены бизнес анх хэрхэн эхэлж, эдүгээ цэцэглэн хөгжиж буй талаар бичсэн байна. Тэрхүү нийтлэлийг уншигчиддаа орчуулан хүргэе.  

Монголын хөдөөгийн нэгэн жижиг хотоос Мельбурны хамгийн шилдэг Латтег олох боломжтой болжээ. Тодруулбал, Австралийн иргэн Ет Муррай, Лиз Бенн нар Монголын нийслэл Улаанбаатар хотоос баруун зүгт найман цаг орчим явж хүрэх Цэцэрлэг хотод австрали кофены амтыг түгээхээр кафе, “Guesthouse”-аа нээсэн байна. Беннийх 2010 онд Австрали дахь бүх эд хөрөнгөө зарж, дөрвөн хүүхдийнхээ хамт Цэцэрлэг хотод нүүж очжээ. 

“Бид машин, мотоцикл, унадаг дугуйгаар манай энүүгээр аялж буй Европын олон жуулчдад Латте, зочид буудал санал болгодог” гэж Ет Муррай ярив. Энэ нь ч жуулчдын сонирхлыг хамгийн их татдаг аж. Улаанбаатараас Австрийн Инсбрук хүртэлх 10 мянган км зайг дугуйгаар туулахаар замд гарсан 25 настай австри залуу Стивин Регенсбергер  “Энэ үнэхээр миний хүлээж байсан зүйл байсан. Цэцэрлэг хотоос барууных шиг тав тухтай байдлыг олж хараад үнэхээр гайхширсан” хэмээн ярина. 

Хамгийн том аюул нь согтуу залуус 

Цэцэрлэг хот драммын нэг мөчлөг шиг санагдана. Ойролцоох хээр талаар малчид давхилдах бөгөөд орон нутгийн иргэд гадаа хэдийнэ дулаарсан ч,  үндэсний зузаан хувцсаа өмсөх аж. Харин сарлаг гудамж талбайгаар бэлчих бол олон хүмүүс одоо ч гэрт амьдарна. 

Өмнө нь Улаанбаатараас Цэцэрлэг хүртэл шороон замаар 14 цаг гаруй явдаг байсан бол шинэ автозам тавьснаар ердөө долоон цаг л зарцуулах боломжтой болсон байна. 

Хоёр дахь жилдээ Цэцэрлэг хотын захирагчаар ажиллаж буй Ц.Мөнхнасан “Засаг даргын ажлаа хүлээж авсныхаа дараа боловсрол, аялал жуулчлалыг хөгжүүлэх гэсэн хоёр үндсэн зорилго тавьж ажилласан” гэв. Одоо ч гэсэн олон монголчууд Улаанбаатараас өөр газарт бизнесийн боломж олох зорилгоор Цэцэрлэг хот руу нүүсээр байгаа аж. Муррайгийн бидэнд ярьснаар, Беннийхнийг анх Архангайд нүүж ирэхэд, ердөө таван хүн л автомашинтай байсан гэнэ. Гэтэл эдүгээ замын түгжрэл асуудал болж эхэлжээ.  

Сүүлийн үед Монголын эдийн засаг өсөлттэй гарч байгаа ч, ядуурал төдийлөн буураагүй байна. Үүнийг дагаад архидалт ч газар авчээ. Тэнд үндэсний үйлдвэрлэлийн нэг литр архи хоёр австрали долларын үнэтэй. Түүнчлэн, Монголын  нэг хүнд ногдох архины хэрэглээ  дэлхийн дунджаас дээгүүр байгаа юм. Нэгэн судалгааны дүнгээс үзвэл, нийт архи согтууруулах ундааны 80 хувийг архины хамааралтай иргэдийн 25 хувь нь л  хэрэглэдэг гэсэн дүн гарсан байна. Тэдний зарим нь зайдуу газарт очиж, архийг шилээр нь уудаг. 

“Аялагчид, зорчигчдын хувьд хамгийн том аюул нь баавгай, чоно, Сибирийн хортой могой биш, харин гуйвж  дайвах согтуу залуус” хэмээн Муррай хошигнох аж. 

Нутгийн иргэд “Нескафе”-г хамгийн сайн кофе гэж боддог 

Улаанбаатарт барууны амтыг  хурдацтайгаар түгээн дэлгэрүүлж байхад, Монголын хөдөөд харин аажмаар өөрчлөгдөж байна. Эхэндээ Беннийхний бизнес тийм ч амжилттай байсангүй. “Нутгийн иргэд Нескафег хамгийн сайн кофе гэж боддог” хэмээн Лиз хэлэв. Гэсэн ч тэд өөрсдийнх нь өвөрмөц бизнес хэзээ нэгэн цагт амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байжээ. Тиймээс адал явдал хайгч жуулчдад экспрессо кофе, ая тухай амралтын газраа санал болгодог байж. Харин эдүгээ тэдний бизнес нь танигдаж, Улаанбаатар, бусад орон нутгийн аялагч монголчууд тус газрыг зорьж очих болжээ. Монголын хүн амын бараг тал нь Улаанбаатарын зах хэсэгт хууль бусаар амьдарч, ажил хайдаг аж. Бусад жижиг хотуудын нэгэн адил Цэцэрлэг хотын иргэд ч ажил хөдөлмөр эрхлэхээр нийслэл хотыг зорьдог байна.  Нөгөөтэйгүүр, хөдөөд ихэнх ажил улирлын чанартай байдаг аж. Харин өсөлттэй байдаг цөөн хэдэн салбарын нэг нь аялал жуулчлал. Муррайгийн хэлснээр Беннийх эхэндээ тус хотод кофе шопп, амралтын газар ажиллуулах талаар огт тооцоолж байгаагүй гэнэ.