Улсын Их Хурлын 2019 оны гуравдугаар сарын 26-ны ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5 хувь болгосон билээ.
Тус хуулийг Монгол Улсын Их Хурлын албан мэдээлэл болох "Төрийн мэдээлэл" сэтгүүлийн 2019 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 13 дугаарт нийтэлсэн бөгөөд төрийн мэдээлэлд нийтэлсэнээс хойш 10 хоногийн дараа буюу энэ сарын 8-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь байсан. 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувь, алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-5 хувийг нэмж, нийт 9-10 хувиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж алт олборлогч байгууллага, иргэдээс худалдан авч байна.
Монголбанк өнгөрсөн сард 91 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 714 кг алт худалдан авч байсанаас 623 кг дутуу буюу 87 хувиар буурсан үзүүлэлт ажээ. Харин Монголбанк 2019 оны гуравдугаар сард 448 кг цагаан мөнгө худалдан авсан байна.
2019 оны 3 дугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 6 кг алтыг худалдаж авсан үзүүлэлттэй байна.
Монголбанкны алт худалдан авалт өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байгаа нь “Ашигт малтмалын тухай хууль”-д 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү болгосон хуулийн хугацаа 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр дуусгавар болсонтой холбоотой юм.