Дорноговь аймаг ханш нээж дэлхий дэлэгнэх цагаар “Гэр бүлийг дэмжих жил”-ийнхээ нээлтийг хийсэн билээ. Энэ үеэр тус аймгийн Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Одбаяртай ярилцлаа.
-Танай сум өнгөрсөн жил иргэд рүү чиглэсэн, аймгийнхаа хөгжилд хувь нэмэр болохуйц ямар ямар ажлуудыг амжуулав?
-Сайншанд сум анх АИХ-ын тэргүүлэгчдийн1962 оны зургадугаар сарын 20 өдрийн тогтоолоор хотын статустай болсон. Шинэчлэн найруулж баталсан Үндсэн хуулийн дагуу 1992 онд сум болгосон. Одоо долоон баг, 25974 хүн амтай, 17839 толгой малтай. Тавдугаар баг буюу Зүүнбаян Тосгоны статустай. Манай сум 2011 онд Захирагчийн ажлын албатай болсон. Өнгөрсөн хугацаанд 1000 айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангаж ирсэн. “Мандах наран” хорооллын орон сууцны нэг ам метр талбайн хөлс 650 мянган төгрөг байгаа. Нэг давуу тал нь ашиглалтад орсны дараа худалдан авалт хийгддэг. Дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч гээд бүтээн байгуулалтын ажлууд нэлээд хийгдсэн. Өнөө жил цахиур чулуу боловсруулах үйлдвэр ашиглалтад орох гэж байна. Мөн шинэ цэвэрлэх байгууламжийн ажил эхэлнэ. Сайншанд сумыг аж үйлдвэрийн чиглэлээр хөгжүүлэх бодлого барьж байгаа. Харин Хамрын хийд орчмыг аялал жуучлалын чиглэлээр хөгжүүлж дэд бүтцийг нь сайжруулна. Улсын төсвийн хөрөнгөөр Хан баян бүрд байгалийн үзэсгэлэнт газар руу 6.8 км хатуу хучилттай авто зам барихаар боллоо. Тавантолгой-Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ажил эхэлнэ. Энэ ажлыг эхлэх сургаар аж ахуйн нэгжүүд ачилт буулгалтын талбай их авч байгаа. Тэгэхээр Зүүнбаян тээвэр логистикийн чиглэлээр хөгжих боломж бий болж байгаа. Иргэдийн орчин нөхцөл, төрийн үйлчилгээний хүртээмжийг чанартай хүргэх ажлын хүрээнд олон ажлыг хийсэн. Түүний нэг нь өнгөрсөн хугацаанд багийн хөгжлийн төв дөрвийг барьж ашиглалтад орууллаа. Өнөө жил гурван баг хөгжлийн төвтэй болно. Багууд шинэ төвтэй болсноор өрхийн эмнэлэг, цагдаа, багаас үзүүлэх төрийн үйлчилгээг нэг цэгээс авах боломж бүрдэж байгаа. Мөн нийтийн эзэмшлийн гурван талбайг тохижуулж, иргэд ая тухтай чөлөөт цагаа өнгөрөөх бололцоог бүрдүүллээ. Сайншанд сүүлийн жилүүдэд хүн амын механик өсөлт нэмэгдэж, шилжин ирэгсдийн тоо өссөн. Ийнхүү идэвхтэй хотжиж байгаа сумынхаа авто замын гэрэлтүүлгийг бүрэн шийдсэн. Төвлөрлийг дагаад хот төлөвлөлтөө зөв төлөвлөх үүднээс авто зогсоолыг дөрвөөс тав дахин нэмэгдүүлээд байгаа. Өнгөрсөн 2018 оныг “Хотын соёлыг дэлгэрүүлэх жил” болгон зарласан. Энэ нь ч үр дүнгээ өгсөн.
-Сайншанд сумын статустай. Гэтэл та хот төлөвлөлт, хотын соёл гэж яриад байх юм. Надад нэг л бууж өгөхгүй байна?
