ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Пүрэвдаваа: Бид ээжийнхээ хамаг итгэл, ирээдүй нь байсан

O.Admin
2018-04-30

Энэ ярилцлагыг хийж дуусаад та сонинд тавих ээжийнхээ зургаас өгөөч гэхэд “таб”-наасаа ээжийнхээ зургийг хайнгаа “Хүн гэдэг ч тэгээд муухай юм даа. Зургийнхаа цомгоор дүүрэн хүүхдүүдийнхээ зургийг хадгалчихсан атлаа ээжийн минь зураг ховор байна шүү” гэж хэлэх эл эрхэм бол Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа юм. “Харин тийм ээ. Өнгөрөөд өгөхөөр өмнө нь зул өргөх зураг ч олддоггүй юм билээ” хэмээн гашуун сургамжаасаа хуваалцахад “Амьдрал гэдэг чинь тэр чигээрээ, тэр үед тэгчихгүй яав даа гэсэн харуусал юм даа” хэмээн шүүрс алдсан юм. Бидний ярилцлага ч эхийн хайр, эх хүний нинжин сэтгэлийн талаар өрнөлөө.

-Ярилцлагын булан маань “Сондгой өнцөг” гэдэг нэртэй юм. Өнцөг гэдэг нь нэг л сэдвээр ярилцана гэсэн үг. Сондгой гэдэг нь өөрийн эзэмшсэн мэргэжил, эрхэлж буй ажлаас өөр чиглэлээр ярилцах ёстой. Тиймээс тантай таны ээжийн тань талаар ярилцах хүсэлтэй байна. Та надад ээжийнхээ талаар ярихгүй юу?
-Миний ээжийг Самбуунямын Сэлэнгэ гэдэг. Оросод сургууль төгссөн, эдийн засагч мэргэжилтэй хүн. Үнийн комисс, Шинжлэх ухаан мэдээллийн төв зэрэг газарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүн дээ. Манай өвөө, эмээ уг гарвал нь Сэлэнгэ аймгийн Зүүнхараа буюу Мандал сумынх. “Ширхэнцэг хайрхан”-ы хавиар нутагладаг байсан хүмүүс юм билээ. Манай өвөө, эмээ нар 1920-1930-аад оны үед хотод орж ирсэн гэдэг. Ээжийн хувьд хотын унаган хүүхэд. Харин аав минь Лувсанчимэдийн Даваахүү гэдэг хүн байлаа. Аав холбооны инженер мэргэжилтэй байсан юм. Намайг таван настай байхад автын ослоор өөд болсон. Харин ах дүү нарын хувьд бид эцэг, эхээс дөрвүүлээ. Дээрээ хоёр ахтай, нэг охин дүүтэй, айлын гурав дахь хүүхэд.

-Тэгэхээр та ч бас хотын унаган хүүхэд байх нь ээ?
-Тийм ээ. Миний хувьд одоогийн Баянзүрх дүүргийн долдугаар хороо, Сансарын микрын хүүхэд. Мэдээ орсон цагаасаа л тэнд өссөн. Манайх аптектай 31 дүгээр байр. Тэр хавийн байрнуудад маш олон оросууд байдаг байлаа. Хоёрхон монгол байр байсны нэг нь манайх. Одоо ч ээж минь тэр байрандаа амьдарч байгаа.

-Ээж тань ах, дүү олуулаа биз дээ?
-Үгүй ээ. Ээж маань айлын ганц хүүхэд. Ах дүү төрөл төрөгсөд багатай хүн. Манай гэр бүлийн хувьд бид багадаа аавыгаа золгүйгээр алдсан. Харамсалтай зүйл болсон. Аав маань дөнгөж 36-хан насандаа бурхан болж билээ. Тиймээс миний муу ээж гадаа гарч эр дотор орж эм болж, дөрвөн хүүхдийг ганцаараа өсгөсөн. Хойд эцгийн бараа харуулалгүй өсгөнө гэдэг чинь асар хэцүү зүйл шүү дээ. Хамгийн хэцүү зүйл чинь өвчин зовлон. Бид өвдөхөд л их хэцүү байсан санагддаг. Тухайн үед чинь улсын хөгжил одоогийнх шиг биш. Эмнэлэг ч хэцүүхэн байлаа. Ээж 1990 он гараад л дөрвөн хүүхэдтэй гээд тэтгэвэрт суучихсан. Картын барааны үед хоол хүнс ч ховор. Хүнд цаг үед дөрвүүлэнг нь Их сургууль төгсгөнө гэдэг тийм ч амар зүйл биш. Ээжийнхээ буянд бид бүгд элэг бүтэн, төлөв төвшин амьдарч байна. Ээж минь бидний хувьд амьд бурхан л гэсэн үг.

