ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Багш нар цалин нэмэгдүүлэхийг хүслээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-11

Монголын багш нар чуулж, VI их хурлаа хийж байснаас 23 жилийн дараа дахин хуран чуулж байна. Өчигдөр Төрийн ордонд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монгол орны өнцөг булан бүрт соёлын үрийг тарьж, эх орны ирээдүйг авч явах мянга мянган хүүхдийг соён гэгээрүүлж, эрдмийн замд хөтөлж яваа 800 багш хуран чуулж, Монголын багш нарын VII Их хурлыг эхлүүллээ. Хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж, өндөрлөнө.   Их хуралд Монгол Улсын 21 аймгийн 330 сум, нийслэлийн есөн дүүргээс сургуулийн өмнөх боловсролын 184, бага, дунд, тусгай хэрэгцээт, албан бус насан туршийн боловсролын 416, мэргэжлийн боловс­ролын 40, их дээд сургууль, коллежийн 68 багш төлөө­лөгчөөр сонгогдсон аж.  23 жилийн дараа болж буй түүхэн их хурлын нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар үг хэлж, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим багшийг төрийн дээд цол тэмдгээр шагналаа. 

Ерөнхийлөгч Х.Баттулга Их хурлыг нээж хэлсэн үгэндээ “Монголын боловс­ролын салбарын хөгжил цаг үеийнхээ шаардлагад ний­цэхгүй, нийг­мийн эрэлтэд зохист хариуг өгч чадахгүй түв­шинд хүрчээ. Хүний нөөц бэлтгэхэд салбар хоо­рон­дын уялдаа муу, боловс­ролын салбарын бодлогын зал­гамж чанар, тогтвортой бай­дал алдагдсан, улс төрөөс хэт хамааралтай бол­сон нь бүх доголдлын уг шалт­гаан юм. Боловсролын сал­ба­рын­хан яам, түүний харьяа бай­гуул­лагууд, аймаг, нийс­лэл, дүүргийн боловс­ролын газар, хэлтсийн албан хаагчид, бүх шатны сургууль цэцэрлэгийн багш, ажилтнууд хөдөлмөрийн гэрээгээр хү­лээсэн үндсэн чиг үүргээ биелүүлэхийн оронд дээд шатны байгууллагаас тас­ралт­гүй буулгаж буй улс төрийн үүрэг даалгаврыг биелүүлэхэд хамаг цаг, хүчээ барж, ямар ч хэрэгцээгүй давхардсан олон тайлан, тооцоо гаргах, төрийн болон төрийн бус байгууллагаас сонгуульд эртнээс бэлтгэх агуулга бүхий тэмцээн, уралдаан, олныг хамарсан ажилд нухлагдан, ажлын байрны хиймэл ачаалалд дарагдаж байна... Цэцэрлэгийн хүртээмж муу байгаагаас сургуулийн өмнөх боловсролын багш нарын ажлын ачаалал их, сургалтын хөтөлбөр, багш, эцэг эхэд зориулсан зөвлөмж, гарын авлага дутагдалтай, сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгай хангалтгүй байна. Цэцэрлэгийн багш нар өдөрт 10-12 цаг 30-50 хүүхэдтэй тогтмол хэт ачааллаар буюу Хөдөлмөрийн тухай хуульд заасан долоо хоногийн ажлын 40 цагаас 10-20 цагаар илүү ажиллаж байна... Ерөнхий боловсролын сургууль цөөн байгаагаас энэ хичээлийн жилд гэхэд 28 сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Анги дүүргэлт нормативаас давчихаад байхад боловс­ро­лын салбарын зардлын ихэнх хувийг барилга бай­гуу­ламжийн ашиглалтын зардал эзлэх болсон нь зохистой зүйл биш... Хүн амын тоотой харьцуулахад хэт олон их, дээд сургууль, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтээс давсан, зөрсөн мэргэжилтнүүд бэлт­гэж, ажилгүй иргэдийн тоог нэмэгдүүлж, дээд боловсролын нэр хүндийг унагаж, улс орны хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байгаа дүр зургийг яаралтай өөрч­лөх хэрэгтэй” хэмээн боловс­ролын сал­барт тул­гам­даж байгаа асууд­луу­дыг онцолсон юм. Мөн  Монгол Улсад орчин цагийн боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллага бүрэлдэн тогтсоны 95 жилийн ойг тохиолдуулан, ерөнхий боловсролын зөв төлөвлөлт, оновчтой шийдлүүдийг санаачлан хэрэгжүүлэхэд оруулсан өндөр хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн зөвлөх багш Г.Лхаахүүд Монгол Улсын Ардын багш цол хүртээлээ.  Түүнээс гадна,  эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан Нийслэлийн Тусгай боловс­ролын 55 дугаар сургуулийн багш Ч.Ганбилэг, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Ерөнхий боловсролын сур­гуулийн бага ангийн багш Г.Гүндэгмаа тэргүүтэй зур­гаан багшид Монгол Улсын гавьяат багш цол хүртээлээ.

