ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

О.Эрдэмбилэг: Капитал банкинд урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авсан

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-11

Монголбанкнаас “Капитал” банкинд эрх хүлээн томилж, татан буулгах шийдвэр гаргасан билээ. Энэ талаар Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэгээс тодрууллаа.  

-Монголбанкнаас “Капитал” банкинд Эрх хү­лээн авагч томилж, татан буулгах шийдвэр гаргаад байна. Ийм шийдвэр гар­гах үндэслэл юу байсан бэ? 

-ОУВС-гийн хөтөлбөрийн үндсэн бүрэлдэхүүн хэ­сэгт санхүүгийн сал­барыг эрүүл­жүүлэх, бүт­цийн өөрч­лөлтийн арга хэм­жээ­нүүд багтаж байгаа. Энэ хүрээнд Монголын нийт банкуудад Активын чанарын үнэлгээ хийгдсэн. Мөн Активын чанарын үнэлгээнд үндэслээд, банкуудын бизнес төлөвлөгөөнд стресс тест хийсэнээр өөрийн хөрөнгийн дутагдлын дүн гарсан байгаа. Улмаар 2018 оны тавдугаар сарын 8-нд Монголбанкны Ерөнхий­лөг­чөөс арилжааны банкуудад өөрийн хөрөнгийн дутагдлаа нөхөх дүн, хугацааг зааж өгсөн. Тэр хугацаа нь 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нээр дууссан. Жилийн эцсийн тайлан гарсны дараа Капитал банк өөрийн хөрөн­гийн дутагдлаа арил­гаж чадаагүй. Ер нь бол Монголбанк Банкны тухай хуулийн хүрээнд энэ банкинд Активын чанарын үнэлгээг хийхээс өмнө болон хийгдэж байх үед тодорхой арга хэмжээнүүдийг авсаар байсан. Тухайлбал, Банкны хуулийн 48 дугаар зүйлд 16 заалт бүхий урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг тусгасан байдаг. Энэ 16 зүйл, заалтыг нэг бүрчлэн хэрэгжүүлсэн. Мөн бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах боломжтой эсэхийг судалж, төлөвлөгөө гаргаж үзсэн ч хэрэгжүүлэх боломжгүй гэх дүгнэлт гарсан. Тийм учраас өнгөр­сөн даваа гарагт эрх хүлээн авагчийн багийг Монгол­банкнаас томиллоо. 

-20 сая төгрөгөөс дээш дүнтэй хадгаламж, харилцахтай хүмүүс хохир­лоо хэрхэн бараг­дуулах вэ? 

-Монголбанкны ажилтнууд, банкны эрх хүлээн авах зөвлөлийн гишүүд эрх хүлээн авах үйл ажиллагааг аль болох түргэн шуурхай гүйцэтгэж, дуусгахын төлөө ажиллаж байна. Энэ үйл ажиллагаа дуус­саны дараа 20 сая хүр­тэлх төгрөгтэй дүйцэхүйц хэм­жээний хадгаламж, харил­цахтай хүмүүсийн мэдээл­лийг Хадгаламжийн даат­галын корпорацид шил­жүүлс­нээр ХААН банкаар дам­жуу­лан олгох боломж бүрдэнэ. Харин 20 сая дээш дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчид Банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэл гаргах боломжтой. Эрх хүлээн авах үйл ажиллагаа дууссаны дараа Эрх хүлээн авагчийн багаас олон нийтэд мэдээлэл хийх бөгөөд үүнээс хойш 60 хоногийн дотор нэхэмжлэлээ гаргах боломжтой юм. Нэхэмжлэл гаргасны дараа Банкны тухай хууль заасан дэс дарааллаар, хувь тэнцүүлсэн журмаар нөхөн төлбөр олгогдоно.