-Эхлээд иргэдэд хотоо гэсэн сэтгэлгээг суулгаж өгөх ёстой юм. Би хотын иргэн гэсэн бахархал хүн бүхэнд байх ёстой гэсэн бодлоор иргэд рүү чиглэсэн үйл ажиллагааг явуулж ирлээ. Өнөөдөр Сайншанд сум байж болно. Шинээр хэлэлцэх гэж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хот болох төсөл явж байгаа. Гэхдээ уг хуульд хотын статус батлагдсан, батлагдаагүй хамаагүй бид иргэдээ, хүүхэд, залуучууддаа хотын соёлыг эзэмшүүлэх нь чухал. Манай залуучууд нийслэлд очоод хотын соёл сурах биш эзэмшчихсэн байх нь бидний гол зорилго юм.
-Ер нь хотын статустай болсноор давуу тал бий юу?
-Хот болох юм бол татварын орлогоо бүрдүүлж, төлөвлөлтөө иргэдийн оролцоотой зөв хийх бололцоо бүрдэнэ. Хөгжлийн хурд ч нэмэгдэнэ. Иргэд нь хотын даргаа сонгодог байх нь чухал. Ингэж байж хот өөрийн хөгжлөө тодорхойлж, ирээдүйтэй томоохон хөрөнгө оруулалтыг татах, иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зэрэг олон ажлыг хийх боломж бүрдэнэ. Гадаад орнуудын туршлагаас харахад хот байж л хөгждөг нь харагдсан. Тосгон хэчнээн тэмцээд ч хөгждөггүй нь олон жилийн хүн төрөлхтөний аж төрөх туршлагаас харагдаж байна. Би ярианыхаа эхэнд хэлсэн. Сайншанд олон жил хотын статустай хөгжиж ирсэн. Өнгөрснөө санагалзаж байгаа юм биш. Хүссэн хүсээгүй хотын статустай болохыг нийгэм, цаг үе шаардаж байна. Сайншанд хөгжиж олон үйлдвэр, орон сууцны хорооллууд баригдаад эхлэхээр иргэд хот гэсэн ойлголт руу орчихоод байна. Энэ л ойлголтыг нь төгөлдөржүүлж хотын соёл эзэмшүүлэх нь чухал байсан. Иймд “Хотын соёлыг дэлгэрүүлэх жил”-ийнхээ хүрээнд 20 мянган мод тарьж, “Хамтдаа тохижуулья”. “Хотын гудамж”, “Тэгш гудамж” аяныг зохион байгуулж иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн санаачилгаар 300 гаруй сая төгрөгийн тохижилтын ажлуудыг хийсэн. Хүүхэд, залуучуудын оюун ухаан, сэтгэхүй, бие бялдар, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор “Хотын соёл-Бидний оролцоо” аяныг зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд идэвхитэй оролцсон. Дээрх аянуудыг амжилттай зохион байгуулж чадсанаар хог хаях, бусдад хүндлэлтэй хандах гэх зэрэг найман дадал хэвшүүлсэн үр дүнтэй ажил болсон.
-Тэгвэл энэ онд ямар зорилт тавин ажиллаж байгаа вэ?
-Сайншанд сум 2019 оныг “Багийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Хүн ам өсч байгаатай холбоотой тулгамдаж байгаа асуудал их гарч байна. Тэгэхээр багуудаа чадавхижуулж, төрийн үйлчилгээг нэг цэгээс авдаг болгох хэрэгцээ шаардлага байгаа. Иргэд заавал сумын Засаг даргын тамгын газар руу очих шаардлагагүй. Төрийн анхан шатны нэгж болох багаас иргэн бүр хүссэн үйлчилгээгээ авдаг болгоно. Багийн хөгжил чухал. Зүүнбаян буюу тавдугаар багийн хөгжил муу байгаа. Сайншанд хотын статустай болбол Зүүнбаян дагуул хотын статусаар хөгжих боломжтой. Гэтэл тус багийнхан сум болохыг хүсдэг. Дагуул хот байх нь хөгжил илүү л дээ. Тэгэхээр багууд жигд хөгжих хэрэгтэй. Нэг баг хөгжил сайтай нөгөөх нь муу байж болохгүй. Энэ онд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 7,4,1,6 дугаар багуудын гэр хороолол руу цэвэр, бохир усны шугам татна. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар нэг болон гуравдугаар баг руу мөн цэвэр, бохир усны шугам татаж, инженерийн шугам сүлжээний асуудлыг бүрэн шийдвэрлэнэ. Ингэж багийнхаа хөгжил, иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг бүрдүүлж байна.