Сайдууд сургууль, цэцэрлэгийн  ачааллыг бууруулахаа амлалаа 

Монголын багш нарын VII их хурлыг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар үг хэлслээ. Тэд хэлсэн үгэндээ Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн ачааллыг бууруулахаар ажиллаж байгаагаа хэлсэн. Мөн шинээр цэцэрлэг, сургууль ашиглалтад оруулахаар ажиллаж байгаагаа ч дуулгасан юм. Тухайлбал Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бид сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд боловсрол олгох сургалтын агуулгыг боловсронгуй болгохоос гадна сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэгээр бүрэн хангана.  Гурван  ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг хоёр ээлжинд шилжүүлж, хот суурин газрын хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах томоохон зорилт тавин ажиллаж байна. Манай улсын төсвийн 20 орчим хувийг боловсролын салбарт зарцуулж, урьд өмнө хийгдэж байгаагүй их бүтээн байгуулалт 2019, 2020 ондуудад өрнөх болно. Өнгөрсөн онд бид нийт 11 сургууль, 27 цэцэрлэг, долоон  дотуур байрны барилгыг ашиглалтад хүлээн авч, хүчин чадлыг 10500 суудлаар нэмэгдүүлж байсан. Харин   2019, 2020 онуудад 61406 суудлын хүчин чадалтай 138 сургууль, 30000 орны хүчин чадалтай 207 цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулна” хэмээсэн юм.  Харин БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Улсын хэмжээнд нийт 28 сургуулийн 8451 хүүхэд гурван ээлжээр хичээллэж байгаа.  2019 оны улсын төсвийн хөрөнгөөр 12440 хүүхдийн хүчин чадалтай 22, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 3440 хүүхдийн хүчин чадалтай дөрвөн сургууль барина. Мөн  Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 640 хүүхдийн хүчин чадалтай нэг, Япон улсын буцалтгүй тус­ламжаар 1400 хүүхдийн хоёр,  нийт 17928 хүүхдийн хүчин чадал бүхий 29 сургуулийг ашиглалтад оруулснаар улсын хэмжээний бүх сургуулийг хоёр ээлжид шилжүүлэх боломж бүрдэнэ. Тулгамдсан асуудлуудыг амжилттай шийд­вэрлэх нөхцөл нь баг­шийн хөдөлмөрийн үнэлэм­жийг зөв тогтоох, цалин урам­шууллын оновчтой тогтолцоо юм. Монгол Улсын Засгийн газраас багш нарын цалин хөлс, нэмэгдэл урамшуулал, тэтгэвэр тэтгэмжийг цаа­шид ч улс орныхоо эдийн засагт гарч байгаа эерэг өөрчлөлтүүдийг дагалдуулж үе шаттайгаар нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурьтай, тийм мөрийн хөтөлбөртэй ажиллаж байна” хэмээлээ.  

Багш нарын Их хурлын төлөөлөгчдийн 79.4 хувь эмэгтэй багш байна 

Боловсролын салбарт ажиллаж байгаа багш, сурган хүмүүжүүлэгчдийн ихэнх хувийг эмэгтэйчүүд эзэлж, ирээдүйн мэргэжилтнүүд, ир­гэдийг бэлтгэж байгааг багш нарын Их хуралд оролцогчдын тооноос харж болно. Тодруулбал, Монголын багш нарын VII их хурлын төлөөлөгчдийн 20.6 хувь нь эрэгтэй, 79.4 хувь нь эмэгтэй багш байгаа юм. 

Насны бүлгээр авч үзвэл, Их хуралд оролцож буй 800 багшийн 12.4 хувь нь 35 хүртэлх насны залуу багш бол 28.8 хувь нь  36-45 хүртэлх насных байгаа аж. Харин  46.7 хувь нь 46-55 хүртэлх насных бол  10.6 хувь нь  56-65 хүртэлх насны багш нар байна.   66-аас дээш насны ахмад багш нарын хувьд 1.4 хувийг эзэлж байгаа ажээ. Их хуралд оролцож байгаа багш нарын ихэнх нь олон жил боловсролын салбарт 20-иос дээш ажилласан аж. Тодруулбал, ирсэн багш нарын 35.4 хувь нь 20-29, 29.2 хувь нь 30-39 жил ажилласан байна.  Мөн 24.6 хувь нь 10-19 жил ажиллаж байгаа багш нар аж.  2-9 буюу харьцангуй цөөн жил ажилласан залуу багш нар 8.3, 40-ээс дээш буюу он удаан жил ажилласан багш 2.4 хувийг нь эзэлж байна. Их хурлын хамгийн ахмад төлөөлөгч Гавьяат багш Цэрэнпилийн Балхаажав, өдгөө 91 настай бол хамгийн залуу төлөөлөгч Налайх дүүргийн 119-р сургуулийн багш Ганбаатарын Тэгшсүрэн 22 настай байв.

