ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гэгээн сар

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-04-04

Инээдмийн баяраар эхэлдэг дөрөвдүгээр сар нэг л уяруу, гэгээн санагддаг юм. Хамаг амьтан ичээнээсээ гарч, хаа нэгтэй нялх ногоо соёолж, нялх төл газрын мээм тэмтэрч байгаа мэт энд тэнд ганц нэг өвс зулгаах биш хөхөж, хүлхэж байх шиг мэдрэгддэг. Усны шувууд ирж, урин цагийн эхлэлийг далладаг энэ сар хүн бүрийн сэтгэлийн торгон утсыг хөглөдөг байх.

Ханш нээж хүн бүхний сэтгэл тэнийж, нэг их холын учрал зүрх рүү минь шивнэх шиг болно. Энэ цагт хүмүүс бурханы оронд одогсдынхоо газрыг эргэн очиж, ижий, аав, ойр дотныхонтойгоо уулзаж байгаа мэт сэтгэлийн их таашаал авдаг. Магадгүй ханш нээх өдрийг аав, ээж хоёр минь хоног тоолон хүлээж, хүүгээ ирэх байх гэж бурханы орноос харж суудаг ч юм билүү.

Нэг тийм сайхан уяруу гэгээн сар эхэллээ. Шүлэг бичмээр ч юм шиг. Øинийн 15-ны сар гарахыг хүлээж хаа нэгтээ байгаа хэн нэгнийг хүлээн санàгалзан, сэвэлзүүр салхитай шөнө гав ганцаараа суумаар ч юм шиг. Хүмүүний сэтгэлийг хөвөлзүүлсэн ийм л сайхан сарыг бид үдэх гэж он цагийн бичээс хэлхэж явна. Энэ дөрөвдүгээр сард тохиож буй өдрүүд нь ч гэгээн. Тухайлбал, сарын эхэнд буюу 01-нд Олон улсын инээдмийн баярын өдөр, 4-нд

Олон улсын тэсрэх бөмбөг ашиглахаас татгалзах өдөр, 7-нд Олон улсын эрүүл мэндийн өдөр, 23-нд Дэлхийн ном болон зохиогчийн эрхийг хамгаалах өдөр, 28-нд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр, мөн сарын хоёр дахь ням гарагт Мод тарих өдөр тохионо. Эндээс харахад, дэлхий нийтээрээ эрүүл мэндийнхээ төлөө нэгддэг сар гэж харагдах аж. Үнэхээр л гэгээн сар гэхээс өөрөөр нэрлэх аргагүй мэт санагдав.