-Хэцүү цаг үеийг хэрхэн давж байв. Тэтгэврийн хэдэн төгрөгөөр хүүхдүүдээ сургуульд сургана гэдэг хэцүү л байсан нь тодорхой?
-Нэг айхтар бахархаад, яриад байх юу байх билээ. Амьдрал тийм ч сайн байгаагүй учраас бүгд л ээжийнхээ ачаанаас тэгш үүрэлцэх ёстой байсан. Айл айлын амьдрах орчин өөр байх л даа. Ээж их залуугаасаа бидний төлөө бие дааж амьдрах гэж зүтгэсэн. Түүнийг харж өссөн хүүхдүүд чинь аль болохоор ээждээ тус нэмэр болчих юмсан, хэрхэн туслах вэ гэж бодож өссөн. Тортой зүйл бариад ороод ирсэн ч тосч очоод өргөөд өгөх юмсан гэж л боддог байлаа. Ядарч ирээд унтаж байхад нь сэрээчихгүй юмсан гэж бодно шүү дээ. Тухай үеийн бүх л хүмүүсийн адил ганзагын наймаа хийнэ. Би гэхэд сурагч байхаасаа наймаа хийдэг байсан. Бусадтай адил ах нартайгаа, найз нөхөдтэйгөө нийлээд 10 жилд байхдаа наймаа хийж эхэлсэн.

-Та багадаа ээждээ хэр эрхэлдэг хүү байв?
-Тухайн үеийн хүүхдүүд нэг их эрхэлдэггүй байсан. Дээрээ хоёр ахтай, охин дүүтэй хүн чинь эрхэлж юу базаах билээ. Тэгээд ч манай гэрийн хувьд ээж хэнд нь илүү байх нь ойлгомжтой шүү дээ. Гурван бандитай, ганц охинтой хүн чинь охин дүүд л илүү хайртай. Бид ч ялгаагүй ганц охин дүүгээ л гэнэ шүү дээ.

-Та багадаа ээжийгээ гомдоохоор зүйл хэр их хийж байв. Сахилгагүй хүүхэд байв уу?
-Хүүхэд болсон хойно гомдоож байсан байлгүй дээ. Сурагч байхдаа дэггүй, сахилгагүй байгаагүй ч бүрэг ноомой хүүхэд байсангүй. Хүүхдэд дээрэлхээд байхгүй, дээрэлхүүлээд байхгүй алтан дунджийг л барьдаг байлаа. Хаяа хичээл таслах, кино ший үзэх зүйл байлгүй яах вэ. Тэгж л гомдоож, зэмлүүлдэг байсан болов уу. Айлын гурван банди юу эсийг хийх вэ дээ. Хоорондоо ноцолдоно, гэр орондоо үймүүлнэ. Хүүхдийн гаргадаг ааш авирыг л гаргана. Тэгж байхад нэгийг нь өмөөрнө гэж байхгүй. Зодвол бүгдийг нь зодно. Суран бүсээр хэд ороолгоод л тавьчихна. Тэгэхгүй бол банди нар чанга шүү дээ. Ханиа эрт алдчихсан, ах дүү төрөл төрөгсөд багатай хүн хөвгүүдийг тэгж л барихгүй бол хэцүү.

-Ээжийн тань хамгийн сайхан чанар юу вэ. Эх хүн бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц дотоод ертөнцтэй байдаг?
-Бүх хүний ээжүүд тийм байх. Манай ээж бол хүүхдүүддээ маш их итгэнэ. Бид хамаг итгэл, ирээдүй нь байсан. Тиймээс биднийг сайн хүмүүжүүлсэн. Худлаа яриулахгүй, хулгай хийхгүй, шударга байхыг заасан. Түс тас болгож өсгөсөн. Ер нь тэр үеийн хүмүүс тэгж өсгөдөг шүү дээ. Зарчимтай, хүмүүжилтэй болгосон. Ээж зан чанарын хувьд өөрөө зарчимч, шударга хүн дээ.