“Багшийн ажлын ачаалал их, цалин бага байна”

Монголын багш нарын VII Их хуралд оролцож байгаа багш нараас сэтгэгдлийг нь сонсч, ямар асуудал тулгамдаж байгааг нь асуулаа.  Мөн зарим багш нар дарга нар болон боловсролын салбарт хамтран зүтгэж байгаа мянга мянган багш нараа төлөөлөн үг хэлж, саналаа хүргүүлсэн юм.

н.Сарангэрэл: Сурах бичгийг хичээлийн жилийн эхэнд өгдөг болмоор байна  

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ЕБС-ийн Англи хэлний багш 

-Нэн даруй шийдэх шаардлагатай хэд хэдэн асуудал байна. Сурагчдын өдөр тутмын ачаалал их байгааг анхаарч, нэн даруй бууруулах шаардлагатай. Хамгийн наад захын жишээ нь цаасан болон цахим журналыг зэрэг хөтөлж байгаа. Тэр журналдаа хүүхдүүдийн ирц, ямар хичээл орсон болохоо, хүүхдүүдэд ямар даалгавар өгснийг бичиж, шивж оруулдаг. БСШУС-ын сайдын 2018 оны А425 тоот тушаалаар гаргасан сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх үнэлгээний журмыг хэрэглэхэд сургууль, багш нарт тулгамдсан асуудал их гарч байна. Багш нарын ажлын үнэлгээ энэ журмын зарим заалтуудтай зөрчилддөг. Хөдөө орон нутгийн сурагчдад сурах бичгийн хүрэлцээ муу. Энэ бол нэн түрүүнд шийдэх ёстой асуудал. Сурах бичгийг хичээлийн жилийн эхэнд өгдөг баймаар байна. Тэгэхгүй болохоор хичээлийн жилээс хойш л хэдхэн сурах бичиг ирдэг.

Г.Нанжид: Их, дээд сургуулийн багш нарт мэргэжил дээшлүүлэх төв хэрэгтэй 

“Мандах” их сургуулийн захирал 

-Бүх шатны боловсролын байгууллагын багш нарын мэдлэг чадвар, хандлага, ёс зүйг сайжруулах хэрэгтэй байна. Хүний хөгжил багшаасаа гэдэг. Бид залуу үеэ хөгжүүлье гэвэл багшаа хөгжүүлэх шаардлагатай. Ялангуяа их, дээд сургуулийн багш нарын хөгжлийн асуудал хаягдсан. ЕБС-ийн багш нар гэхэд хөгжлийн төвтэй. Гэтэл МСҮТ болоод их, дээд сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх төв байхгүй байна. Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. 

Д.Дуламсүрэн: 12 жилийн тогтолцоо монгол хүүхдэд тохирохгүй 

Баянхонгор аймгийн Баянлиг сумын ЕБС-ийн Англи хэлний багш 

-12 жилийн сургалтын тогтолцоонд шилжсэн нь олон улсын жишигт нийцсэн байж болох юм. Гэвч монгол хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт тохироогүй. Дунд ангийнхны хичээлийн тоо нэмэгдэж, агуулга маш хүндэрсэн. Багш хичээлээ сайн ойлгуулахын тулд сурагчдын ачааллыг их нэмэгдүүлж, дарамт болдог болсон. Зургаан настай хүүхдийг сургуульд оруулдаг болсноос хойш малчдын амьдралд сөргөөр нөлөөлж байна. Үндсэндээ үүнээс шалтгаалаад мал маллах малчдын тоо эрс цөөрч байгаа. Цаашлаад гэр бүл салалт ч ихэсч байна.  Тиймээс зургаан настай хүүхдийг сургуульд оруулах системээ эргэж харах цаг болсон гэж боддог. 

Н.Эрдэнэжаргал: Боловсролын салбарыг улстөрөөс ангид байлгаач 

Дундговь аймгийн “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн багш 

-Багш гэдэг шавийнхаа толь нь байдаг. Тиймээс багш нарын ур чадварыг маш сайн нэмэгдүүлмээр байна. Хөдөө орон нутгийн багш нарт ажлын байрандаа хөгжих онолын болон бие даасан сургалтын систем гэж байдаггүй. Сургууль, цэцэрлэгийн интернэтийн хурд маш удаан. Мэдээлэл авч, шинээр суралцаж, хөгжих ганц боломж нь энэ. Гэтэл хурд нь удаан учраас хүндрэлтэй. Тиймээс интернэтийн хурдыг нэмэгдүүлж өгмөөр байгаа юм. Мөн сургалтад хамрагдах боломжийг нээж өгөх хэрэгтэй. Сургалтын чанар хангалтгүй байгаагийн нэг гол хүчин зүйл нь багшийн чанартай холбоотой. Тиймээс багш бэлтгэдэг их, дээд сургуулийнхаа чанарыг сайжруулмаар байна. Хамгийн сайн сурлагатай, зан ааш сайтай хүүхдүүдийг багшаар суралцуулбал сайн. Хамгийн гол нь боловсролын салбарыг улстөрөөс ангид байлгах шаардлагатай байна.