-Ээжийгээ хэр их баярлуулах юм. Баяр болгоноор л цэцэг бариад давхиж очдог хэсэг байна. Эсвэл өдөр бүр сүү бариад ордог ч хүүхэд байгаа?
-Чадах чинээгээрээ хэлсэн захисныг нь биелүүлэх гэж хичээдэг. Ээж олон жил бие дааж шийдвэр гаргаж, өрхийн тэргүүнээ хийгээд явчихсан учраас өөрийнхөө дураар байвал түүндээ тун ч аз жаргалтай байдаг юм шиг санагддаг. Мэдээж бид баяр болгоноор бүгдээрээ очоод ээждээ баяр хүргэж, идээ ундаа бэлэг сэлт бэлдэх нь байх ёстой зүйл. Гэхдээ ээжид зориулж бэлэг авахаар мөнгө бодлогогүй үрлээ гээд уурлаад байдаг юм. Үнэтэй цайтай зүйл авчихвал наадахыг чинь би хэрэглэх биш гэдэг юм. Харин бид эрүүл саруул, элэг бүтэн амьдарч л байвал их баярлана.

-Та ээжийнхээ ямар гарын хоолонд нь дуртай вэ?
-Ээжийн хийсэн бүх хоол гоё. Манай ээж онцгой мундаг тогооч биш ч гэсэн хийсэн хоолыг нь бид тийм байна, тэр нь ийм байна гэж голж шилж үзээгүй. Тийм эрх ч байхгүй.

-Танаар бахархаж байсан үе хэзээ бол?
-Юу байх вэ дээ. Ээж хүний хувьд үр хүүхэд мундаг боллоо гэж бахархахаас илүү эрүүл саруул, элэг бүтэн, өвчин зовлонгүй байгаасай гэж залбирч, мааниа уншаад сууж байдаг юм. Түүнээс биднийг сагсалзчихна, онгирчих нь гэж боддог ч юм уу, тэр болгон ил тод магтаад байхгүй шүү дээ.

-Та улс төрд бэлтгэгдэж яваа хүн. Олон ч удаа сайн, муугаар бичигдэж байсан. Энэ бүхнийг хэрхэн хүлээж авах юм?
-Нас 70 гарчихсан болохоор залуучууд шиг өдөр тутам нийгмийн сүлжээнд орохгүй л дээ. Гэхдээ мэдээж муу үг модон улбаатай гэгчээр чихэнд нь хүрчихсэн байдаг. Улс төрд ямар ч нотолгоогүй зүйлээр бие биеэ гүтгэдэг болчихсон байна. Би бол ээжид урьдчилаад хэлчихдэг юм. Ийм салбарт орсон учраас гарах үр дагавар нь сайн муу байх болно. Хэрэв энэ салбарт амжилттай явбал нөгөө тал нь муу хэлүүлэх юм шүү. Амжилтгүй явсан ч сайн ч хэлүүлэх юм байхгүй, муу ч хэлүүлэх юм байхгүй гэж улс төрийн мөн чанарыг хэрэндээ л хэлж ойлгуулахыг хичээдэг. Ер нь улс төр бол тэр шүү дээ. Өнөөгийн улстөрчид гэхэд сайн нэртэй хүн ховор шүү дээ. Сонгууль гэдэг чинь уралдаан шиг нэг нь түрүүлж, нөгөө нь хоцорно. Сонгуульд ялагдсан хүнээс хэзээ ч шүүмж тасрахгүй учраас энэ талаар ээжид хэлчих нь амар байдаг.

-Тэгвэл та ээждээ хайртай гэдэг үгийг хэр их хэлдэг вэ. Эрчүүд энэ талдаа жаахан маруухан шүү дээ?
-Хэлэлгүй яах вэ. Ойрхон ойрхон хэлнэ. Өнөөдөр ч ярьсан. Ээждээ байн байн үнсүүлнэ. Ээждээ үнсүүлэх шиг сайхан зүйл хаа байх вэ. Тэрүүгээр урам авна.

-Харин ээжийн тань хувьд танд хайртай гэдэг үгийг хэр их хэлдэг бол?
-Бараг хэлдэггүй шүү дээ. /инээв/ Миний хүү яаж байна. Бие нь сайн уу, үр хүүхдэд нь сайн уу, ажил хунар нь сайн уу гэдэг дээ.